Ц.Хатанбаатар: Хүний ээж гэнэт явдаггүй, өдөр бүр биднээс холдож байдаг

2021 оны 3 сарын 222021-03-22
Ц.Хатанбаатар: Хүний ээж гэнэт явдаггүй, өдөр бүр биднээс холдож байдаг

Нэрт сэтгүүлч Цэнджавын Хатанбаатартай ярилцлаа. 1989 онд хэвлэгдсэн "Ээждээ захидал бичээрэй" хэмээх номоор нь хүмүүс түүнийг сайн мэднэ. Гурилтай шөл хийлээ гэж ундууцан, хуушуур хийлгэж идээд гарсны маргааш тэр эрхлэх ээжгүй болсон. МАРГААШ хүнд юу ч амладаггүйг тэр сэтгэл зүрхээрээ ингэж мэдэрчээ.

-Та 1990 онд зах зээлд шилжих үед “Залуучуудын үнэн” сонины ажлаа өгөөд дахин хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаагүй. Гэртээ суугаад уран бүтээлээ туурвиж, номоо бичиж эхэлсэн. Та ээждээ ч очих завгүй шамдан ажилладаг байсан ажлаа орхихдоо сэтгэл хоргодоогүй юу? Таныг эргэж ч харалгүй байгууллагаасаа явчихсан гэж ярьдаг юм билээ. 

-Би тэр сонины өрөөнөөс гараад явсан болохоос биш сэтгүүлзүйгээсээ гараагүй шүү дээ. Би сэтгүүлзүйдээ үлдсэн. Ер нь сэтгүүлч хүн эхлээд мэдээ бэлтгэж сурна, хүний захидал боловсруулна, дараа нь алдаг оног тэмдэглэл, найруулал бичнэ. Ном бичтэл маш урт зам туулж тэр хэмжээнд хүрнэ. 1990 онд би хамгийн солиотой гэмээр шийдвэр гаргасан л даа. Тухайн үед нийгэм тогтворгүй. Сэтгүүлзүй ч тэр давалгаанд өртсөн. Манай сонин үнэхээр сайн сонин байсан. 120 мянган хувь гаргадаг Монголын том сонин байсан. Миний өмнө хоёр зам байсан юм. Нам дагах уу? Ном дагах уу? гэдэг. Би хоёр дахийг нь сонгосон.  Энэ бол амаргүй шийдвэр байсан. Сонины ажилдаа үнэхээр дуртай. Одоо  ч хайртай. 

20-иод жил мэрийсэн дуртай ажлаа орхисон. Тухайн үед дөнгөж 40 гарч байлаа. Сайн дураараа гарсан. Одоо бодох нь ээ орж, гарч болох олон хаалгыг өөрөө хаасан хүн дээ, би. Гэхдээ би харамсдаггүй юм. Түүнээс хойш 30 жил өнгөрсөн байна.

Screenshot (58).png

-Тэгээд номоор амьдралаа авч явахад хэр хэцүү байсан бэ?  Тухайлбал, 1990 онд “Ээждээ захидал бичээрэй” номыг 30 мянган хувь хэвлүүлсэн гэдэг. Тэр номнууд бүгд зарагдсан уу?

-Энэ бас нэг солиотой явдал /инээв/. Би 3-р хорооллын эцэст 3 өрөө байранд амьдарч байсан. 30 мянган номыг сэтгэлийн хөөрлөөр гаргачихсан. 30 мянган ном 3 өрөө байранд чүү айтай багтсан. Гэхдээ хоёр жилийн дотор 50 мянган ном зарагдчихсан шүү.  Номоор Монголын нөхцөлд баяжихгүй. Гэхдээ өлсөхгүй байж болно. Одоо би дандаа хөрөг бичиж байна. Хамгийн том шалтгаан бол биднээс хойшхи үед амьдрах хүмүүст тус болохыг л хүсдэг. Нэг барьж авах юмтай байх хэрэгтэй шүү дээ. Энэ хорвоод хүмүүс намайг дурсах шалтгаан байх хэрэгтэй. Манай эхнэр анагаах ухааны доктор эмч хүн, бас л ном бичээд суудаг даа. Тухайн үед би эхнэртэйгээ ярьсан юм л даа. Эхнэр маань хэлэхдээ “Чи дуртай юмаа хий. Энэ айлыг хоолтой, хоолгүй байхыг би даая” гэж хэлж байсан юм. Одоо бодох нь ээ их баярладаг. Гэргий минь мундаг шийдвэр гаргасан. Тэгээгүй бол би өдийд ямар байх байсныг мэдэхгүй. 

-Танд хэзээнээс сэтгүүлч болно гэсэн мөрөөдөл бий болсон бэ?

-Залуу байхдаа шүлэг бичиж үзээгүй хүн байхгүй гэдэг үг ортой байх. Би бас шүлэг оролддог, ном их уншдаг. Энэ нь манай ээжтэй холбоотой. Намайг бага байхад манайх Сонгинохайрхан уулын дэргэд байх цэргийн хороотой ойрхон амьдардаг байлаа. Тэр үеийн цэргийн ангиуд номын сантай. Ээж тэндээс байнга ном авчирна. Сэтгүүлчийн мэргэжил гэдэг миний хувьд их ухамсартай сонголт байсан. Гэхдээ хүрэх зам нь тийм дардан байгаагүй. Тэр үед “Утга зохиол, урлаг” гээд сонин гардаг байсан. Тэр сонинд л шүлгээ нийтлүүлбэл алдартай яруу найрагч, зохиолч дайны мэдрэмж авдаг үе байлаа. 1963 онд Ц.Дамдинсүрэн /Өвгөөдэй/ гуай дээр өөрийнхөө нэг шүлгийг барьж очоод үзүүлсэн юм. Тухайн үед хүүхэд байсан болохоор өхөөрдсөн байх л даа. Тэгээд миний шүлгийг авч үлдээд “Сонингоо харж байгаарай” гэсэн. Тухайн үед би дагалдан хөгжимчин хийдэг байсан. Нойргүй хонон, өнжин өөрийнхөө шүлгийг нийтлэгдсэн эсэхийг хүлээдэг байлаа. 

Нэг өдөр хүн болгон бөөн яриа, Ц.Хатанбаатарын шүлэг гарсан байна гээд л. Би тэр сониныг тасартал нь халааслаад хүнд үзүүлмээр санагддаг тийм л байсан. Сонины хуудаснаас өөрийнхөө нэрийг анх удаа харж байгаа нь тэр л дээ. Ингэж явсаар сэтгүүлчийн мэргэжилтэйгээ золгосон доо. 

-Ц.Дамдинсүрэн гэдэг хүн бол бидний хувьд домог болсон хүн шүү дээ. Тийм хүнд анхны шүлгээ үзүүлнэ гэдэг хувь заяа.

-Том хувь заяа. Би тийм хүнд анхныхаа шүлгийг харуулна гэдэг хүнд ойлгуулж хэлэхэд хэцүү өндөр сэтгэгдэл л дээ. 1990 оны сүүлээр Ц.Дамдинсүрэн гуайтай уулзаад ярилцлага хийсэн юм. Их гайхсан, ийм хүний амьдралыг мэдэхгүй дэргэдүүр нь 20 гаруй жил гүйсэн байсан. 

1963 онд “Утга зохиол, урлаг” сонинд Мянганы Юндэн гэж лимбэ тоглодог хүний тухай бичсэн юм. Намайг голохгүй өөрийнхөө тухай ярьж өгсөн л дөө. Би санадаг юм. “Лимбийн эгшиг” гээд. Нэг өдөр Ц.Намсрайжав багш намайг дуудаж байна гэлээ. Дотроо “За одоо юуг буруу хийчихсэн юм бол” гээд эмээсэн. Яваад ортол сонин барьчихсан сууж байна. Нөхөр зохиолч таны нийтлэл гарсан байна гэв. Энэ бол миний хамгийн анхны нийтлэл. “Лимбийн эгшиг” гэж. Дэргэдээсээ баатраа олсон, ердөө тал хуудас нийтлэл. Тэгээд л цаашаагаа явсан даа.

Screenshot (65).png

-Хожмоо та олонд алдартай “Ээждээ захидал бичээрэй” гэдэг номоо уншигчдад хүргэсэн. Энэ ном АНУ-ын Конгрессийн номын санд очсон. Энэ ном хэрхэн тэнд хүрсэн юм бол?

-Энэ ном надаас асуухгүйгээр их олон газар очсон ном л доо. Байдаг нь бол үнэн.  Жишээ нь Конгрессийн номын сангийн тухайд, би 2000 онд охинтойгоо АНУ-д очсон. Тэнд миний хэд хэдэн ном байсан. Тэр ном яагаад тэнд очсоныг мэдэхгүй байна.  Өөр нэг жишээ бол 2011 онд Хөх хотын “Цолмон” гээд сэтгүүлд уйгуржин монгол хэл дээр гарсан байсан. Энэ тухай бас хэн ч надад хэлээгүй. Надаас шалтгаалахгүйгээр очсон түүхтэй ном. 

-Та ээжийгээ нутаглуулахдаа түүнийг бүтээлдээ мөнхөлнө гэж өөртөө амласан тухайгаа дурдатгалдаа бичсэн байдаг. Энэ ном таны андгай байсан уу? 

-Энэ номын 32 жил болж байна. Анхны номыг уншигчид сайхан хүлээж авсан нь сэдэв нь их ойрхон байсантай холбоотой. Хүн мэдээд байдаг хэрнээ орхигдуулдаг, араас нь дандаа санадаг тийм зүйлийн тухай. Сүүлд бодох нь ээ тэр номондоо ээжийнхээ тухай их бага бичсэнээ анзаарсан. Шинэ хувилбарт ээжийнхээ амьдралын замнал, түүхийг, намайг хүн болгох гэж яаж зовж зүдэрч байсныг нилээн дэлгэрэнгүй бичье гэж бодсон. Манай ээж дөнгөж 60 нас гараад л бурхан болсон. Одоо бодоход амьд сэрүүн байхад нь ээжээсээ өөрийнх нь амьдрал ямар байсныг мэддэггүй, асууж ч байгаагүй юм билээ. 

 Ц.Хатанбаатар:  Гурилтай шөл хийлээ гэж ундууцан, хуушуур хийлгэж идээд гарсны маргааш ээжгүй байгаагүй. МАРГААШ хүнд юу ч амладаггүй.

-Та хүний ганц хүү. Амандаа хийвэл хайлчих вий, алган дээрээ тавибал хөрчих вий гэж их энхрийлж ээж тань таныг өсгөжээ. Гэхдээ санан дурсахаасаа илүү гэмшил энэ номоос харагдаад байдаг юм. Та юунд тэгж их гэмшээд байдаг юм бэ?

-Өөрөө их зөв анзаарсан байна. Гэмшихгүй байх аргагүй /санаа алдав/... Энэ бол гашуун түүх л дээ. Ярихад амаргүй, хэцүү. Ийм юм болсон... Би ер нь хуурсан, хайрсан хоолонд дуртай хүн. Шөлтэй хоолонд сонирхол бага. Ажил ихтэй, ээждээ дандаа очоод байж амждаггүй. Нэг өдөр би ээждээ санамсаргүй гүйгээд очихгүй юу. Тэгтэл манай ээж гурилтай хоол хийчихсэн байсан. Тэгэхээр нь ээждээ “Та намайг ирэхийг мэдсэн юм шиг ийм хоол хийчихсэн ингээд сууж байхдаа яахав дээ” гээд хэлчихсэн. Ээж минь надад “Чамайг ирэхийг хэн мэдэх юм. Ирэх гэж байгаа бол хэлэх нь яасан юм” гэсэн л дээ. Гаднаа хэдий тэгж хэлсэн ч ээж минь мах татаад...хэдэн хуушуур хайрч өгсөн /мэгшин уйлав/.... Маргааш нь ээж байгаагүй... 

Screenshot (74).png

-Цаг хугацаа бүхнийг эдгээдэг гэдэг. Таны сэтгэлдээ тээж байгаа энэ гэмшил эдгээгүй юм байна. 

-Тийм, маргааш нь очиход ээж байгаагүй. Амьдрал юм хэлсэн дээ. Би тэгэхэд ээжийнхээ гараас сүүлчийн удаа цайг нь уугаад, хоолыг нь идэж байна гэж бодоогүй. Маргааш гэдэг чамд юуг ч амлахгүй гэдэг тэр шүү дээ. Миний гэмших бол нэг хэрэг. Харин ээжтэйгээ байгаа, хайрлах, хайрлуулах тэр бүх боломж нь дэргэд бий хүн энийг санаж ухаардаггүй. Боломжийг алдсан хүн л санадаг юм. Тэгэхээр тэр хүмүүсийг л гэмшихгүй байлгах нь миний номын зорилго. Ээжийгээ би илүү анхаараад, илүү хайрлаад явсан бол миний ээж 70 нас хүрэх байж дээ гэж одоо боддог. Хүний ээж гэнэт явдаггүй. Амьдрал дээр тийм юм байхгүй. Өдөр бүр биднээс холдож байдаг. Холдож байгааг нь л  бид анзаардаггүй.

“Ээждээ захидал бичээрэй” номын хэсгээс...

Шинэ хорооллын 26 дугаар байшингийн хажуугаар өнгөрөх болгонд одоо хэр нь сэтгэл шимширдэг юм. Олон ч жил өнгөрч. Бүх юм дөнгөж өчигдөр болоод өнгөрсөн юм шиг санаанд даанч тодхон. Энэ л байшингийн 11 давхарт айлын халаасны жижигхэн өрөөнд ээж минь амьдардаг байлаа.

Хаа нэгтээ ээжтэйгээ уулздаг байсан олон биш ч гэлээ ой ухаанд тод үлдсэн өдрүүдийн дүр зураг сэтгэлд өнөөдөр юутай ихийг өгүүлнэ вэ. Чухам яагаад завгүй байдаг байсан, ээжийнхээ гэрийн хажуугаар ажиггүй өнгөрдөг байснаа одоо ч ойлгодоггүй юм.

Хааяа нэг очиход цахилгаан шат нь ажиллахгүй байвал бөөн уур уцаар болж дотроо бухимдана. Хэдхэн мөч хүлээхээсээ залхуурна. Арваннэгэн давхар өөд шатаар өгсөнө гэхээс л яс янгинах шиг болно. За яршиг заавал орох албатай биш дээ. Замдаа тэгж байгаад нэг оръё гэж бодоод эргээд л алга болж өгдөгсөн.

Арваннэгэн давхрын шатаар ганцхан амьсгаагаар гүйж гарсан намрын харанхуй шөнийн аймшгийг би мартаагүй ээ. Яаж ч мартах билээ дээ. Шөнө дунд ирж намайг дуудан эхнэрийн дулаан өврөөс босгосон тэр хүн “Ээждээ очилгүй болохгүй нь байна шүү” гэсэн гурван үгийг яасан их энгийн хэлсэн гэж санана. Тэгэхэд л би анх удаагаа арван нэгэн давхрын шатаар харвасан сум шиг гарсан юм. Харамсалтай нь би үүрд хожимдсон байлаа. Арван нэгэн давхрын шатаар гарах шиг амархан юм байгаагүй дээ...

-Гэтэл зарим нь ярьдаг. Ээж, аав гэж ярьж нялхамсахаа болиоч ээ гээд буруутгах хүмүүс бий болчихож.

-Хэрвээ чи сайн найз нөхөдтэй болбол үргэлж түүндээ очиж бай. Эс очвол замд чинь хогийн өвс ургаж мэднэ. Найз нөхөд гэдгийг аав, ээж гээд бодоод үзье л даа. Очихгүй удвал замд чинь хогийн өвс ургана гэдэг үнэн. 

-Таны номны өмнөтгөл үгийг 1990 онд яруу найрагч С.Батмөнх агсан бичсэн байдаг. Ээжийгээ нас барсан өдөр Ц.Хатанбаатар амьдарч байсан байшингийнх нь үүдэнд ганцаараа сууж байсан гээд... Эр ганц хүн ижийнхээ үхэлд ч ийнхүү ганцаардагийг тэгэхэд би ойлгосон гэсэн байсан. Хүний ганц хүү байх танд хэцүү байсан уу? Одоо хэцүү байна уу? Ганцаарддаг уу та?

-Хүний ганц гэдэг бол хүсэх юм биш л дээ. Яг бодит амьдрал дээр хэцүү. Гэхдээ хүний ганц ер нь арчаагүй, дураараа байж болохгүй. Хүчтэй байх хэрэгтэй. Хүнээр аргадуулж, өрөвдүүлж хүний сүүдэрт амьдарна гэдэг арчаагүй зүйл. Өөрийгөө чангалж явах хэрэгтэй. 

Ц.Хатанбаатар: Хүнээр аргадуулж, өрөвдүүлж хүний сүүдэрт амьдарна гэдэг арчаагүй зүйл.

-Таныг нас биед хүрсний дараа ээж тань охин үр өргөж авсан. Одоо холбоотой байдаг уу?

-Тийм. Байнга уулзах нь хэцүү. Их жаахандаа ирсэн юм. Одоо том болсон, олон сайхан хүүхдүүдтэй. Одоо бодохоор дахиад л өөрийгөө буруутгадаг. Би амьдралаа зохиогоод явахаар ээж минь их ганцаардсан байх. Би тэрийг эдгээхгүй өөрийгөө л гээд явсан, харгис байж. Гав ганцаараа байх хэцүү байсан байх. Ээжийг минь бурхан болтол охин дүү маань хажууд нь байсан. Цай хоолоо хамтдаа идчихнэ. Ямар ч байсан л хоёулаа...

-Таны номд аавын тухай байгаа. Амь гурван эрдэнэ уулзсан тэр өдөр аав харин эзгүй байжээ гэж... Амь гурван эрдэнэ гэдэг нь таны өвөө, ээж, та гурав уулзсан өдөр. Гэхдээ аав түр биш бүр эзгүй байсан. Та аавыгаа хэр сайн мэдэх вэ?

-Миний амьдрал юмны дандаа араас нь яваад байсан . Би аавыгаа сайн мэдэхгүй. Надад нэг л зураг байдаг. Ээж нэг хальт ярьж байсан юм. Ном их уншдаг, цэргийн эрдэмд сайн, өндөр нуруутай, их цочир, тийм цайлган хүн байсан гэнэ лээ. Намайг төрөхөд аав байгаагүй. 

15 настай байхдаа ганцхан удаа уулзсан. Сайн санадаггүй юм. Одоо бол их боддог. Би 1974 онд Москвад сурч байхдаа аав минь Өмнөговь аймагт байдаг гэж мэдсэн. Аавтайгаа нэг уулзъя гэж бодоод, манай эхнэр ч хамт явъя гээд. Тэгээд би дараа жил сургуулиа төгсчих юм чинь мундаг хүү аав дээрээ очно гээд хойшлуулчихгүй юу. Тэгээд яг дараа жил нь сургуулиа төгсөж ирээд асуутал аав бурхан болчихсон байсан. Тэгээд бас л бодсон МАРГААШ. Тэр үед эхнэр хэлэхэд нь яваад уулзчихгүй яав даа гэж... Бас л нөгөө маргааш... 

Screenshot (73).png

-Уучлаарай, таны аав амиа хорлочихсон юм уу? Би номоос уншихдаа тэгж ойлгосон. 

Үгүй. Ойрын хүнээс нь дуулахад манай аав мал хөрөнгөтэй байсан юм билээ. Ханиад хүрээд бие нь тааруу, халуунтай байсан гэсэн. Тухайн үед малд явсан хүмүүс нь бүтэлгүй байж таарсан юм уу даа. Малаа хураагаагүй байсан гэсэн. Бие нь тааруу, хөлөрчихсөн, халуунтай аав маань мориндоо мордоод өөрөө малынхаа араас явсан. Тэгээд бие нь огцом муудаад өнгөрсөн гэж дуулсан. Муугаар бодвол өөрөөс нь болсон юм шиг сонсогдож байгаа байх. 

-Та номоо хэд хэдэн удаа шинэчилж хэвлэсэн. Эндээс таны үзэл санааны өөрчлөлтийг харж болно. Та залуудаа аавдаа хатуурхаж, түүнийгээ номондоо ч шингээсэн. Дөрөв дэх хэвлэл дээр харин зөөлөрсөн байгаа нь анзаарагдсан. Цаг хугацаа өнгөрөх тусам та түүнийг өршөөсөн юм шиг. Хүний сэтгэлд өршөөлгүй шорон гэж байдаг даа. Та тэр шоронгоос аавыгаа гаргачихсан юм байна гэж би бодсон. 

-Яг зөв. Анхны номд аавдаа арай хатуу сэтгэлээр хандсан зүйл бий. Гэхдээ аав минь яагаад хотод байсан хүн гэв гэнэт хөдөө явж амьдрах болов? Янз бүрийн шалтгаан, миний мэдэхгүй зүйл байж магадгүй шүү дээ гэж бодон зөөлөрсөн. Өөрөө энэ амьдралын сайн муутай тулгарах үед, элгэдэж эмтрээд, ухаан суугаад ирэхийн цагт юмыг янз бүрээр боддог юм билээ. Аавыгаа би өрөвдсөн. Ямар ч байсан миний аав шүү дээ. Хатуу хандаж болохгүй гэдгийг ухаарсан. Би ном унших дуртай хоёр хүний хүү. Тиймдээ ч номд дуртай болсон байх.

Ц.Хатанбаатар: Өөрөө энэ амьдралын сайн муутай тулгарах үед, элгэдэж эмтрээд, ухаан суугаад ирэхийн цагт юмыг янз бүрээр боддог юм билээ.

-Таны ном, бүтээлд нэг хүн орхигдоод байдаг. Энэ хүн бол таны хойд эцэг. Та Даваасамбуугийн Хатанбаатар гэж энэ хүнээр овоглодог. Харин сүүлийн үед ингэж овоглохыг хүсэхгүй байх шиг байна. Цэнджавын Хатанбаатар гэх болсон. Та хойд эцгээрээ овоглох шаардлагагүй гэж бодов уу? Эсвэл ээжийнхээ нэрийг мөнхлөхийг хүсэв үү? 

-Би ээж амьтай хүн. Миний амьдралын уран бүтээлийн тал нь ээж амьтай хүний л бүтээл. Ижийгээрээ овогловол шударга гэж бодсон.

-Та тэр хүний тухай яагаад ном, бүтээлдээ бичдэггүй юм бэ? Тэр хүн хүчирхийлэгч байсан уу?

-Шууд тэгж хэлэхгүй. Хүн чанар талаасаа магадгүй миний ээжид дутуу хандсан байх. Гэхдээ би тэр хоёр хүний хооронд үүссэн зүйлийг нарийн мэдэхгүй, буруу зөрүү ойлгосон юм байж магадгүй. Харин миний нүдэнд харагдснаар ээжийг минь жаргаагаагүй, хайрлаж чадаагүй юм болов уу даа. Сэтгэлгүй хандаж дээ л гэж боддог. Би 30 гаруй жил сэтгүүлзүйн салбарт ажиллахдаа 40 орчим ном бичсэн. Тэр номнуудад би Даваасамбуугийн Хатанбаатар гэж овоглосон байдаг. 

-Жолооч хүн байсан уу?

-Тийм. Гэхдээ тэр хүн миний амьдралд сайн зүйл зөндөө хийсэн. Би 10-р ангидаа ангийнхандаа гомдоод сургуулиа хаях тухай бодож байсан. Тэгэхэд тэр хүн намайг яагаад сургуулиасаа гарна гэж, учрыг нь олноо хоёулаа гээд багш нартай уулзаад сургуульдаа үлдэж байлаа. Тухайн үед тэр хүн тийм үйлдэл хийгээгүй бол би сургуулиа хаячихсан миний амьдрал ямар байх байсныг би мэдэхгүй байна. Ээжийг минь харж хандаад, насны эцэст хань болсон бол би гомдохгүй байсан байх. 

-Хүнд дутуугийн мэдрэмж гэж байдаг. Та аавын хайрыг мэдрэлгүй өссөн. Харин өөрөө сайн аав байж чадсан уу?

-Өөрийгөө сайн аав гэж хэлж чадах хүн ховор болов уу. Би өөрөө тэр дутууг нь мэдэрсэн учраас ядахдаа тэр зүйлийг хүүхдүүддээ мэдрүүлэхгүй юмсан гэж хичээдэг. Сайн аав гэж хэлж чадахгүй гэхдээ муу аав биш. Тухайн цаг үед нь хүүхдүүдийнхээ зам мөрийг залахад эцэг хүнийхээ үүргийг биелүүлсэн. Сайн аав гэж хэлж чадахгүй ч муу аав лав биш. Алдаа гаргаж байсан уу гэвэл би хүлээн зөвшөөрнө. 

Screenshot (59).png

-Та охиноо “Алтны магнат” гэгддэг Ц.Мянганбаяртай суухад хэрхэн хүлээж авсан бэ?

-Хүүхдүүдийнхээ амьдралд оролцдоггүй. Гэхдээ энд сайн, муу тал байгаа байх. Миний ач хүү 14 настай. Энэ нөхрийг хүний дайтай болгохын тулд амьдралын шалгууруудтай тулгарахад тэгж, ингэж хэлнэ дээ гээд бүр төлөвлөгөө гаргачихсан. Охины маань тухайд тухайн үед би залуу байсан дөнгөж 40 гарчихсан. Оролцох үедээ хүний эцэг оролцох ёстой л юм билээ.

-Та охиноо сэтгүүлч болгоно гэж бодож байсан гэж сонссон.

-Уран бүтээлч хүнд туурвисан бүтээл, дурсамж архив гэж бий. Тодорхой хэмжээгээр тэр зүйлсээ өвлүүлж үлдээх хэрэгтэй. Нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав хэлэхдээ, ямартай ч миний хүү аавынхаа хэдэн нотыг амь шигээ хамгаалаад явах байхаа гэж ярьж байсан. Хүү нь бас хөгжмийн хүн л дээ. 
Миний охин их сэргэлэн, хэл сайтай, уран сайхны мэдрэмжтэй, бичих сонирхолтой. Би охиноо сэтгүүлч бол гэж шахаж шаардаагүй л дээ. Миний бичсэн хэдэн номыг минь хамгаалаад, архивлаж цэгцлээсэй гэсэн дээ энэ мэргэжилд ороосой гэж бодсон тал бий. Тэгээд сэтгүүлзүйн салбарт орсон ч бизнесийн салбарт ажиллаж байна. Ямартай ч ном бүтээл минь эзэнтэй. 

-Та сэтгүүл зүйн мэдрэмжээ охиндоо өвлүүлсэн, харин зээ хүүдээ хөгжмийн мэдрэмжээ өвлүүлэх гэж оролдов уу?

-Миний ажил хөдөлмөрийн замнал хөгжмөөр эхэлсэн. Миний хөдөлмөрийн дэвтэрт 1962 оны  9-р сарын 17-нд Монгол кино үйлдвэрийн Симфони найрал хөгжимд дагалдан хөгжимчнөөр оров гэж байдаг. Түрүүн Эдийн засгийн дээд сургууль гэж ярьсан. Тэр сургуульд үнэндээ хэд хоног сураад хаясан. Удалгүй Гадаад яамны ойролцоо алхаж яваад хөгжмийн чимээ сонсоод шууд л яваад орсон. Ц.Намсрайжав багшийн өрөөний хаалгыг тогшоод “Би танайд ормоор байна” гэтэл намайг юу чаддаг хүүхэд вэ гэлээ. 

1960-аад оны үед нийслэл, аймаг гэлтгүй ихэнх сургууль гуулин хөгжмийн хамтлагтай байсан. Би 6-р арван жилийн хөгжмийн хамтлагийн гоцлол нарийн бүрээ үлээдэг. Багш нар миний гар, сонсголыг шалгалаад хийл хөгжим надад өгсөн. Тэр цагаас хойш долоон жил хамгийн нандин, торгон хөгжим болох хийлийг тоглосон доо. Одоо хэр нь сонгодог хөгжимд дуртай. Хүнд хөгжмийн боловсрол, мэдрэмж ямар ч мэргэжлийн хүнд маш хэрэгтэй. 

Screenshot (96).png
Зээ хүүгийн хамт

Зээ хүүгээ хаана сургах вэ гэж охинтойгоо ярилцсан. Охин маань Олон Улсын дунд сургуульд оруулах хүсэлтэй. Би болохоор МУ-ын консерватори руу оруулмаар байсан. Гэхдээ охиныхоо шийдвэрийг дагасан. Харин 6 настай байхад нь МУ-ын консерваторид гар, сонсголыг нь шалгуулаад төгөлдөр хуурын ангид давхар оруулсан. Одоо хичээллээд 8 жил болж байна. 

Зээ хүүгээ тайзан дээр оркестртай байгааг нь харах юмсан гэж мөрөөддөг. Өнгөрсөн жил дуурийн теарт оркестртай төгөлдөр хуур тоглосон. Тэнд л миний туйлын зорилгын нэг хэсэг байсан. Би зургаан ач, зээтэй. Миний үр хүүхдүүд бүх юм нь тэгш сайхан Монгол орондоо жаргалтай амьдраасай л гэж бодож байна. Жирийн хүний хүсэл энэ байх даа. 

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Сайн сайхныг хүсье. Урт удаан наслаарай.

-Баярлалаа. 


 

Санал болгох

Шодойн хавдраар өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь эрхтнээ тайруулдаг

Сүүлийн жилүүдэд эр бэлэг эрхтний хорт хавдар ихсэх хандлагатай болжээ. Энэ төрлийн хавдрыг шодойн хавдар гэх бөгөөд эрт үедээ оношлогдоогүйн улмаас бэлэг эрхтнийг тайрах тохиолдол нэмэгдсэн байна. Тэгвэл бид энэ өвчний талаар Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий мэс заслын их эмч Б.Дарьсүрэнтэй ярилцлаа.

2 өдрийн өмнө
Ганцхан хоногийн дотор хандив цуглуулж, сумынхаа ЭМНЭЛГИЙГ түргэний тэрэгтэй болгожээ

Төв аймгийн Жаргалант сумын иргэд сумынхаа Эрүүл мэндийн төвд шинэ автомашин авч өгчээ. Тус сайн үйлсийн аяныг “Жаргалантын хөгжил залуучуудын холбоо” ТББ зохион байгуулсан бөгөөд нэг хоногийн дотор автомашины мөнгө цугларчээ. Хандивт 134 иргэн, ААН, анги хамт олон оролцож нийт 25 сая 666 мянга 500 төгрөг цугларсан байна. Тэгвэл бид сайн үйлсийн талаар “Жаргалантын хөгжил залуучуудын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Даваажаргалтай ярилцлаа.

5 өдрийн өмнө
ҮХЦ нь хүртэл Үндсэн хуулиа буруу тайлбарлаж байгаа нь эмгэнэл

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй эсэх нь маргаан дагуулсаар байгаа. Зарим хуульчдын үзэж байгаагаар Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд байхгүй зүйлийг улстөрийн зорилгоор бий болгохыг шаардан, маргаан үүсгэж байна гэж үзэж байна.  Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа. 

6 өдрийн өмнө
Үе дамжин өвлөгдсөн хуучин АВДРЫГ шинэчлэн засварлаж байна

Эрт үеэс өвлөгдөж ирсэн үнэт өв болох авдрыг орчин үеийн тавилгатай энэ тэнцэхүйц болтол нь засаж шинэчилж буй Б.Эрболдыг энэ удаад онцолж байна. Тэрээр хуучирч муудсан авдрыг өмнөх хийц загвараар нь сэргээн засварлахаас гадна, хэв загварыг нь өөрчилж орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн, шинэчилж байна.

7 өдрийн өмнө