Эдгэрсэн иргэд нийгмийн хандлагаас болж ил гарахыг хүсдэггүй

2021 оны 3 сарын 232021-03-23
Эдгэрсэн иргэд нийгмийн хандлагаас болж ил гарахыг хүсдэггүй

Эдгэрсэн иргэд  өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээлэлд хаалттай, коронавирусийн эмчилгээ үйлчилгээний талаар нээлттэй мэдээлэл өгдөггүй. Тэгвэл бид эдгэрсэн иргэнтэй уулзаж ярилцлаа. Халдварын голомтод ажиллаж байгаа эмч нар сайн ажиллаж байгааг тэд  онцолж байна. Харин хамгийн хэцүү зүйл нь халдвар авсан иргэдийг нийгэм гадуурхдаг, олон нийтийн таагүй хандлага  өөрчлөгдөхгүй байгаагаас эдгэрсэн иргэд нээлттэй мэдээлэл өгөхийг хүсдэггүй байна.

 

- Сайн байна уу. Бидэнд мэдээлэл өгөхөөр зөвшөөрсөнд тань баярлалаа. Таны хувьд халдвар хаанаас авсан бэ. Халдвар хэзээ батлагдсан бэ?

- Би “ковид”-ын халдвар авсан хүний ойрын хавьтал болоод зочид буудалд тусгаарлагдсан. Тусгаарлалтанд 7 хоног байх хугацаанд нийт 3 удаа PCR шинжилгээ өгсөн. Эхний хоёр хариу сөрөг гарсан. Хоёр ч хариу сөрөг гарсан учраас халдвар аваагүй юм байна гэж бодсон. Харин яг тусгаарлалтаас гарахын өмнө

3 дахь давтан шинжилгээ авахад хариу эерэг гарснаар эмнэлэг рүү эмчлүүлэхээр явсан байгаа.

Эерэг гарлаа гэдэг мэдээг ХӨСҮТ-ээс залгаж хэлсэн. Дараа нь УОК, Цагдаагийн байгууллагаас холбогдож ойрын хавьтлуудын тандалтын судалгааг гаргадаг юм байна лээ.  Үүнээс хэдэн цагийн дараа Цэргийн төв эмнэлгийн машин ирж авсан.

- Танд халдварын ямар шинж тэмдэгүүд илэрч байсан бэ?  

- Зочид буудалд тусгаарлагдаж байх 6 дахь хоног дээр хоолой бага зэрэг өвдсөн. Энэ талаар эмчдээ хэлэхэд маргааш шинжилгээ авна гэсэн. Ингээд 3 дахь давтан шинжилгээний хариу батлагдсан. Бусдаар бол амтлах, үнэрлэх мэдрэмж алдагдаагүй. Халуураагүй. Хөнгөн гэсэн оноштой байсан. Цэргийн төв эмнэлэгт нийт 18 хоног хэвтэн эмчлүүлсэн байгаа. Нэг өрөөнд дөрвүүлээ байсан. Дөрвүүлээ эмэгтэй.  Хоёр тасаг буюу 8 хүн дундаа нэг ариун цэврийн өрөөтэй нь бага зэргийн хүндрэлтэй байсан.

- Ямар эмчилгээ хийгдэж байсан бэ? Эмчилгээг хүмүүс бас их сонирхдог шүү дээ.

- Эмчилгээний хувьд очсоны маргааш цусны шинжилгээ авч, цээжний рентгенд үзсэн. Тэгээд эмч бас асуумж асуусан. Эхний шинжилгээгээр хөнгөн явцтай гэж гарсан. Тухайн үедээ 4 төрлийн эм, витамин уусан байгаа. Нэг нь болохоор вирусний эм. Өдөрт найман ширхгийг 4 удаа уухаар байсан бол дараагийнхан зүрхний эм. Тэгээд Д, С витаминыг өдөрт 1000 тунгийн агууламжаар уусан. Энэ эмүүдийг ууж явж байгаад 10 дахь хоног дээрээ дахин цээжний рентгенд харуулахад уушгины хатгалгаа үүсч эхэлж байна гэж гарсан.  Энэ үеэс эхлээд нэмэлт антибиотик ууж эхэлсэн. Тав хоногийн турш антибиотик ууж байгаад цээжний рентгенд дахин харуулахад гайгүй болчихсон байна гэсэн. Маргааш нь буюу 16 дахь хоног дээр цусны шинжилгээ авч, дархлаа тогтсон байна гэснээр эмнэлгээс гарсан. Үндсэндээ 18 хоног эмчлүүлсэн. Ихэнх хөнгөн оноштой хүмүүс 14 хоног эмчлэгдэж байсан. Хүн бүрийн өвчний зовиур, шинж тэмдэгээс шалтгаалаад нэмэлтээр уух эм өгдөг. Эмчлэгдэх хоног нэмэгдэх тохиолдол ч байдаг юм байна лээ.

- Эдгэрсэн хүмүүс хаалттай байна, олон нийтэд эмчилгээ үйлчилгээ ямар байсан талаар мэдээлэл өгөхгүй байна гэж олон нийт шүүмжилдэг. Энэ хаалттай, нууцлагдмал байгаа гол шалтгаан юу байдаг вэ?

- Энэ бүхэн нийгмийн сэтгэл зүйгээс хамгийн их шалтгаалдаг. Ажлынхан, байрныхан гэх мэтчилэнгээр анх шинжилгээний хариу эерэг гарсан гэдэг мэдээг сонсоод л халдвартай хүнийг ялгаварлан гадуурхаж эхэлдэг. “Ковид” тусчихсан юм уу. Ойрын хавьтал байх вий дээ гээд л жигшиж эхэлдэг. Эдгэрээд гарсны дараа ч тэр хүмүүст “энэ хүн эдгэрсэн” гэж тархинд нь очихоос илүүтэй халдвартай, эрсдэлтэй хүн явж байна, зайгаа барих ёстой гэсэн нүдээр хардаг.

Харцнаасаа эхлээд л нийгмийн хандлага өөрчлөгддөг учраас хүмүүст мэдэгдэхийг хүсдэггүй. Аль болох мэдэгдэхгүй эдгээд нийгмийн амьдралд оролцохыг хүсдэг. Нийгмийн хандлагаас болоод л мэдэгдэхийг хүсдэггүй.

Одоо жишээ нь хамт олон, байр гудамжныхан хүмүүс анхан шатандаа мэдчихээд тийм их ялгаварлан гадуурхалт үүсгэж байхад нийгэм мэдвэл тэрнээс ч илүү сэтгэл зүйн дарамтыг бий болгоно.  

- Эмнэлгээс гарахад нууцын гэрээ байгуулдаг учраас эдгэрсэн хүмүүс ил гардаггүй гэсэн мэдээлэл явдаг. Энэ үнэн үү. Эдгэрээд гарахад нууцын гэрээ байгуулсан зүйл бий юу?

- Үгүй, тийм зүйл огт байхгүй. Харин эмнэлгээс гарахад санамж бичигт гарын үсэг зуруулсан. Санамж бичиг гэдэг нь гэрийн тусгаарлалтанд байх хугацаандаа гэрээс гарахгүй байх. Гэртээ гарсан эхний өдрөө өрхийн эмнэлэгтээ утсаар мэдэгдэх, халуунаа өдөрт 2 удаа хэмжиж өрхийн эмнэлэг рүү явуулах гэх мэт зөвлөмж байсан. Үүнээс өөрөөр нууцын гэрээ ч юм уу, хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгч болохгүй гэсэн зүйл байгаагүй.

161573007_4109687325718082_7182208692813856508_n.jpg

- “Ковид” гэхээр хүмүүст аймшгийн мангас мэт төсөөлөл бий болсон. “Ковид” тусчих вий гэж хүн бүр айдаг. Таны хувьд тусаад эдгэсэн хүний зүгээс энэ өвчин бодит байдал дээрээ яг ямар байсан вэ?

- Ер нь бол энэ өвчин хүндэрсэн тохиолдолд хэцүү. Миний хувьд уушгины хатгалгаа үүсч эхлээд, эхний шатандаа байсан болохоор антибиотик уугаад зүгээр болсон. Хэрвээ үүнээс хүнд байх юм бол тарианд ордог. Бүүр хүндрэх юм бол амьсгалын аппаратанд ордог. Хүндрэхгүй л байх хэрэгтэй юм байна лээ. Ингэснээр эрсдэл бага үүснэ л гэсэн үг. Учир нь архаг хууч өвчтэй ч юм уу, хожуу оношлогдсон хүмүүст хүндэрч нэлээд хүнд эмчилгээ хийдэг.

- Хамгийн анх халдвар авсан гэдгээ мэдээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

- Би халдвар авсан хүний ойрын хавьтал учраас эхлээд буудалд тусгаарлагдсан гэж дээр хэлсэн. Ойрын хавьтал болсоноо мэдээд харьцангуй тайвнаар хүлээж авсан. Бас ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Харин 6 дахь хоногоос хоолой өвдөх шинж тэмдэг илэрснээс халдвартай байх вий гэж эмээж эхэлсэн. Эерэг гарсан гэсэн хариу сонссоны дараа сэтгэлээр унасан. Учир нь миний хувьд бүхэл бүтэн 7 хоног тусгаарлагдаж гэртээ гарах байсан өдрөө хариу батлагдсан гэсэн мэдээг сонссон. Ер нь давтан шинжилгээ чухал юм байна гэдгийг энэ үед л ойлгосон. Халдвар батлагдахад ойрын хавьтлын хүмүүстээ л их санаа зовдог юм байна лээ. Харин нэгэнт халдвар авчихсан учраас эмчлэгддэг өвчин л гэж бодсон. Эмчилгээндээ ороод эхлэхэд ч эмч нар мэдээлэл сайн өгч байсан.

- Нийгэм, олон нийтийн зүгээс эдгэрсний дараа ямар нэгэн ялгаварлан гадуурхах ч юм уу эсвэл урам өгөх хандлага байсан уу?

- Эдгэрсний дараа коронавирусээр өвчилсөн гэдгийг мэдсэн хүмүүс зайгаа барих ч юм уу, хандлага бага зэргийн өөрчлөгдсөн байсан нь эвгүй санагдсан. Ер нь өдөр бүр “ковид”-ын талаар айдас төрүүлэх мэдэгдэл, мэдээлэл явснаас халдвар авсан хүмүүсийг ялгаварлан гадуурхаж эхэлсэн гэж бодсон.

Хамгийн гол нь эдгэдэг юм шүү гэдгийг хэлэхээсээ илүү “аюултай” гэдэг. Эмнэлгээс бол эдгэрсэн хүмүүсээ л гаргадаг. Дараа нь гэртээ 7 хоноод хэвийн амьдралдаа ордог. Тэр хүн халдвар тараахгүй. Учир нь бүрэн эдгэрснээс гадна дархлаа тогтсон байдаг. Эдгэрсний дараа 6 сар вакцин хийлгэх шаардлагагүйгээр биенд дархлаа үүсдэг гэсэн үг. Тийм болохоор эдгэрээд гарсан хүнээс эмээж, болгоомжлохгүй байгаасай гэж хүсч байна. Эцэст нь эмчилгээ үйлчилгээ сайн ч нийгмийн хандлага халдвар авсан хүний сэтгэл зүйд хүндээр тусдаг юм байна лээ

- Бидэнтэй нээлттэй ярилцсан танд маш их баярлалаа

- Баярлалаа

 

Санал болгох

Шодойн хавдраар өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь эрхтнээ тайруулдаг

Сүүлийн жилүүдэд эр бэлэг эрхтний хорт хавдар ихсэх хандлагатай болжээ. Энэ төрлийн хавдрыг шодойн хавдар гэх бөгөөд эрт үедээ оношлогдоогүйн улмаас бэлэг эрхтнийг тайрах тохиолдол нэмэгдсэн байна. Тэгвэл бид энэ өвчний талаар Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий мэс заслын их эмч Б.Дарьсүрэнтэй ярилцлаа.

2 өдрийн өмнө
Ганцхан хоногийн дотор хандив цуглуулж, сумынхаа ЭМНЭЛГИЙГ түргэний тэрэгтэй болгожээ

Төв аймгийн Жаргалант сумын иргэд сумынхаа Эрүүл мэндийн төвд шинэ автомашин авч өгчээ. Тус сайн үйлсийн аяныг “Жаргалантын хөгжил залуучуудын холбоо” ТББ зохион байгуулсан бөгөөд нэг хоногийн дотор автомашины мөнгө цугларчээ. Хандивт 134 иргэн, ААН, анги хамт олон оролцож нийт 25 сая 666 мянга 500 төгрөг цугларсан байна. Тэгвэл бид сайн үйлсийн талаар “Жаргалантын хөгжил залуучуудын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Даваажаргалтай ярилцлаа.

5 өдрийн өмнө
ҮХЦ нь хүртэл Үндсэн хуулиа буруу тайлбарлаж байгаа нь эмгэнэл

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй эсэх нь маргаан дагуулсаар байгаа. Зарим хуульчдын үзэж байгаагаар Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд байхгүй зүйлийг улстөрийн зорилгоор бий болгохыг шаардан, маргаан үүсгэж байна гэж үзэж байна.  Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа. 

6 өдрийн өмнө
Үе дамжин өвлөгдсөн хуучин АВДРЫГ шинэчлэн засварлаж байна

Эрт үеэс өвлөгдөж ирсэн үнэт өв болох авдрыг орчин үеийн тавилгатай энэ тэнцэхүйц болтол нь засаж шинэчилж буй Б.Эрболдыг энэ удаад онцолж байна. Тэрээр хуучирч муудсан авдрыг өмнөх хийц загвараар нь сэргээн засварлахаас гадна, хэв загварыг нь өөрчилж орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн, шинэчилж байна.

7 өдрийн өмнө