ДЭМБ Европт вакцинжуулалт маш удаан байгааг шүүмжиллээ

2021 оны 4 сарын 22021-04-02
ДЭМБ Европт вакцинжуулалт маш удаан байгааг шүүмжиллээ

ДЭМБ-ын Европын бүсийг хариуцсан захирал Ханс Клуге Европын хэмжээнд иргэдийг Ковид-19 өвчний вакцинд хамруулах үйл явц байж боломгүй удаан байгааг шүүмжилж, энэ бүс нутагт дахин халдвар дэгдэхээс эмээж байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр цар тахлыг даван туулах хамгийн зөв шийдэл нь вакцин болохыг онцолж цаашдаа вакцин үйлдвэрлэлийг түргэсгэх, энэ чиглэлд учирч саад бэрхшээлүүдийг арилгаж, одоо нөөцөнд байгаа вакцин нэг бүрийг ашиглах шаардлага тулгарч байгааг онцолсон. 

ДЭМБ-ын бүсчлэлээр Европын бүс гэдэгт нийтдээ 53 улс хамаарах бөгөөд үүнд Европын холбооны гишүүн 27 улс болон Их Британи, ОХУ, Төв Азийн орнууд болон Израйль улс багтдаг. Энэ бүсчлэлээр авч үзвэл Израйльд л гэхэд вакцинжуулах ажил дэлхийн хамгийн хурдацтай явагдаж, нийт тарьсан тунгийн тоо нь хүн амын тооноосоо даваад байгаа. Их Британид ч мөн вакцинжуулах үйл явц харьцангуй хурдацтай явагдаж байгаа. Харин тухайн бүсийн бусад хэсэгт вакцинжуулах үйл явц онцгой удааширч байна гэж дүгнэж болохоор байна. 

Үндсэндээ энэ бүсэд нийтдээ 900 сая хүн оршин суудаг гэж тооцож байгаа бөгөөд үүний ердөө 10 орчим хувь нь л вакцины эхний тунгаа хийлгээд байна. Харин вакцинд бүрэн хамрагдсан буюу 2 тунгаа хүмүүсийг тооцвол нийт хүн амын ердөө 4 орчим хувийг эзэлж байна. 

Европын бүсэд өндөр хөгжилтэй, эдийн засгийн чадавх өндөртэй, вакцины нөөц бүрдүүлэх боломжтой улс орнууд байдагийг харгалзан үзвэл энэ бол чамлалттай тоо. Тэр дундаа Европын холбооны орнуудад иргэдийг вакцинжуулах үйл явц удааширч байгаа нь онцгой анхаарал татаж байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим мэргэжилтнүүдийн хувьд Европын Комиссын удирдлага гишүүн орнууддаа анхнаасаа бие даан вакцин захиалах олголгүйгээр нэгдсэн журмаар вакцинжуулах ажлыг зохион байгуулсныг шүүмжилж байгаа. 

Европын холбооны хэмжээнд вакцинжуулах үйл явц удаашрахад олон хүчин зүйл нөлөөлсөн. Тухайлбал үүнд улс төрийн хүчин зүйлс тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэйгээс гадна вакцины нийлүүлэлт саатсан, үйлдвэрлэл санасан хэмжээнд явагдаж чадаагүй зэрэг хүчин зүйлс багтана. 

Сүүлд л гэхэд Астразенека компанийн вакцин цусны бүлэгнэл үүсгэдэг байж болзошгүй гэх сэжиг таамаг гарснаас үүдэн Европын 20 орчим орон вакциныг ашиглахаа түр зогсоосон нь ч үүнд тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Гэтэл одоогийн байдлаар Европын олон оронд Ковид-19 өвчний вирусийн мутацид орсон шинэ хэлбэрүүд тархаж, халдварын дахин нэг давалгаа дэгдэж байгаа нь нөхцөл байдлыг улам адармаатай болгож байна. 
 

Санал болгох

Кубын Ерөнхийлөгч Мигел Диаз-Канел эрх баригч намын даргаар сонгогдлоо

Куба Улсын эрх баригч Коммунист намын даргаар одоогийн Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел сонгогдсоноор цаашид тус улсыг удирдах, нам, төрийн эрхийг нэгтгэн барих нөхцөл бүрдлээ. 

19 цагийн өмнө
Навальныйгийн биеийн байдал хүндэрсэн тул хорих газрын эмнэлэгт шилжүүлжээ

ОХУ-ын шүүх хоёрдугаар сард сөрөг хүчний голлох улс төрчдийн нэг Алексей Навальныйд өмнө нь оноосон тэнсэн харгалзах ялыг хорих ялаар сольсноос хойш Навальный хорих ангид хоригдож байгаа. 

1 өдрийн өмнө
Европын орнууд ОХУ-аас вакцин авснаар тус улсаас хамааралтай болох эрсдэл үүснэ гэж үзэж байна

Өнөөгийн байдлаар дэлхий дахины өмнө нийтлэг тулгамдаж буй хамгийн томоохон сорилт нь Ковид-19 цар тахлын эрин үеийг төгсгөл болгох асуудал болоод байна. 

1 өдрийн өмнө
Фейсбүүк энэ зунаас Клабхаустай адил аудио хэлэлцүүлэг хийж болно

Facebook компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг даваа гарагт тус компани хэд хэдэн аудио бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Энэ нь Clubhouse-тай төстэй аудио өрөө, подкаст зэрэг багтаж байгаа юм.

1 өдрийн өмнө