АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC)-ийн албан ёсны цахим хуудаснаа учирч болзошгүй гамшигт бэлэн байхыг санууллаа. Ингэхдээ урьд өмнө тохиолдож байгаагүй, өөр нэг ноцтой үзэгдэлд бэлтгэлтэй байхыг зомби буюу амьд үхдэлээр жишээ авч тайлбарласан. Өөрөөр хэлбэл энэ нь зомби бидний амьдралд өнөө маргаашгүй гараад ирнэ гэсэн үг биш. Харин тааж, таамаглах боломжгүй аюул учирвал яах тухай бэлтгэлтэй байхыг сануулж байгаа нь энэ юм.
Өмнө нь хар салхи, газар хөдлөлт, үер гэх мэт онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай гарын авлагыг гаргаж байсан. Эхний алхам бол зомбигийн сүйрэл эсвэл ямар нэгэн гамшиг тохиолдоход бэлтгэх явдал. Хэдэн өдрийн турш хэрэглэх зайлшгүй шаардлагатай зүйлс бүхий яаралтай тусламжийн нөөц бий болгох тухай заажээ. Үүнд: Хүний тоогоор өдөрт нэг галлон буюу 4 орчим литр ус хэрэглэх нөөцтэй байх, муудахгүй удаан хадгалах боломжтой хүнсний бүтээгдэхүүн, шаардлагатай үед хэрэглэх яаралтай тусламжийн эм, эмийн хэрэгсэл, ариун цэврийн болон эрүүл ахуйн бүтээгдэхүүн, хувцас, ор хөнжил, чухал баримт бичиг гэжээ.
Мөн танай бүс нутагт тохиолдож болзошгүй гамшгийн нөхцөл байдалд бэлтгэж, яаралтай холбоо барих хүмүүсийнхээ жагсаалтыг гаргах хэрэгтэй.

Эх сурвалж: CDC