Европын холбооны эмийн агентлагаас Их Британийн Астразенека компани болон Оксфордын Их сургуулийн хамтран хөгжүүлсэн Ковид-19 өвчний эсрэг вакцины талаар ноцтойд тооцогдохуйц мэдээллийг хийлээ. Энэхүү вакциныг хийлгэсэн зарим хүнд цусны бүлэгнэл үүссэн нь вакцинтай “холбоотой байх магадлалтай” гэсэн дүгнэлт гаргалаа.
Гэхдээ энэ дүгнэлт нь Астразенекагийн вакциныг ашиглахгүй байх шалтгаан болохгүй, вакцины эерэг нөлөө нь учруулж буй эрсдлээсээ хол илүү гэсэн байр суурийг Европын эмийн агентлаг болон бусад мэргэжлийн байгуулагууд баримтласан хэвээр байна.
Европын эмийн агентлагийн хувьд одоо байгаа бүхий л баримтууд дээр түшиглэн энэхүү дүгнэлтээ гаргасан гэж мэдэгдэж байгаа. Гэхдээ энэ дүгнэлтээрээ цусны бүлэгнэл үүссэн шалтгаан үнэхээр Астразенекагийн вакцинаас хамааралтай эсэхийг бүрэн нотлож эсвэл бүрэн үгүйсгэж чадсангүй. Энэ нь мэдээж цаг хугацааны хувьд эцсийн дүгнэлт гаргах боломж хомс байгаатай шууд холбоотой. Өмнө нь дийлэнх мэргэжлийн байгууллагууд вакцин цусны бүлэгнэл үүсгэдэг гэж үзэх үндэслэлгүй гэх дүгнэлтэнд хүрч байснаа одоо үүнийг үгүйсгэж чадахгүй, “холбоотой байх магадлалтай” гэж дүгнэж байгаа нь энэ асуудал анхаарал татах гол үндэс болж байна.
Нөгөө талаасаа Европын холбооны эмийн агентлаг ийм дүгнэлтэнд хүрсэн ч гэсэн вакцины эерэг нөлөө, үр ашиг нь учруулах эрсдлээсээ хол илүү тул энэ вакциныг ашиглахыг зогсоох талаар ямар нэг дүгнэлт гаргасангүй. Тиймээс энэ вакциныг ашиглаж буй бусад орнууд энэ дүгнэлтэнд цочирдох, вакциныг ашиглахаа зогсоох шаардлага одоогоор үүсээгүй байна. Харин Европын эмийн агентлагийн хувьд харьцангуй ховорт тооцогддог тархинд цусны бүлэгнэл үүсэх болон цусны ялтсан эс буурахыг вакцинаас үүдэн учирч болзошгүй харш нөлөө гэж албан ёсоор бүртгэх саналтай байна. Мөн тус байгууллагын дүгнэлтээр Европ болон Их Британид энэ вакциныг хийлгэсэн 25 сая хүний дундаас маш цөөн буюу 2 оронтой тоогоо хэмжигдэх тооны хүмүүст цусны бүлэгнэлийн шинж тэмдэг илэрсэн бөгөөд дийлэнх нь 60-аас доош насны эмэгтэйчүүд байна.
Хэдийгээр мэргэжлийн байгууллагууд нийтээрээ энэ вакциныг үргэлжлүүлэн ашиглах ёстой гэсэн байр суурийг баримтлаж байгаа ч бодит байдал дээр энэ вакцины талаар гарч буй энэ мэтийн мэдээллүүд олон нийтийн вакцинд итгэх итгэлийг сулруулах бодит эрсдэлтэй байна. Энэ вакцин цусны бүлэгнэл үүсгэдэг гэх асуудал өнгөрсөн сард анх хөндөгдөж, Герман, Норвеги тэргүүтэй 20 орчим орон вакциныг ашиглахаа түр зогсоосон. Харин ДЭМБ ч Европын Эмийн агентлаг ч вакциныг аюулгүй гэж дүгнэсэн тул дийлэнх орнууд вакциныг эргэн ашиглаж байгаа. Гэхдээ зарим нь энэ вакцинд хамрагдаж болох насны заалтыг өөрчилсөн.
Вакцинтай холбоотой дуулианаас гадна зарим Засгийн газрууд ингэж вакцины заавар, заалтыг өөрчилж байгаа нь ч иргэдийн энэ вакцинд эргэлзэх хандлагыг нэмэгдүүлж байгаа. Астразенекагийн вакцины хувьд Европт түгээмэл ашиглагдаж байгаагаасаа гадна үнийн хувьд бусад вакцинаса хямд, хадгалах нөхцөл нь уян хатан, Энэтхэгт их хэмжээгээр үйлдвэрлэж байгаа зэрэг зах зээлд нэвтрэх бодит давуу талууд бий. Тэр ч утгаараа энэ вакциныг хөгжиж буй орнуудад вакцин түгээх Ковакс хөтөлбөрийн хүрээнд голлон ашиглаж буй бөгөөд Монгол Улсад ч голлон ашиглаж буй вакцин нь Астразенекагийн вакцин юм.