БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсын эрх баригч Хөдөлмөрчдийн намын үүрийн дарга нарын хурлыг нээж үг хэлэхдээ улс орон нь урьд өмнө нь байгаагүй хүнд нөхцөлд байгааг хүлээн зөвшөөрч, анхан шатны намын гишүүдийг улсынхаа 5 жилийн эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлд илүү идэвхтэй ажиллахыг уриалсан болохыг тус улсын Төрийн төв хэвлэл мэдээлжээ.
Умард Солонгосын нам, төрийн удирдагч Ким Жон Ун мөн энэ үеэрээ ямар ч хүнд нөхцөлд ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэхэд болон бусад сорилтыг даван туулахад намын анхан шатны байгууллага буюу үүрийн оролцоо чухал болохыг онцолсон. Мөн намын нийт гишүүдэд хандан 1 дүгээр сард зохион байгуулагдсан намын их хурлаас гарсан зөвлөмж, шийдвэрийг даган биелүүлэхийг уриалсан. Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны энэ удаагийн мэдэгдлээс гол анхаарал татаж буй зүйл нь түүний улс оронд хүнд нөхцөл байдалд буйг хүлээн зөвшөөрсөн явдал болж байна.
Умард Солонгосын үе үеийн удирдагчдын энэ мэтийн улс төрийн илтгэлүүдээс үүнтэй ижил, төстэй буюу улс орон нь хүнд нөхцөлд байгааг хүлээн зөвшөөрсөн утга, агуулга гарах нь тун ховор байсан. Гэтэл энэ оны 1 дүгээр сард явагдсан намын их хурал дээр Ким Жон Ун улс орны эдийн засгийн өсөлт, хөгжлийг хангах зорилтыг биелүүлж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн нь тухайн үедээ олон улсын анхааралд өртөж байсан.
Шинжээчдийн хувьд үүнийг хоёр өөр өнцгөөс тайлбарлаж байна. Нэг хэсэг нь БНАСАУ-ын нам, төрийн удирдах бүрэлдэхүүний, тэр дундаа удирдагч Ким Жон Уны ерөнхий хандлага өөрчлөгдөж, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрдөг болсонтой үүнийг холбож байгаа. Нөгөө хэсэг нь үнэхээр цар тахлын нөхцөл байдлаас үүдэн БНАСАУ-д урьд өмнө тохиож байгаагүй хүнд нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Энэ хоёр тайлбарын аль аль нь үнэн байх бодит боломж бий. Ямартай ч удирдагч Ким Жон Уны хувьд өмнө нь намын их хурал дээр илэрхийлж байсантайгаа төстэй санааг буюу БНАСАУ-д нөхцөл байдал хүнд байна гэх санааг намын үүрийн дарга нарын хурал дээр дахин илэрхийллээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны хувьд ийнхүү он гарснаас хойш хоёр ч удаа улс орон нь онцгой нөхцөл байдалд байгааг хүлээн зөвшөөрч байгаа ч үүнийг АНУ-д болон бусад улс орнуудад буулт хийх үндэслэл гэж үзэхгүй байна. Тухайлбал түүний 1 дүгээр сард хэлсэн үгэнд улс орон нь эдийн засгийн хувьд хүнд байгааг хүлээн зөвшөөрсөн ч АНУ болон бусад орнуудын хатуу хоригийн эсрэг тэмцэж, цэрэг, зэвсэглэлээ үргэлжлүүлэн хөгжүүлэхээ амлаж байна.
Мөн он гарснаас хойш 1 удаа баллистик пуужин, 1 удаа артиллерийн зэвсэглэлийг Япон тэнгисийн зүг харваад байгаа зэргээс үзвэл БНАСАУ-ын эрх баригчид ямар нэг байдлаар эдийн засгийн нөхцөл байдлаасаа буулт хийнэ гэж дүгнэхэд эрт байна.