Г.Мядагханд: Аавыгаа өвчнөөр алдсанаас хойш сайн эмч болохыг л хүсдэг болсон

2021 оны 3 сарын 312021-03-31
Г.Мядагханд: Аавыгаа өвчнөөр алдсанаас хойш сайн эмч болохыг л хүсдэг болсон

Өчигдөр дэлхийн эмч нарын өдөр тохиосон. Тэдний төлөөлөл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Г.Мядагхандтай ярилцлаа.

-Та эрүүл мэндийн салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна? Энэ мэргэжлийг яагаад сонгосон бэ?

-Би эрүүл мэндийн салбарт 24 дэх жилдээ ажиллаж байна. Үүний 20 жилийг нь өрхийн эмнэлэгт ажиллаж, бусдын өвчинг оношилж, эмчилж бас зөвлөж байна. Ээж минь сум орон нутагтаа эмнэлгийн тогооч байсан. Ухаан орсон цагаасаа ээжийгээ дагаж ихэнх цагаа эмнэлэг дээр өнгөрүүлдэг байлаа. Цагаан нөмрөг, чагнуур зүүсэн эмч болох хүсэл багаас минь хөтөлсөн.

-Ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ? Мөн өрхийн эмч бусад мэргэшлийн эмч нараас юугаараа ялгаатай вэ?

-Би Булган аймгийн Бугат сумын эмнэлгээс ажлын гараагаа эхэлсэн. Энэ салбар өөрөө шатлалтай. Анхан шатны өрхийн эмчдээ л хүн өөрийн амьдралд болохгүй байгаа бүх асуудлаа итгэл хүлээлгэн дэлгэж, хуваалцдаг. Өрхийн эмч гэдэг чинь багийнхаа иргэдийн гэр бүлийн гишүүн шиг болсон байдаг. Тиймдээ ч хүмүүсийн эрүүл мэнд болоод амьдарлын нууцыг хадгалж, хайр хүндлэлийг хүлээнэ гэж бодохоор амьдрал минь илүү хариуцлагатай, бас утга учиртай санагддаг. Тийм учраас би энэ мэргэжилдээ хайртай.

-Хүн амьдарлынхаа хугацаанд ажил, амьдралаас суралцаж байдаг. Таны хувьд?

-Цагаан нөмрөг нөмөрсөн хүн бүр эмч болчихдоггүй. Багадаа л 10-15 жил чин сэтгэл, эзэмшсэн мэргэжлээ хослуулан, ажилдаа дурлан байж эмчийн дөртэй болдог гэж би ажигласан.  Би ч гэсэн одоо л эмч болж байна. Ялангуяа анхан шатны өрхийн эмч нар зорьж ирсэн хүнээ зөв уншиж, шаардлагатай зөвлөгөө өгч, ярилцаж сэтгэлийг нь өргөхөд өөрөө сэтгэлзүйн хувьд бэлэн байх ёстой. Өдөр тутам л суралцсаар байдаг даа.

-Ажил мэргэжил гэдэг хүний амьдралын салшгүй нэг хэсэг. Өнгөрөн хугацаанд мэргэжилтэй тань холбоотой таны амьдралд тохиож байсан хамгийн мартагдашгүй үйл явдал юу вэ?

-Намайг 4-р курсийн оюутан, эмч болоогүй байхад аав минь хүндээр өвдөж байсан. Тэр үед миний мэдлэг боловсрол аавыгаа эмчлэх хэмжээнд хүрээгүй байсан юм. Тиймээс сайн л эмч болъё гэж зориг шулуудсан. Өөрөө ч хүсч сонгосон байсан тул илүү сайн эмч болно гэсэн зорилго тавьж билээ. Зорилгоо ч биелүүлсэн гэж боддог.

Аврал эрсэн зүрх бүхэнд зориулагдсан нийтийн төлөөх мэргэжил бол эмч. Мэргэжлээ ойлгож, өрөөлийг үр хүүхэд, эцэг эх шигээ энэрэх нь эмч хүнд байх ёстой эрхэм чанар гэж  үздэг.

-Сум орон нутгийн эмч нарын ачаалал хэр байдаг вэ?

-Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн өрхийн эмнэлгээр 10 мянга орчим хүн үйлчлүүдэг. Ажлын ачаалал их ч гэлээ ажилдаа түйртэлгүй дурлан ажилладаг. Цар тахалтай холбоотойгоор тусгаарлалтад байгаа иргэдээ анхаарах, мөн ахмад настан, нярай хүүхдүүдийг гэрээр үзлэг хийх гээд ачаалал ихтэй байгаа.

      No description available.

-Шинэ үеийн эмч нартаа хандаж юу хэлэх вэ?

-Залуу эмч, эмчийн мэргэжлийг сонгон суралцаж байгаа дүү нартаа хандаж хайр энэрэл, чин сэтгэл, мэргэжлээ хослуулж байж эмч болдог юм шүү гэдгийг санаж яваарай л гэж хэлье дээ.

-Баярлалаа, танд амжилт хүсье.

-Баярлалаа. Энэ ярилцлагыг уншиж байгаа нийт эрүүл мэндийн салбарын ажилчиддаа мөн баярын мэнд хүргэе.

Санал болгох

Дархан-Уул аймагт нийт тохиолдол 324 боллоо

Дархан-Уул аймагт сүүлийн 24 цагт 96 сорьцод шинжилгээ хийхэд 39 тохиолдол нэмэгдэж нийт тохиолдол 324 боллоо.

1 өдрийн өмнө
Хүүхдүүд халдвар авах нь эрс нэмэгджээ

Хүүхдүүд халдвар аваад шинж тэмдэггүй, хөнгөн балархай хэлбэрээр халдварыг тээн, бусдад тараасан тохиолдол гарсаар байна.

1 өдрийн өмнө
Дархан-Уул аймагт халдварын эрсдэлтэй байршлуудаас маргааш шинжилгээ авна

Дарханд сүүлийн 24 цагт 441 сорьцод PCR шинжилгээ хийхэд 14 эерэг тохиолдол  батлагдсан байна. Ингэснээр 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар шинээр бүртгэгдсэн халдварын тоо 182 боллоо. Шинээр батлагдсан 14 тохиолдлын хувьд: 

6 өдрийн өмнө
Зарим нутгаар хүчтэй шороон шуурга болж цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагджээ

Өнгөрсөн хоногт буюу 2021 оны 04 дүгээр сарын 14-15-нд өдрүүдийн цаг агаарын Аюултай болон Гамшигт үзэгдлийн тойм:

6 өдрийн өмнө