Монгол улс “Ковид 19” өвчний эсрэг тэмцээд жил гаруй хугацаа өнгөрчөө. Энэ хугацаанд маш олон үйл явдал, маргаан тэмцэл, зовлон хагацал тохиолдсон ч гэлээ энэ хавраас вакцин тарьж эхэлсэн нь өвчнийг давж гарах итгэл төрүүлж, хонгилийн үзүүрт гэрэл асааж эхэллээ гэж хэлж болно.
Дөрөвдүгээр сарын 4-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ододтой бүжиглэе” шоуны дундуур товчхон үг хэлэхдээ “Долоодугаар сарын 1-н гэхэд Монгол улсын бүх насанд хүрэгчид хоёрдугаар тунгаа хийлгэж дуусна, Ковидгүй зуны төлөө хамтдаа тэмцэцгээе” гэсэн нь иргэд, олон нийтийн дунд “Энэ өвчний ард энэ зун гарч чадна” гэсэн итгэл найдварыг өгч чадав.
Засгийн газрын тэргүүний үг иргэдэд таалагдсан нь тодорхой, учир нь хоёр жил шахуу хугацаанд гадаад дотооддоо аялал зугаалгаар явж чадаагүй хүмүүс сошиал орчинд шинэ трэнд үүсгэн гэр бүл, найз нөхдийн хамт зугаалсан, зуны зургуудаараа давалгаалж эхэлжээ.
#КовидгүйЗуныТөлөө, #ВакциныХийлгэе хаштаагийн дор гуравхан хоногийн дотор зөвхөн фэйсбүүкт гэхэд л 9000 гаруй постыг тавигдаж, твиттер, инстаграм, тик ток гээд бүхий л флатформууд дээр хэдэн арван мянган пост сайн дурын санаачлагаар гарч эхэлжээ.
Олон нийтийн трэндийг дагаад компани, аж ахуйн нэгжүүд ч идэвхийлэн оролцож, дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол энэ уриалгын нөлөө нь өдөрт 30 мянган хүнд хийхээр төлөвлөж байсан вакциныг 50 мянга гаруй болтол өсгөж чадсан байна.















