Гэрийнхээ хогийг ангилан тушааж хүүхдүүддээ хуримтлал үүсгэж буй ЭЭЖ

2021 оны 4 сарын 12021-04-01
Гэрийнхээ хогийг ангилан тушааж хүүхдүүддээ хуримтлал үүсгэж буй ЭЭЖ

Байгальд хаягдаж сөргөөр нөлөөлөх хогийг мөнгө болгож тушаах боломжтойг хоёр хүүхдийн ээж, залуу гэрийн эзэгтэй М.Оюундарь сүүлийн таван жилийн хугацаанд үлгэрлэж байна. Тэрээр энэ хугацаанд 150 мянган төгрөг олсон бөгөөд түүнийгээ хүүхдүүдийнхээ хуримтлалд хийжээ.

Анх эхэлж байхдаа хогийг 3-4 төрөлд ялгаж дахивар бүтээгдэхүүн авдаг цэгт өгч байсан бол өдгөө 10 гаруй нэр төрлөөр ангилан ялгадаг болсон байна. Дотоодод дахин боловсруулах үйлдвэр хэдий чинээ байна төдий хэмжээний эд материал, түүхий эд хэрэг болдог.

Хэрвээ М.Оюундарь шиг олон айл өрх хогоо ангилан ялгавал хогоо мөнгө болгох, цаашлаад байгалийн хог хаягдал багасах давуу тал бий болох юм. Түүний туршлагаар бага ч болтугай аялуулъя.

-Юуны түрүүнд байгалийн хогийг тодорхой хэмжээнд бууруулах үйлс бүтээж байгаад талархал илэрхийлье. Өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Намайг М.Оюундарь гэдэг. 36 настай. Хоёр хүүхдийн ээж, залуу гэрийн эзэгтэй. Би 2016 оноос хойш гэрийнхээ хогийг буюу ахуйн хогийг ангилан хурааж, 3-4 сар тутамд дахивар бүтээгдэхүүн авдаг цэгт тушаадаг.

о.jpg

-Таван жилийн хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлж, хог хаягдлаа мөнгө болгож дадсан байна шүү дээ. Анх яаж эхэлж байв?

-2016 онд гурван төрөлд хогоо ангилдаг байсан. Шил, лааз, хуванцар гээд. Харин одоо 13-14 орчим төрлөөр ангилан ялгаж байна. Тухайн үед  өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж өндөр хөгжилтэй орнууд болох Япон, Солонгос, Сингапур шиг цэвэрхэн хогоо ангилах соёлыг Монголд хэвшүүлэхийг хүссэн. Эдгээр орнууд хог хаягдлыг дахин боловсруулж байгальд асар бага хог хаягдал гаргадаг нарийн системтэй. 

Мэдээж Монголд ийм систем байхгүй. Гэхдээ яагаад би өөрөөсөө эхлүүлж болохгүй гэж бодсон. Одоо манай гэрийнхнээс гадна байрны хөршүүд маань хогоо ангилан ялгадаг болсон. Манайх өнгөрсөн жилээс хотоос зайдуу лагерьт амьдарч байгаа. Түүнээс өмнө Хүннү 2222 хороололд амьдардаг байсан. Тухайн үед байрныхаа найз Б.Цэнгэлтэй хамтран групп дээр хогоо ангилан ялгасан пост оруулж, яваандаа манай СӨХ байр болгоны лифтний дор хогоо хийх савыг байршуулж өгсөн. Дараа нь орцны үүдэнд маш том ангилан ялгах хогийн цэг байгуулж байсан.

д.jpg

Би эхлүүлсэн. Харин ойр тойрныхон дэмжсэн учраас өнөөдрийг хүртэл эрч хүчтэйгээр хогоо ангилан ялгаж байна.

-Хогоо ангилан ялгаж тушаагаад хүүхдүүдийнхээ хуримтлалд хийдэг гэсэн. Хүүхдүүд нь яаж хүлээж авч байна. Таньд тусалдаг уу?

-Би 9,13 насны хоёр хүүхэдтэй. Анх ангилан ялгахаас өдийг хүртэл хоёр хүүхдийнхээ тусламжтайгаар тууштай хийж байгаа. Нэг тушаахад 5-15 мянган төгрөг болдог. Хүүхдүүддээ хогны мөнгө нь ийм боллоо гэхэд маш их баярладаг. Урам ороод улам илүү цэвэрч нямбай, байгальд ээлтэй болж өсч байгаа.

Би анхнаасаа хогийг мөнгө болгохын төлөө бус хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх үүднээс ангилан ялгаж эхэлсэн.

оюундарь2.jpg

-Хэдэн сар ангилан ялгаж хураагаад тушаадаг вэ?

-Янз бүр байдаг. Хамгийн сүүлд 2020 оны аравдугаар сард аваачиж тушааж байсан. Өмнө нь орон сууцанд амьдарч байхдаа гурван сар тутам аваачиж тушаадаг байсан. Харин сүүлийн жил орчим хөл хорионоос болж зургаан сард нэг аваачиж дахивар бүтээгдэхүүн авдаг цэгт тушаадаг болсон.

Хүмүүс хогийг ангилан ялгах хэцүү гэж боддог. Анхнаасаа системтэйгээр зөв ангилаад хурааж байгаад тушаахад их сайхан санагддаг. Орон сууц ч бай, гэр хороолол ч бай ер нь ямар ч нөхцөлд хогоо ангилан ялгах боломжтой. Зай талбай багатай гэдгээс шалтгаалж хогоо бөөнд нь хаях залхуугийн зан байдаг л байх. Хэрвээ тийм бол над шиг 3-6 сар хураах бус нэг сар эсвэл бүр 15 хоногт хураагаад аваачиж тушааж болно шүү дээ. 

Би төвшин сайхан төвд ангилсан хогоо аваачиж өгдөг. Тэднийд цаас, гялгар уут, ундааны шил, лааз, төмөр, зай гээд бүх зүйлийг авдаг. 

Оюундарь.jpg
3.jpg

-Таны хэрэглээнээс одоо юу хог болж үлдээд байна?

-Жимс ногооныхоо үлдэгдлийг бокаши гээд бордоожуулах саванд хийдэг. Тэрийгээ ашигтай бордоо болгож гэрийн нөхцөлд хэрэглэдэг. Тэгэхээр хуванцар, лааз, гялгар уутаа дахиварт өгчхөөр тунгалаг гялгар уут л үлддэг. Тухайлбал кофе, байхуу цайны гаднах гялгар уут зэрэг юм. Одоогийн байдлаар Монголд мөнгөлөг цаас дахин боловсруулах үйлдвэр байхгүй юм билээ. Ер нь бол 20 орчим дахин боловсруулах үйлдвэр байдаг.

-Дахивар бүтээгдэхүүн авдаг цэг хотод хэд байдаг бол?

-Маш олон байдаг. Одоо хувь хүн гэлтгүй, байгууллага, ААН, байр орон сууцныхан хамтраад хогоо ангилан ялгадаг болсон. Тиймээс дахивар бүтээгдэхүүн авдаг олон газар байдаг. Хамгийн олон төрлөөр нэг дор авдаг нь миний түрүүний хэлсэн Төвшин Сайхан төв бий. Түүний хаягийг олон хүн асуудаг. Сансраас Дарь-Эх рүү эргээд 500м орчим яваад байдаг шүү. 

-Хогоо ангилж эхлэх гэж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Фэйсбүүк дээр хогоо багасгая нэртэй групп байдаг. Түүнд нэгдчих юм бол, анхан шатны маш олон мэдээллийг авч чаддаг. Дөнгөж эхлэх гэж байгаа хүмүүс эхний ээлжинд энэ группэд нэгдэх хэрэгтэй. Хамгийн эхэнд 4-5 нэр төрлөөр ангилж ялгаж хэвших хэрэгтэй. Тэгээд туршлага сууж дадалтай болсныхоо дараа, нэр төрлөө олшруулж ангилах хэрэгтэй. Тухайлбал зөөлөн гялгар уут, лааз, варьены шил, дарсан ногооны шил, хуванцар ус ундааны сав, ахуйн газ, ашигласан зай зэрэг байгальд олон жил шингэдэггүй бүтээгдэхүүнийг түрүүлж ангилан тушаах хэрэгтэй.

Орон сууцанд амьдардаг хүмүүс тагтан дээрээ ч юм уу, ашиггүй талбай дээр ангилах хэрэгтэй. Цэвэрхэн уут, хайрцагт хийж төрөл төрлөөр нь эхнээсээ цэгцтэй ангилаад байвал дахивар маань хоорондоо холилдож халтар болохгүй байгаа.

Шил, лааз, ундааны сав зэргийг усаар зайлж хадгалах хэрэгтэй байдаг. Харин хайрцаг, цаас зэргийн хаяг шошгыг арилгаж эмх цэгцтэй хадгалаарай. Гялгар уутыг хадгалахдаа угааж, хатаагаад хадгалбал зүгээр байдаг. 

 

Санал болгох

Шодойн хавдраар өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь эрхтнээ тайруулдаг

Сүүлийн жилүүдэд эр бэлэг эрхтний хорт хавдар ихсэх хандлагатай болжээ. Энэ төрлийн хавдрыг шодойн хавдар гэх бөгөөд эрт үедээ оношлогдоогүйн улмаас бэлэг эрхтнийг тайрах тохиолдол нэмэгдсэн байна. Тэгвэл бид энэ өвчний талаар Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий мэс заслын их эмч Б.Дарьсүрэнтэй ярилцлаа.

2 өдрийн өмнө
Ганцхан хоногийн дотор хандив цуглуулж, сумынхаа ЭМНЭЛГИЙГ түргэний тэрэгтэй болгожээ

Төв аймгийн Жаргалант сумын иргэд сумынхаа Эрүүл мэндийн төвд шинэ автомашин авч өгчээ. Тус сайн үйлсийн аяныг “Жаргалантын хөгжил залуучуудын холбоо” ТББ зохион байгуулсан бөгөөд нэг хоногийн дотор автомашины мөнгө цугларчээ. Хандивт 134 иргэн, ААН, анги хамт олон оролцож нийт 25 сая 666 мянга 500 төгрөг цугларсан байна. Тэгвэл бид сайн үйлсийн талаар “Жаргалантын хөгжил залуучуудын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Даваажаргалтай ярилцлаа.

5 өдрийн өмнө
ҮХЦ нь хүртэл Үндсэн хуулиа буруу тайлбарлаж байгаа нь эмгэнэл

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй эсэх нь маргаан дагуулсаар байгаа. Зарим хуульчдын үзэж байгаагаар Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд байхгүй зүйлийг улстөрийн зорилгоор бий болгохыг шаардан, маргаан үүсгэж байна гэж үзэж байна.  Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа. 

6 өдрийн өмнө
Үе дамжин өвлөгдсөн хуучин АВДРЫГ шинэчлэн засварлаж байна

Эрт үеэс өвлөгдөж ирсэн үнэт өв болох авдрыг орчин үеийн тавилгатай энэ тэнцэхүйц болтол нь засаж шинэчилж буй Б.Эрболдыг энэ удаад онцолж байна. Тэрээр хуучирч муудсан авдрыг өмнөх хийц загвараар нь сэргээн засварлахаас гадна, хэв загварыг нь өөрчилж орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн, шинэчилж байна.

7 өдрийн өмнө