БНХАУ сүүлийн 8 жилд 99.8 сая хүнийг ядуурлаас гаргажээ

2021 оны 4 сарын 72021-04-07
БНХАУ сүүлийн 8 жилд 99.8 сая хүнийг ядуурлаас гаргажээ

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн мэдээллийн албанаас өчигдөр гаргасан Цагаан номонд дурдсан тоо баримтаас үзэхэд БНХАУ 1978 онд өөрчлөлт, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн цагаасаа хойш улсын хэмжээнд 770 сая орчим хүнийг хэт ядуурлаас гаргажээ. 770 сая гэдэг БНХАУ-ын нийт хүн амын талаас илүү хувь гэсэн. 

1960, 1970-аад онд Соёлын хувьсгал болон бусад нийгэм, улс төр, эдийн засгийн хүчин зүйлсээс шалтгаалан БНХАУ-ын эдийн засаг зарим жил ширгэж, иргэдийн дунд ч хэт ядуусын эзлэх хувь эрс нэмэгдэж байсан ч өөрчлөлт, шинэчлэлийн бодлогын үр дүнд БНХАУ-ын эдийн засаг ерөнхий үзүүлэлтүүдээрээ сэргэж, түүнийгээ дагаад иргэдийн ядуурлын түвшин ч эрс буурсан. 

Дэлхийн Банкны тоо баримт, БНХАУ-ын албаны эх сурвалжуудын өгч буй мэдээллээс үзэхэд энэ хугацаанд буюу сүүлийн 40 гаруй жилд дэлхий даяар хэт ядуучуудын эгнээнээс гарсан нийт хүмүүсийн 70 гаруй хувийг Хятадын иргэд эзэлж байна. БНХАУ-д өнгөрсөн зууны туршид хэт ядуурал тулгамдах гол асуудлуудын нэг байсан ч шинэ зуунд Хятад дахь ядуурлын түвшин эрс буурч байгааг дэлхий нийтээрээ ажиглаж, харж байгаа. Тэгвэл БНХАУ-ын Төрийн Зөвлөл, албаны эх сурвалжуудын зүгээс ядуурлаас салах үндэс суурь Дэн Сяопины үед хэрэгжсэн өөрчлөлт, шинэчлэлийн бодлогоор тавигдсан гэж үзэж байна. Тэр дундаа сүүлийн 8 жилд буюу БНХАУ-ын Ерөнхийлөгч, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тэргүүтэй 5 дахь үеийн удирдлага нам, засгийн эрхийг авснаас хойш ядуурлыг бууруулах чиглэлд онцгой анхаарал хандуулсан. 

Анх Ши Жиньпин хэт ядуурлыг зорилттойгоор бууруулах, устгах зорилтыг дэвшүүлснээс хойшхи 8 жилийн хугацаанд БНХАУ-ын хэмжээнд 98.9 сая хүнийг буюу жил тутам 10 гаруй сая хүнийг хэт ядуурлаас ангижруулж, улсын хэмжээнд хэт ядуурлыг бүрэн устгаснаа энэ оны 2 дугаар сард зарласан. 

БНХАУ-ын албаныхны хувьд энэ чиглэлд томоохон амжилт гаргаж чадсаны гол үндэс нь Төв Засгийн газраас хэрэгжүүлсэн ядуурлыг зорилттойгоор бууруулах хөтөлбөр, энэ хүрээнд орон нутгийн засаг захиргаануудын хэрэгжүүлсэн оновчтой бодлого гэж тайлбарлаж байгаа. Мөн энэ хүрээндээ иргэдийг ядуурлаас гаргах тодорхой стандарт, журам тогтоож, иргэдийн ядуурлын шалтгаан, хэрэгцээг тодорхойлоход голлон анхаарсан гэж тайлбарлаж байгаа. 

Зөвхөн Ши Жиньпиний үед бараг 100 сая хүнийг хэт ядуурлаас бүрэн ангижруулснаас гадна өмнө нь хэт ядууд тооцогдож байсан 832 хошуу, 128,000 тосгоныг мөн нийтэд нь ядуурлаас гаргасан.

Гэхдээ Төрийн Зөвлөлийн Мэдээллийн албанаас гаргасан тоо баримтаар ард түмнийг ядуурлаас гаргах үйл явцад тодорхой золиос гарсан бөгөөд тухайлбал энэ хугацаанд ядуурлаас иргэдийг ангижруулах ажлыг гүйцэтгэсэн 1,800 гаруй ХКН-ын гишүүн болон албаны хүмүүс амиа алдсан гэх тооцоо гарчээ. 
 

Санал болгох

Кубын Ерөнхийлөгч Мигел Диаз-Канел эрх баригч намын даргаар сонгогдлоо

Куба Улсын эрх баригч Коммунист намын даргаар одоогийн Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел сонгогдсоноор цаашид тус улсыг удирдах, нам, төрийн эрхийг нэгтгэн барих нөхцөл бүрдлээ. 

19 цагийн өмнө
Навальныйгийн биеийн байдал хүндэрсэн тул хорих газрын эмнэлэгт шилжүүлжээ

ОХУ-ын шүүх хоёрдугаар сард сөрөг хүчний голлох улс төрчдийн нэг Алексей Навальныйд өмнө нь оноосон тэнсэн харгалзах ялыг хорих ялаар сольсноос хойш Навальный хорих ангид хоригдож байгаа. 

1 өдрийн өмнө
Европын орнууд ОХУ-аас вакцин авснаар тус улсаас хамааралтай болох эрсдэл үүснэ гэж үзэж байна

Өнөөгийн байдлаар дэлхий дахины өмнө нийтлэг тулгамдаж буй хамгийн томоохон сорилт нь Ковид-19 цар тахлын эрин үеийг төгсгөл болгох асуудал болоод байна. 

1 өдрийн өмнө
Фейсбүүк энэ зунаас Клабхаустай адил аудио хэлэлцүүлэг хийж болно

Facebook компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг даваа гарагт тус компани хэд хэдэн аудио бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Энэ нь Clubhouse-тай төстэй аудио өрөө, подкаст зэрэг багтаж байгаа юм.

1 өдрийн өмнө