Японы мэргэжлийн сумо бөхийн Харү башё гуравдугаар сарын 14-нөөс 28-ны хооронд Токио хотын "Kokugikan" ордонд болно. Тэгвэл тэмцээнд оролцох сумочдын нэрс буюу "банзүке" гарчээ.
Энэ удаагийн башён дээд зиндаанд Монголын найман сумоч оролцох бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сарын башёд амжилттай барилдсан Терүнофүжи Ган-Эрдэнэ цолоо ахиулахын төлөө өрсөлдөх юм.
Башёгийн барууны манлай бөхөөр ёкозүна цолтой Хакүхо М.Даваажаргал, зүүний манлай бөхөөр ёкозүна цолтой Какүрюү М.Ананд нар гарч зодоглоно.
Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд барилдах Монгол бөхчүүд:
- Ёкозүна цолтой Хакүхо М.Даваажаргал
- Ёкозүна цолтой Какүрюү М.Ананд
- Секиваке цолтой Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ
- Маэгашира 4. Кирибаяама Б.Лхагвасүрэн
- Маэгашира 6. Тамаваши Б.Мөнх-Оргил
- Маэгашира 6. Ичиножо А.Ичинноров
- Маэгашира 9. Хошорюү С.Бямбасүрэн
- Маэгашира 13. Чиёошома Г.Мөнхсайхан
Маэгашира гэдэг нь дээд зиндааны таван цол зэрэглэлийн хамгийн бага нь бөгөөд баруун, зүүн гэсэн хоёр жигүүрт хуваадаг. Маэгашира зэрэглэлтэй бөхчүүдийн өнгөрсөн башёд үзүүлсэн амжилтаас шалтгаалан 1-ээс эхлэн эрэмбэлдэг.