Оюутны буцалтгүй тусламж төрийн сангаас орж ирэхгүй 2 жил дамнаснаас сургуулиа төгсч чадахгүй болжээ

2021 оны 3 сарын 242021-03-24
Оюутны буцалтгүй тусламж төрийн сангаас орж ирэхгүй 2 жил дамнаснаас сургуулиа төгсч чадахгүй болжээ

Жил бүр Сургалтын төрийн сангийн санхүүжилт асуудал дагуулдаг. Энэ нь сүүлийн хоёр жил илүү даамжирч байна. Оюутны сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгохгүй байгаагаас хөгжлийн бэрхшээлтэй оюутан энэ хавар сургуулиасаа төгсөж чадахгүй хүнд байдалд ороод байна.

  • Сайн байна уу. Таны хувьд аль сургуулийн хэддүгээр курс вэ?
  • Сайн сайн байна уу. Би МУИС-ийн 4-р дамжаанд суралцдаг. Төгсөх курсийн оюутан. Энэ хавар төгсөх юм. Гэвч сургалтын төлбөр дээр асуудал үүсээд, хоёр хичээлийн жилийн нүүр үзэж байна. Сургалтын төрийн сангаас оюутны зээл, буцалтгүй тусламж гэсэн хоёр төрлөөр оюутнуудад дэмжлэг олгодог. Би бол буцалтгүй тусламжаар сурдаг. Тэр нь өргөдөл өгөөд тодорхой хэдэн шалгуур хангасан зорилтот бүлгийн хүмүүст  олгодог гэсэн үг. Журам нь тодорхой байдаг. Ер нь бол бүтэн өнчин, эцэг эхийнхэн аль нэгэн юм уу эсвэл хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан байх, эсвэл суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт шаардлагуудыг хангасан оюутан зөвхөн нэг удаа бакалавр юм уу, магистрын хөтөлбөрт сурахдаа төрийн сангаас буцалтгүй тусламж авдаг байгаа.
  • Таны хувьд буцалтгүй тусламжийн аль төрөлд нь хамаардаг вэ?
  • Миний хувьд өөрөө хөгжлийн бэрхшээлтэй. 60-аас дээш хувиар хөдөлмөрийн чадварын алдагдалтай, хөгжлийн бэрхшээлтэй учраас буцалтгүй тусламж авдаг байгаа. Ерөнхийдөө суралцах явцдаа 3.2-оос дээш голч дүнтэй байхыг шаарддаг. Хэрвээ дүн багасвал дараагийн улиралд орж ирэх ёстой санхүүжилтыг зогсоодог байгаа. Миний хувьд голч дүн байнга 3.2-оос дээш дүнтэй сурдаг. Суралцаж байх явцдаа бүх шаардлагыг нь хангасан, гэрээгээ зөрчсөн зүйл байхгүй.
  • Буцалтгүй тусламж хэзээнээс орж ирээгүй вэ? Үүнээс үүдээд ямар асуудал тулгарч байна вэ?
  • 2020-2021 оны хоёр хичээлийн жилийн санхүүжилт орж ирээгүй байдалтай байгаа. Төрийн сангийн зээлээр суралцаж байгаа оюутнуудын төлбөрийн санхүүжилт 4-р сард   орохоор болсон. Сангийн яам болон БШУЯ хоёр хоорондоо зөвшилцөөд ирэх сараас Боловсролын зээлийн сангаар суралцдаг оюутнуудын төлбөрийн санхүүжилт олгохоор болсон шийдвэр гарсан байна лээ. Гэтэл үүнд нь буцалтгүй тусламжаар суралцдаг оюутнуудын санхүүжилтын асуудал орхигдчихсон. Буцалтгүй тусламжид ерөнхийдөө бол ар гэр нь амьдралын боломж тааруу, хөгжлийн бэрхшээлтэй, өөрсдөө хөдөлмөр эрхлээд сургалтын төлбөрөө төлөх боломжгүй, Бүтэн өнчин зэрэг төлбөрөө төлөх тал дээр асуудалтай зорилтот бүлгийн хүмүүс л энэ категорит хамаарагддаг. Гэтэл энэ бүлгийн хүмүүсээ орхигдуулаад, төсвийг нь танаж байгаа нь маш буруу гэж харж байна. Үүнээс үүдэд эдгээр хүмүүсийн сурах эрх зөрчигдөж байгаа учраас дуу хоолой нь болж илэрхийлэхийг хүссэн юм.
  • Ирэх сараас сургалтын төрийн сангаас оюутны зээлийн санхүүжилт орж ирэх юм байна. Үүнд буцалтгүй тусламжийн санхүүжилт хамаарахгүй байгаа гэдгийг нарийн тодруулсан уу? Холбогдох газрууд ямар хариу өгсөн бэ?
  • Хэд хэдэн шатны төрийн байгууллагаас тодруулсан. Тэгэхэд 2020 оны санхүүжилт 10 тэрбум төгрөг орж ирэх байсан. Энэ нь жил бүрийн төрийн сангийн зээл болон буцалтгүй тусламжаар суралцдаг оюутнуудын дундаж төсөв. Гэтэл өнгөрсөн онд сонгуулийн жилтэй холбогдуулаад 3,5 тэрбум төгрөг болгож танасан юм байна. Тухайн үедээ Боловсролын зээлийн санг хариуцаж байсан захирал, удирдлагууд солигдсон. Гэвч шинэ удирдлагууд санхүүжилтгүйгээс шалтгаалаад оюутнуудын суралцах эрх зөрчигдөж байгаа талаар цаашаа холбогдох байгууллагуудад уламжлаагүй гэж ойлгосон.  Манайх хэрэгжүүлэгч байгууллага болохоос шийдвэр гаргагч биш учраас төсөвлөгдсөн санхүүжилтын хүрээнд л ажилладаг гэж тайлбарладаг. Сангийн яамнаас анхнаасаа төсөв батлагдахдаа бага хуваарилагдсан гэсэн.
  • Холбогдох байгуулагууд руу давтагдсан тоогоор хичнээн удаа хандсан бэ?
  • Өчнөөн олон удаа хандсан. Эхлээд аль байгууллага руу хаана хандахаа мэдэхгүй байсан. Мэдээлэл тодруулах гэхэд өөр өөр хүн заагаад л. Зээл хариуцсан хүн “би энэ асуудлыг мэдэхгүй, буцалтгүй тусламж хариуцсан хүнээсээ асуу” гэх мэтчилэн хариулт өгдөг. Боловсролын зээлийн сан руу залгахаар автомат хариулагч авдаг. Ажилтантай холбогдох гээд орохоор ямар нэгэн сонголт байхгүй.  Эргээд “Болохгүй байна. Та надад холбоо барих хүний дугаар өгөөч” гэхээр дахиад л тэр лавлахынхаа дугаарыг өгдөг. Энэ мэтчилэн ямар ч уялдаа холбоогүй ажилладаг. Тэгсэн мөртлөө хууль, дүрэм журман дээрээ суралцах эрхтэй, зорилтот бүлгийн шаардлага хангасан зарим оюутнуудын төлбөрийг төрөөс даана гээд бүх юм нь тодорхой орчихсон байдаг. Яг хуулиа хэрэгжүүлэх гэхээр бодит байдал дээр ийм асуудлууд үүсээд байдаг. Яагаад ийм байдгыг гайхаж байна. Цаанаа бүх зүйл бодлого, судалгаатай байдаг байлгүй дээ. Боломжгүй байсан юм бол журмаа өөрчлөөч ээ. Зарим хүмүүс ч биднийг буруугаар ойлгодог. Даварсан хүмүүс төрөөр төлбөрөө төлүүлдэг гэдэг. Бид бас амаргүй шалгуураар энэ шаардлагад тэнцдэг байгаа.
  • Одоо сургуулиас нь сургалтын төлбөрийн тал дээр ямар шаардлага тавьж байна вэ?
  • Сургуулиас бол төлбөрөө төлөөрэй гэдэг шаардлагыг тавьж байна. Санхүүжилт орж ирээгүй  болохоор сургалтын төлбөрийг хоёр хувааж төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Аргагүйн эрхэнд хүнээс мөнгө зээлсэн. Санхүүжилт орж ирэхээр буцаагаад төлөхөөр зохицуулсан ч хэзээ орж ирэх нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байна. Би эргээд үлдэгдэлээ төлөөд, нэмээд өрөнд орох хэмжээнд хүрчихээд яах учраа олохгүй л явна.
  • Танай сургалтын төлбөр хэдэн төгрөг вэ? Сургалтын төрийн сангаас хэдэн төгрөгний санхүүжилт орж ирэх тооцоо байгаа вэ?
  • Хэдэн кредит судлахаас шалтгаалаад жилд дунджаар 2 сая төгрөгийн төлбөр гардаг. Улирал болгонд харилцан адилгүй хуваагдаж орж ирдэг байсан. Санхүүжилт орж ирнэ гээд сургуулиас хичээл сонгох програм дээр шивэлт хийж өгдөг. Гэтэл санхүүжилт орж ирэхгүй болохоор сургууль мэдээж алдагдал хүлээхийг хүсэхгүй. Гол нь оруулна гэсэн мөнгөө Сангийн яамнаас яагаад танаад байдаг юм бээ. Яагаад хугацаандаа оруулдаггүй юм бэ. Яагаад зорилтот бүлгийн хүмүүсийнхээ асуудлыг шийдэж өгөхгүй алаг үзээд байгаа юм бэ. Ер нь бол жил бүр л ийм асуудал үүсч байна. Зээлийн асуудал үүсэхэд өнгөрсөн 2-р сард оюутнууд эсэргүүцэл илэрхийлсэн. Гэтэл оюутны зээлийн асуудлыг шийдсэн ч буцалтгүй тусламжийг орхигдуулж байна. Оюутны зээл бол эргэн төлөгдөх нөхцөлтэй. Харин буцалтгүй тусламж бол эргэн төлөгдөх нөхцөлгүй. Тухайн хүний сурч боловсрох эрхийг хангахаар оруулж буй санхүүжилт. Эргэж төлөгдөхгүй болохоор үл тоодог юм уу гэдгийг гайхаж байна.
  • Хавар төгсөхөд төлбөрөөс шалтгаалаад асуудал үүсч байна уу?
  • Одоо төлбөрийн санхүүжилт орж ирэхгүй байгаа болохоор төгсөх боломжгүй болж байна. Би өнгөрсөн жилийн төлбөрийн үлдэгдэл болон өнгөрсөн улирлуудын төлбөрийг хүнээс зээлж өгсөн учраас одоо төлбөрөө өөр сувгаар олох боломжгүй болоод байгаа юм. Санхүүжилт удахгүй орно гэсээр 2 жилийн нүүрийг үзэж эцэст нь оюутан хохирч байна шүү дээ. Би хөгжлийн бэрхшээлтэй учраас хичээлийнхээ хажуугаар хийх цагийн ажил ч олддоггүй.

Нэг кредитийн төлбөр дунджаар 100 мянган төгрөг байдаг. Одоо бол ойролцоогоор 6 сая төгрөгийн сургалтын төлбөр үлдэгдэлтэй байна.

  • Таны хувьд одоо яг ямар хүсэлтэй байна вэ?
  • Зээлийн сангийн шугамаар суралцаж байгаа оюутнуудын санхүүжилтыг төсөвлөөд шийдэж өгч байгаа юм байна. Харин буцалтгүй тусламжаар сурдаг оюутнуудаа яагаад орхигдуулаад байна вэ. Яагаад улам бүр танаад төсвөө багасгаад байгаа юм бээ. Миний хувьд өнгөрсөн жилийн тал санхүүжилт, энэ жилийн төлбөр орж ирээгүй нөхцөл байдалтай байна. Энэ асуудлыг шийдэж, жил бүр тогтмол байхаар төсөвтөө тусгаж өгөхгүй бол бид нар төгсөөд явчихна. Дараа дараагийн оюутнууд, их сургуульд элсэж байгаа хүүхдүүд болон над шиг ийм хөгжлийн бэрхшээлтэй төлбөрийн ямар ч чадваргүй, мөнгө олох хөдөлмөрийн боломжгүй хүмүүсийн сурах эрхийг ноцтой зөрчиж  байгаа асуудал болж байгаа юм. Үүнийг яаралтай шийдэж өгөөсэй л гэж хүсч байна. Холбогдох байгууллагууд нь уялдаа холбоотой ажиллаж,  тэр асуудлаа шийдвэрлэхээр тууштай явдаг, хүмүүст тодорхой мэдээлэл өгдөг байгаасай.

 

Санал болгох

Шодойн хавдраар өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь эрхтнээ тайруулдаг

Сүүлийн жилүүдэд эр бэлэг эрхтний хорт хавдар ихсэх хандлагатай болжээ. Энэ төрлийн хавдрыг шодойн хавдар гэх бөгөөд эрт үедээ оношлогдоогүйн улмаас бэлэг эрхтнийг тайрах тохиолдол нэмэгдсэн байна. Тэгвэл бид энэ өвчний талаар Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий мэс заслын их эмч Б.Дарьсүрэнтэй ярилцлаа.

2 өдрийн өмнө
Ганцхан хоногийн дотор хандив цуглуулж, сумынхаа ЭМНЭЛГИЙГ түргэний тэрэгтэй болгожээ

Төв аймгийн Жаргалант сумын иргэд сумынхаа Эрүүл мэндийн төвд шинэ автомашин авч өгчээ. Тус сайн үйлсийн аяныг “Жаргалантын хөгжил залуучуудын холбоо” ТББ зохион байгуулсан бөгөөд нэг хоногийн дотор автомашины мөнгө цугларчээ. Хандивт 134 иргэн, ААН, анги хамт олон оролцож нийт 25 сая 666 мянга 500 төгрөг цугларсан байна. Тэгвэл бид сайн үйлсийн талаар “Жаргалантын хөгжил залуучуудын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Даваажаргалтай ярилцлаа.

5 өдрийн өмнө
ҮХЦ нь хүртэл Үндсэн хуулиа буруу тайлбарлаж байгаа нь эмгэнэл

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй эсэх нь маргаан дагуулсаар байгаа. Зарим хуульчдын үзэж байгаагаар Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд байхгүй зүйлийг улстөрийн зорилгоор бий болгохыг шаардан, маргаан үүсгэж байна гэж үзэж байна.  Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа. 

6 өдрийн өмнө
Үе дамжин өвлөгдсөн хуучин АВДРЫГ шинэчлэн засварлаж байна

Эрт үеэс өвлөгдөж ирсэн үнэт өв болох авдрыг орчин үеийн тавилгатай энэ тэнцэхүйц болтол нь засаж шинэчилж буй Б.Эрболдыг энэ удаад онцолж байна. Тэрээр хуучирч муудсан авдрыг өмнөх хийц загвараар нь сэргээн засварлахаас гадна, хэв загварыг нь өөрчилж орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн, шинэчилж байна.

7 өдрийн өмнө