Тайваньд өнгөрсөн Баасан гарагт ноцтой галт тэрэгний осол гарснаас үүдэн, Тайванийн Зам тээврийн сайд Лин Чиа-лун өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан энэ үйл явдалд бүрэн хариуцлага хүлээж ажлаа өгнө гэдгээ зарлалаа. Гэхдээ түүний хувьд ажлаа одоо явагдаж байгаа аврах, эрэн хайх ажиллагаа дууссаны дараагаар буюу асуудлыг бүрэн шийдсэнийхээ дараагаар өгнө гэсэн байр суурь баримталж байна.
Түүний мэдэгдлийн өмнөхөн Ерөнхий сайд Су Цень Чаний ажлын албанаасаа Зам тээврийн сайд аман байдлаар ажлаа өгөх талаараа хүсэлт тавьсан ч Ерөнхий сайд одоо аврах, эрэн хайх ажиллагаанд анхаарах цаг тул ажлаас чөлөөлөх, томилох асуудлыг дараа нь ярихаар шийдэж татгалзсан гэх мэдээллиг өгсөн. Үндсэндээ Тайваньд явагдсан энэхүү осол маш том дуулианыг тариад буй бөгөөд одоогоор 50 хүн амиа алдсан нь тогтоогдоод буйн дотор гаднын иргэд ч багтаж байгаа.
Галт тэрэг осолдох үед бараг 500 хүн зорчиж явсан бөгөөд ослын улмаас шархадсан хүний тоо ч нэмэгдсээр байна. Осол Баасан гарагт Хуалиен хотын ойролцоо гарсан бөгөөд галт тэрэг ачааны автомашинтай мөргөлдсөнөөс үүдэн осолдсон. Тиймээс ослоос үүдэн Зам тээврийн сайд Лин Чиа Лунаас гадна тухайн ачааны автомашины ажиллаж байсан барилгын талбайн менежер хариуцлага хүлээнэ. Одоогоор гарч буй мэдээллээр тухайн ачааны машины тормоз ажиллахгүй байсан гэх мэдээлэл бий. Тиймээс нэн түрүүнд барилгын талбайн менежерийг шлгахаар баривчлаад байна. Түүний хувьд одоогоор олон нийтээс уучлал гуйж, хууль хяналтын байгууллагуудтай нягт хамтран ажиллахаа мэдэгдэж, бүх хариуцлагыг үүрэхээ амласан.