Хан-Уул дүүргийн 2-р хороо дунд голын явган хүн зорчдог хэсэгт дөрвөн хүүхдийн аав Ш.Самбуу сургуулийн насны хоёр хүүхдэдээ зориулж шат хийжээ. Түүний том охид болох С.Нандинбэлэг, С.Ялгуун нар "Наран" бүрэн дунд сургуульд суралцдаг бөгөөд өглөө өдөр энэ хэсгээр зорчдог байна. Тэрээр хүүхдүүдээ бие дааж сургахын тулд сургуульд нь хүргэж өгөхөө больсон цагаас энэ хэсгээр зорчиход хүндрэлтэй байсныг мэджээ. Харин одоо түүний хийсэн энэхүү шат олон хүнд тустай зүйл болсон байна. Энэ хэсэгт өмнө нь хуучны бетон шат байсан бөгөөд эрүүл залуу хүн ч зорчиход хүндрэлтэй байжээ.
Биднийг сурвалжлахаар очиход олон хүн энэ хэсгээр зорчиж байсан бөгөөд хэрэгтэй зүйл хийсэнд талархаж байгаа харагдлаа. Ийнхүү хүүхдийнхээ хэрэгцээнд тулгуурлаж олон хүнд тустай зүйл хийсэн Ш.Самбуутай цөөн хором ярилцлаа.

-Хүүхдүүдийнхээ хэрэгцээнд тулгуурлаж, шат хийсэнд маш олон хүн баяртай байна. Шат хийх санаа хэзээ хаанаас гарсан бэ?
-Би дөрвөн охины аав юм. Хоёр том маань 9, 13настай. Хоёулаа Нарны хороололд байдаг сургуульд сурдаг. Хоёр жилийн өмнөөс шат хийх санаа төрсөн. Учир нь хоёр хүүхдээ бие даалгах үүднээс сургуульд нь хүргэж өгөхөө болиод цонхоор хичээлд явахыг нь харж байсан. Тухайн үед том охин маань дүүгээ хөтөлж энэ хэсэгт ирээд эхлээд өөрөө бууж цүнхээ газар тавиад, эргэж гараад дүүгээ авч буулгаад явдаг байсан. Орчин үеийн энэ цагт ийм юм харах өрөвдөлтэй санагдаж байсан. Гэхдээ заавал төр засгийг хараад суухгүйгээр өөрөө хийж болох юм чинь гээд ийм зүйл хийсэн. Ер нь бол манай хоёроос гадна өндөр настай хүмүүст их хэцүү байсан юм билээ. Тэгээд сар гаруйн өмнө хийлгэсэн.

Манай хоёр хүүхэд жоохон хэцүү байдаг гэж хэлнэ үү гэхээс хийгээд өг гэж гуйж байгаагүй. Би өөрөө санаачлаад л хийсэн. Жижиг шат шүү дээ. Том гүүр биш.

Ш.Самбуу: Шат хийсний дараа нэг эмээ баярласандаа хоёр удаа гарч буусан
-Хоёр хүүхэд нь явж үзсэн үү. Сэтгэгдэл өндөр байгаа байх?
-Хөл хориотой байгаа учраас хараахан явж үзээгүй байгаа. Гэхдээ мэдээж баярлах байх. Энэ хэсгээр байнга ажил, болон хичээлдээ явдаг хүмүүс маш их баярлаж байгаа. Яг энэ шатыг хийж дууссаны дараа нэг эмээ дээш доошоо хоёр удаа явж үзээд баярлаж байсан. Энүүгээр явсан хүмүүс нэлээн сэтгэл хангалуун байгаа. Нарны хорооллын оршин суугчдын групп, 19-р хорооллын оршин суугчдын группд хүмүүс сэтгэгдэл өндөртэй баярлалаа гэсэн зүйлс их бичсэн байсан.

-Энэ хэсгээр олон хүн зорчдог бололтой?
-Нарны хороолол болон Уран ган цогцолбор баригдсанаас хойш нэлээн олон хүн явдаг болчхоод байгаа юм. Учиргүй гудамж шиг хүн холхиод байхгүй ч тогтмол олон хүн зорчдог. Гартаа янз бүрийн юм барьсан,хүүхдээ дагуулсан, таягтай хөгшин настай хүмүүс маш их зорчдог. Тэд нарт их нэмэртэй л болсон байх.

-Уран ган спорт цогцолбор энэ хажууханд гүүр барьж байгаа юм шиг байна шүү дээ?
-Уран ган компанийнхан өөрсдөө энд гүүр барьж байгаа юм билээ. Энэ гүүрийг барих гээд шуум сонсогдоод эхлэхэд шатыг хийлгэхээ больсон юм. Энэ гүүр байхад энд шатны хэрэг юу байх вэ дээ гэж бодсон. Гэтэл гүүр маань баригдах гэж хоёр жил хүлээгдчихлээ.
-Шат хийлгэх зардлаа өөрөөсөө гаргасан уу?
-Манай найз төмрөөр юм хийдэг юм. Найзаасаа гуйж байгаад хийлгэсэн. Ташрамд Баагий найздаа баярлалаа л гэж хэлье. Нээх айхтар зардал гараагүй. 300 орчим мянган төгрөг л болсон байх. Харин энэ самбарыг байрлуулахыг эхэндээ бодоогүй. Зүгээр шат хийхийг л урьтал болгосон. Тэгээд хийсний дараа улс төрийн сонирхлоор ашиглах гээд байсан учир түүнээс сэргийлж бичсэн байгаа.

Хүүхдүүд нь сургууль луугаа 10 орчим минут алхаж очдог. Энэ хэсгээр зорчиж чадахгүй үедээ үйлчилгээний төвийн хойд талын уулзвар болон хараагүйчүүдийн гарцаар тойрдог. Ингэхдээ мөн 10 орчим минут нэмж зарцуулдаг байна. Иймд энэ хэсгийн нөхцөлийг шинэчлэх шаардлагатайг Ш.Самбуу мэдэрч нийтийн өмчийн талбайг ийнхүү засаж шат хийсэн байна. Үүнд иргэд сэтгэл ханамж өндөр байлаа.
Иргэн: Урд нь тоосго, блок, чулуу тавьчихсан байдаг байсан. Хөгшид хүүхэд явахад уначих гээд эвгүй байдаг байлаа. Харин одоо шат тавиад бариул хийсэнд баярлаж байна. Энэ шат нь бас халтирдаггүй материалаар хийгдсэн юм шиг байна. Тиймээс өвөл ч явахад амар боллоо.
Иргэн: Сэтгэл гаргаж хийсэн хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа.
