Хөл хорионы үед цагдаагийн алба хаагчдыг хүнд нөхцөлд ажиллуулсны улмаас хоёр алба хаагчийн биеийн байдал муудаж эмнэлэгт хүргэгджээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар өчигдөр үүргээ гүйцэтгэж, 24 цаг эргүүлд гарсан цагдаагийн албан хаагч гэртээ харьсныхаа дараа гэнэтхэн цус харваж эмнэлгийн байгууллагад хүргэгджээ. Түүнийг харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хэвтүүлж, алба хаагчийн биеийн байдал дээрдснээр гэрт нь гаргаад байгаа юм байна.
Тухайн албан хаагч хөл хорионы үед 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажилласнаас ийм нөхцөл байдалд хүрсэн гэж ойрын эх сурвалж мэдээлж байна. Дээрхтэй адил шалтгаанаар дахин нэг албан хаагч эмнэлэгт хүргэгдсэн мэдээлэл бий.
Нийслэлд хатуу хөл хорио 12 хоногийн хугацаанд тогтоосон. Ингэхдээ цагдаагийн алба хаагчдыг эргүүлд гаргасан билээ. Гурван ээлжээр ажиллаж байгаа алба хаагчид хоолгүй, зарим нь бүр илүү цагаар хүнд нөхцөлд ажиллаж байна. Тэдний мэдээлж буйгаар гэртэйгээ ойр үүрэг гүйцэтгүүлэх чиглэл өгсөн ч гэрт нь орж хооллох нөхцөлөөр хангаагүй байна. Мөн дарга, ахлахууд нь камераар хянадаг байна. Тиймээс алба хаагчид үүрэг гүйцэтгэхдээ нойр хоолгүй ажиллах нь элбэг байна.