3 хувийн зээлтэй холбоотой түгээмэл асуултад хариулт өглөө

2021 оны 3 сарын 112021-03-11
3 хувийн зээлтэй холбоотой түгээмэл асуултад хариулт өглөө

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгасан “Ажлын байрыг дэмжих зээл”-тэй холбоотой аж ахуйн нэгж, иргэдээс ирж байгаа түгээмэл асуултуудад Монголбанкнаас хариулт өгчээ.

1.      Зээлийг хаанаас авч болох вэ?

Та харилцдаг арилжааны аль ч банканд хандаж зээл авах хүсэлтээ гаргах боломжтой. Одоогоор арилжааны банкууд хүсэлт хүлээн авч, шаардлагатай зээлийн материал бүрдүүлэн олгож эхлээд байна.

2.      Зээлийн нөхцөл юу вэ?

Нэг зээлдэгч буюу аж ахуйн нэгж, түүний хамаарал бүхий этгээдэд олгох зээлийн хэмжээ 500 сая төгрөг хүртэл, зээлийн хугацаа 3 жил хүртэл, зээлийн жилийн хүү 3 хувь, эргэн төлөлтийн график сар бүр тогтмол дүнгээр төлөгдөх нөхцөлтэй.

3.      Зээлийн зориулалт юу вэ?

Зээлдэгч ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн, тогтвортой явуулахад шаардагдах эргэлтийн хөрөнгө бүрдүүлэх, банкнаас  ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх юм.

4.      Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн барьцаа хөрөнгө хангалтгүй бол Зээлийн батлан даалтын сан оролцож байгаа гэсэн. Ямар нөхцөл, шаардлага хангасан хуулийн этгээд хамрагдах вэ?

Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1-д заасан буюу 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн барьцаа хөрөнгийн дутагдалтай хэсэг (үндсэн зээлийн 60 хүртэл хувь буюу 300 сая төгрөг хүртэл)-т батлан даалт гаргана.

5.      Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн тодорхойлолт хаанаас авах вэ? Банканд өгөх шаардлага байгаа юу?

Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1-д заасан буюу 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой байх шаардлагыг хангасан бол заавал тодорхойлолт шаардахгүй.

6.      Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч биш бол 3 хувийн хүүтэй зээлд хамрагдаж болохгүй гэсэн үг үү?

Зээлийн батлан даалтын санд хамрагдаагүй зээлдэгчийн хувьд салбар харгалзахгүй олгох боломжтой. Өөрөөр хэлбэл, тухайн зээлдэгч, аж ахуйн нэгж банкны барьцаа хөрөнгийн шаардлага болон бусад зээлийн шаардлага хангасан бол зээлд хамрагдах боломжтой.

7.      Зээлийг эхний хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөх үү?

Зээлийн эргэн төлөлтийн нийт төлбөр сар бүр тогтмол дүнгээр төлөх бөгөөд 12 сар эсвэл зээлийн нийт хугацааны гуравны нэгээс хэтрэхгүй хугацаагаар үндсэн төлбөрөөс чөлөөлөх боломжтой. Банктайгаа харилцан ярилцаж, зээлийн эргэн төлөлтийн графикт энэ талаар тусгах боломжтой.

8.      Ажлын байрыг дэмжих зээл хэдий хугацаанд олгох вэ?

Зээлийг энэ оны 12 дугаар сарын 31-нийг дуустал арилжааны банкуудаар дамжуулан олгоно.

9.      Хамаарал бүхий этгээд гэдгийг юу гэж ойлгох вэ?

“Хамаарал бүхий этгээд” гэж тухайн аж ахуйн нэгжийн хувьцааны 50 ба түүнээс дээш хувийг эзэмшдэг хувь хүн, хуулийн этгээдийг ойлгоно.

10.  Зээлдэгчид тавигдах шаардлага нь юу байгаа вэ?

a)      Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;

b)      Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцэж тавигдсан бусад шаардлага.

c)      Энэ заалтын а-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг Татварын ерөнхий газар, НДЕГ-ын лавлагаагаар тодорхойлно.

11.  Өмнө нь Зээлийн батлан даалтын сангаар зээл авсан байгаа. Энэ зээлээ дахин санхүүжүүлэх хэлбэрээр зээл авч болох уу?

Болно. Дахин санхүүжилтийн зээлд хамрагдаж болно. Гэхдээ таны энэ зээл Зээлийн батлан даалтын санд хамрагдах боломжгүй. Учир нь Зээлийн батлан даалтын сангийн 3 хувийн зээлд гаргаж буй батлан даалт зөвхөн шинээр олгож буй зээлд хамаарна.

12.  Зээлийн 3 хувийн хүүг ямар нөхцөлд цуцлах вэ?

Зээлдэгч зээлийн төлбөр (зээлийн үндсэн төлбөр, эсвэл хүүгийн төлбөр)-ийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн, бусдад дамжуулан зээлдүүлсэн, зориулалтын бусаар ашигласан бол зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж, хүүгийн дэмжлэггүй бизнесийн зээлд шилжүүлнэ.

 

Санал болгох

Нүүрсний экспортыг Булган-Такашикен боомтоор нэмэгдүүлэх нөхцөл бүрджээ

Нүүрс тээврийн жолооч Covid-19 авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдол илэрснээр Хятадын талаас Монгол Улсын нүүрсний экспортын гол боомтуудын нэг Шивээхүрэн-Сэхэ боомтыг түр хугацаанд хаах шийдвэр гаргаад байсан боловч гуравдугаар сарын 31-нээс машин нэвтрүүлж эхэлсэн ч хэвийн үед өдөрт дунджаар 350 нүүрсний машин гардаг боомтын хөдөлгөөн 5-6 дахин буурсан үзүүлэлттэй гарчээ.

13 өдрийн өмнө
Монголбанк гуравдугаар сард 917 кг үнэт металл худалдан авчээ

Монголбанк гуравдугаар сард 917 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2,9 тн үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 2,4 тонноор багассан үзүүлэлт юм.  

16 өдрийн өмнө
Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 2500 орчим зээлдэгч 153 тэрбум төгрөгийн зээл авчээ

Ажлын байрыг дэмжих зээл: 03 дугаар сарын 29-ний байдлаар 343 аж ахуйн нэгж, 2,088 иргэнд 152.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 38, аж ахуйн нэгжийнх 210 сая төгрөг.

21 өдрийн өмнө
Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 2.8 сая хувьцаа арилжлаа

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 46 ХК-ийн 799,412,668.44 төгрөгийн үнийн дүн бүхий 2.8 сая хувьцаа арилжив.

1 сарын өмнө