Дэлхийн хүүхдийн уран зургийн уралдаанд монгол хүүгийн бүтээл онцгойрлоо

2021 оны 3 сарын 262021-03-26
Дэлхийн хүүхдийн уран зургийн уралдаанд монгол хүүгийн бүтээл онцгойрлоо

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3-р сургуулийн 10-р ангийн сурагч Б.Лочингийн уран зураг “Дэлхийн хүүхдийн урлангийн үзэсгэлэн”-д тусгай байранд шалгарлаа. Японы Канагавагийн Дэлхийн хүүхдийн урлагийн үзэсгэлэнгийн уралдаанд Монголоос есөн хүүхдийн бүтээлийг илгээжээ. 1981 оноос хойш хоёр жил тутам зохиогдож ирсэн энэ үзэсгэлэнд дэлхийн 56 орны хүүхдүүд 8062 бүтээл илгээснээс монгол хүүхэд анх удаа “Канагавагийн шагнал”-ын эзэн боллоо. Бид Говь-Алтай аймаг руу холбогдож, Монголынхоо нэрийг ОУ-д гаргасан зураач хүү Б.Лочинтой ярилцлаа.

- Сайна байна уу? Сайн уу, ОУ-ын уралдаанд оролцсон бүтээл чинь шагналт байрт шалгарчээ. Баяр хүргэе! Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

- Баярлалаа. Дэлхийн олон орны хүүхдүүдийн 8062 бүтээл дундаас миний бүтээл тусгай байранд шалгарсанд маш их баяртай байна. Энэ мэдээг манай сургуулийн захирал цахим сүлжээнд нийтэлснийг анх хараад мэдсэн. Үнэхээр их, бүүр маш их баяртай байгаа. Өнгөрсөн оны есдүгээр сард Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгийн сургуулийн хүүхдүүдийн дунд “Уур амьсгалын өөрчлөлт, үүний хүүхдэд нөлөөлөл” сэдвээр гар зургийн уралдаан болсон. Миний зурсан зураг уралдаанд тэргүүлж, улсын хэмжээний уралдаанд оролцсон юм. Улсад шалгараад Японы Канагавагийн Дэлхийн Хүүхдийн урлагийн үзэсгэлэнгийн уралдаанд оролцоод шагналт байрт шалгарсан сайхан мэдээг 2 хоногийн өмнө сонслоо. Би Олон Улсын уралдаанаас шагнал авна гэж огт бодоогүй. Өөртөө ч итгээгүй, хүүхдүүд, багш нар, гэр бүлийнхэн маань ч баяр хүргээд, их баяртай байгаа.

- Бүтээлээрээ дамжуулж ямар санаа илэрхийлэхийг зорьсон бэ? Ямар сэдвээр зурсан бэ. Сэдвийг цаанаас нь өгсөн байсан уу?

- Сэдвийн хувьд уур амьсгалын өөрчлөлтийн сэдэвтэй байсан. Миний хувьд зурах сэдвээ нэг хоногийн турш бодож, гурав хоног зургаа зурсан. Уур амьсгалын өөрчлөлт, агаарын болон хөрсний, дуу чимээний гэсэн бохирдлыг гаргаж харуулахыг хичээсэн. Дэлхийн хөгжил нь өндөр шилэн барилгаар хэмжигдэх биш харин байгаль, эх дэлхийтэйгээ зөв зохистой харьцаж, байгаль экологи тэнцвэртэй байх юм бол хөгжлийг нь илэрхийлж байгаа гэсэн үг. Зургаараа эх дэлхийгээ хайрлаж, хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал шүү гэдгийг харуулахын тулд автомашины зам руу ногоон зүлэг түрээд, тоглож яваа хүүхдүүдээр дамжуулан гол санаагаа илэрхийлэхийг хүссэн байгаа. Зургаа А3 цаасан дээр зурж илгээсэн.

3.jpg

Б.ЛОЧИН: АНХ УДАА ОУ-ЫН УРАН ЗУРГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН

- Чиний хувьд өмнө нь ОУ-ын чанартай тэмцээн уралдаанд оролцож байсан уу?

- Үгүй, өмнө нь огт оролцож байгаагүй. Энэ удаагийнх нь ОУ-ын уран зургийн тэмцээнд оролцож байгаа анхны тохиолдол учраас маш их баяртай байна. Тэр бүү хэл улсын чанартай тэмцээн уралдаанд оролцоход орон нутагт байдаг болохоор Улаанбаатар хот руу зургаа явуулахаас эхлээд асуудал их бий. Замдаа эвдэрч, алга болох зэргээс эхлээд хэцүү байдаг. Би нэг удаа уралдаанд оролцох гээд хот руу зургаа автобусаар явуулсан ч замдаа алга болж байсан. Жолоочоос нь асуухаар “Мэдэхгүй” гээд байдаг юм байна лээ. Түүнээс хойш явуулаагүй.

- Багаасаа зураг зурах дуртай байсан уу? Уран зураг зураад хэр хугацаа өнгөрч байна вэ?

- Би 10 жилийн өмнөөс зураг зурж эхэлсэн. Ээж маань гоё зурдаг хүн бий. Намайг цэцэрлэгт байхад ээж дэмжиж, зургийн уралдаанд оролцуулдаг байсан. Сургуульд ороод зургийн багшийнхаа дугуйланд явдаг болсон. Одоо өөрөө бие дааж зурж байгаа.

- Ямар сэдвээр зурах дуртай вэ? Уран зураг зурахын хамгийн сайхан нь юу байдаг вэ.

- Би байгалийн сэдэвтэй зураг зурах дуртай. Зураг зурах үедээ маш их тайвшралыг мэдэрдэг. Чимээгүй, нам гүм орчинд зургаа зурахад амар амгалан сайхан байдаг. Уран зургаар хичээллэснээр анхаарлаа сайн төвлөрүүлж сурдагаас гадна бүтээлч байдал нэмэгддэг болохоор их хичээнгүй болсон. Манай сургуулийн хүүхдүүд зураг зурах сонирхолтой байдаг ч уралдаан болдоггүй болохоор зарим нь шантраад больчихдог. Би сургуулийнхаа болон аймгийн хэмжээнд болдог зургийн уралдаанд тогтмол оролцож, амжилт үзүүлэхийг хичээдэг

11.jpg
7.jpg

Б.ЛОЧИН: ЗУРГИЙН БАГШ БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ

- Зураг зурахад хүндрэлтэй зүйл байдаг уу. Орон нутагт зургийн хэрэгсэл хэр олдоцтой байдаг вэ?

- Уран зургийн хэрэгсэл орон нутагт үнэтэй, ховор байдаг. Тийм учраас би цаас болон усан будгийн хэрэгсэлээ УБ хотоос захиж авхуулаад зургаа зурдаг.

- Чиний мөрөөдөл юу вэ? Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ?

- Би ирээдүйд зургийн багш болох мөрөөдөлтэй. Чимээгүй, нам гүм өөрийн гэсэн урлангийн газартай болохыг хүсдэг. Тэндээ өөрийнхөө хүссэн бүх зургийг зурна гэж мөрөөддөг. Зураг зурахад орчин маш чухал юм шиг санагддаг. Би чимээгүй л газар байвал зураг зурмаар санагдаад байдаг.

- Чи 10 жилийн хугацаанд хэр их зураг зурсан бэ? Уран зургаар хичээллэж байгааг чинь хараад ангийхан хүүхдүүд зургаар хичээллэх сонирхол нэмэгдэж байна уу.

- Олон зураг зурсан. Үүнээс чанартай хэд хэдэн зураг бий. Өнгөрсөн намар сургуульдаа өөрийнхөө бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан. Тэр үед хүмүүс зургийг минь маш их сонирхож байгаа харагдсан. Ангийн маань найзууд зураг зурахыг зааж өгөөч гэж их сонирхож байгаа. Заримдаа хүмүүс зурсан зургаа зарах уу гэж асуудаг. Хааяа зургаа зараад олсон мөнгөөрөө зургийн хэрэгсэл авдаг байгаа.

- Бидэнтэй холбогдож ярилцсанд байярлалаа. Улам их амжилтыг хүсье!

- Баярлалаа. Та бүхний ажилд бас амжилт хүсье!

12.jpg

 

 

Санал болгох

Дархан-Уул аймагт нийт тохиолдол 324 боллоо

Дархан-Уул аймагт сүүлийн 24 цагт 96 сорьцод шинжилгээ хийхэд 39 тохиолдол нэмэгдэж нийт тохиолдол 324 боллоо.

1 өдрийн өмнө
Хүүхдүүд халдвар авах нь эрс нэмэгджээ

Хүүхдүүд халдвар аваад шинж тэмдэггүй, хөнгөн балархай хэлбэрээр халдварыг тээн, бусдад тараасан тохиолдол гарсаар байна.

1 өдрийн өмнө
Дархан-Уул аймагт халдварын эрсдэлтэй байршлуудаас маргааш шинжилгээ авна

Дарханд сүүлийн 24 цагт 441 сорьцод PCR шинжилгээ хийхэд 14 эерэг тохиолдол  батлагдсан байна. Ингэснээр 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар шинээр бүртгэгдсэн халдварын тоо 182 боллоо. Шинээр батлагдсан 14 тохиолдлын хувьд: 

6 өдрийн өмнө
Зарим нутгаар хүчтэй шороон шуурга болж цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагджээ

Өнгөрсөн хоногт буюу 2021 оны 04 дүгээр сарын 14-15-нд өдрүүдийн цаг агаарын Аюултай болон Гамшигт үзэгдлийн тойм:

6 өдрийн өмнө