Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар 2009 оноос тунелийн систем ашиглаж байна. Шугам сүлжээ эвдэрч, гэмтвэл зам талбайг заавал ухах шаардлагагүй тус системээр дамжин хялбар аргаар засах боломжтой юм. Сүүлийн үед орон сууц шинээр их баригдаж байгаатай холбоотой инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэл, техник технологийн ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлж байна хэмээн ОСНААУГ-ын инженерийн дэд дарга бөгөөд Ерөнхий инженер С.Батмөнх ярилаа.
ОСНААУГ Улаанбаатар хотын оршин суугчдын хэрэглээний халуун, хүйтэн, бохирын ус татан зайлуулах үйл ажиллагааг 24 цаг тасралтгүй явуулдаг. Өнгөрсөн онд ОСНААУГ 12 мянган хэрэглэгчээс сантехниктэй холбоотой гомдол, мэдээлэлд хариу арга хэмжээ авч ажилласан байна. ОСНААУГ-ын дуудлага хүлээн авах төвд ирсэн дуудлага мэдээллийн 30-40 хувь нь хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой байдаг гэдгийг албаныхан онцоллоо.