МАХН-ыг барьцаалсан 800 саяын зардалтай нөхөн сонгууль

1
2021 оны 3 сарын 192021-03-19
МАХН-ыг барьцаалсан 800 саяын зардалтай нөхөн сонгууль

Энэ жил хоёр сонгууль болно. Тодруулбал Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль, УИХ-ын 28-р тойрогт нөхөн сонгууль болно. Сонгуулийн ерөнхий хороо хоёр сонгуулийг тус тусад нь хийвэл 1 тэрбум гаруй төгрөгийн зардал гарч, харин хамтад нь зохион байгуулвал 200-300 сая төгрөгт багтааж хийх боломжтойг 2020 оны 12-р сарын 9-нд болсон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын үеэр мэдээлсэн. Тиймээс дээрх сонгуулиудыг хамтад нь хийж сонгуулийн зардлыг хэмнэнэ гэж байнгын хорооны дийлэнх олон дэмжсэн. Гэхдээ СЕХ-ноос хоёр сонгуулийг хамтад нь хийх эрсдэлтэй гэж үзэж байсан юм. Тухайн үеийн байнгын хорооны гишүүдийн онцолж хэлсэн зүйлийг эргэн сануулъя.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: -Ерөнхийлөгчийн сонгууль болон нөхөн сонгуулийн санал авах өдрийг нэгтгэх боломжтой юу?

СЕХ-ны Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ: -УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу эхэлж УИХ-ын нөхөн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Долоо хоногийн дараа  нь Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Сонгуулийн товлон зарлах ёстой 50 хоног нь дуусах гэж байхад СЕХ болон ТББХ яагаад нэгдсэн ойлголтод хүрээгүй байгаа юм бэ. Зардлын тооцоо судалгаа, санал хураалтын өдөр гээд өөр өөр санал хэлээд байна шүү дээ.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нөхөн сонгууль зарлах нөхцөл байдал үүссэн даруйд бид УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн. Дараа нь ТББХ-нд хандаж нөхөн болон Ерөнхийлөгчийн сонгуулийг хамтад нь явуулахад хүндрэлтэй гэж үзэж буйгаа уламжилж байсан. Байнгын хорооноос уг тогтоолын төслийг боловсруулахдаа биднээс санал аваагүй.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан: Энэ хоёр сонгуулийг тусад нь зохион байгуулбал үндсэндээ 1 тэрбум төгрөг зарцуулна. Харин хамтад нь зохион байгуулбал 100 орчим сая төгрөг зарцуулна гэсэн тооцоолол СЕХ-ноос ирүүлсэн. Төр 11 дахин бага зардалтай сонгууль хийх ёстой биз дээ. СЕХ-ны дарга, Нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга нар нь өөр өөр юм ярьж болохгүй. Бид дан ганц зардлыг тооцож байгаа юм биш. Цаг хугацаа, зардал, технологийн хувьд зохион байгуулах боломж байгаа гэж үзэж байна.

Өчигдөр УИХ-ын хаврын чуулган болж нөхөн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлалаа. Ингэхдээ ТББХ-ны дээрх шийдвэрийг өөрчилж, хоёр сонгуулийг тусад нь өөр өдөр хийхээр боллоо. Харин энэ нь улстөрийн ашиг сонирхолтой байж болзошгүй юм. Үүнтэй холбоотойгоор сөрөг хүчнүүдийн төлөөлөл дараах байр суурийг илэрхийллээ.

ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд: Мөнгө хэмнэх үүднээс нөхөн болон Ерөнхийлөгчийн сонгуулийг хамтад нь хийхээр болсон гэж ойлгосон. Үр дүнд нь 100-200 сая төгрөгөөр нөхөн сонгуулийг хийнэ гэж бодсон. Хэрвээ тусдаа хийсэн тохиолдолд нэг тэрбум төгрөгийн зардал гарах нь байна.Яагаад тусдаа зохион байгуулахаар болчихов. Нөгөө талдаа татвар төлөгчдийн мөнгөөр дахиад их хэмжээний санхүүжилт гаргах болж байгаа энэ шийдвэрт хэн хариуцлага хүлээх вэ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат: Нөхцөл байдал ингээд өөрчлөгдөөд байдаг юм уу. Өнгөрсөн 12-р сард сонгуулийг хамтад нь зургаадугаар сарын 9-нд хийнэ гэж шийдвэр гарсан. Тэр үедээ мөнгө хэмнэж байна. СХД-ийн иргэд нэг хоногийн өмнө ч гэсэн УИХ-д төлөөлөх гишүүнтэй болог гэж байсан шүү дээ. Нөхөн сонгуулийг наймааны хэрэгсэл болгож хувиргасан. МАН, МАХН хоёр наймаалцаж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:  Нөхөн сонгуулийг 10-р сарын 10-нд болгож  байгаа асуудал цэвэр улс төрийн ашиг сонирхолтой. Н.Энхбаяр даргаа анхааралтай байгаарай. МАН нөхөн сонгуулийг хойшлуулж байгаа нь нэгдүгээрт С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн санаа. Хоёрт улстөрийнхөө ашиг сонирхлыг биелүүлчихээд нөхөн сонгуулиар таныг хульхидах гэж байна. Тийм учраас нэгдэх асуудалд болгоомжтой хандаарай.

Сөрөг хүчний хэлсэн үнэний ортой. Учир нь ТББХ-ны шийдвэр МАН-ын 100 жилийн ойгоос өмнө буюу хоёр нам нэгдэх эсэхийг шийдээгүй байх үед гарч байсан. Харин одоогийн шийдвэр нэгдүгээрт зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас С.Ганбаатарыг дэвшүүлэхгүй болгох, хоёрдугаарт энэ санаагаа гүйцээгээд ирэх аравдугаар сард нөхөн сонгуульд түнжин хагарч, МАХН-ыг шалдаа буулгах зорилготой. 

200-300 сая төгрөгийн зардлаар хоёр сонгуулийг нэг өдөр хийх боломжтой атал, нэг тэрбум төгрөг зарцуулах гэж байгаа нь цэвэр МАХН-ыг барьцаалах гэж байгаа санаа бололтой.

Санал болгох

ТУЛГА тойрсон: Нийслэлийн "Гуниг"

Нийслэлд эхлүүлээд хаягдаж байгаа, эхэлчхээд дуусч өгдөггүй, эхлүүлэх зөвшөөрөлгүй эхлүүлсэн, эхлүүлэх бодолтой ч ерөөсөө эхлүүлдэггүй гээд олон “Гуниг”-тай ажлууд байдаг.

11 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: Цаг цагаараа байдаггүй...

Хөөгдлөө гээд хэн ч гайхсангүй. Их юм хэлж өгөх аниргүй байдал...

16 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: Намрын "ХИТ" боксын холбоо

Товчхондоо энэ долоо хоног Боксын холбооны долоо хоног байлаа.

17 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: "БИЕЭ" даагсад

Өмнөх хоёр цуврал бичвэртээ намаас нэр дэвшиж байгаа 6 нэр дэвшигчийн талаар бичсэн бол энэ удаад “БИЕЭ” даан нэр дэвшиж байгаа 3 нэр дэвшигчийг онцлолоо.

19 өдрийн өмнө