Цэцийн гишүүнийг чөлөөлсөн хэсэгт л Ерөнхийлөгч хориг тавьжээ

2021 оны 4 сарын 62021-04-06
Цэцийн гишүүнийг чөлөөлсөн хэсэгт л Ерөнхийлөгч хориг тавьжээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулав.

    Улсын дээд шүүхээс санал болгосны дагуу Монгол Улсын Их Хурал 2013 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 70 дугаар тогтоолоор Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Үндсэн хуулийн цэцийн эдгээр гишүүн нэг өдөр, нэг тогтоолоор томилогдож, бүрэн эрхийн хугацаа нь нэгэн зэрэг дууссан. Гэтэл Улсын дээд шүүх бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний оронд нэг хүнийг санал болгосон байх бөгөөд ингэхдээ тухайн хүнийг Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосноо бүрэн эрхийнхээ дагуу нэг мөр шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Үндсэн хуулийн зөрчилд хөтөлж байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзжээ.

    Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 8.7-д “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргах” нь зөвхөн Улсын дээд шүүхийн бүрэн эрх байхаар хуульчилсан. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгосон Ж.Эрдэнэбулганыг бүрэн эрхийн хугацаа нь нэгэн адил дууссан Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосон талаарх Улсын дээд шүүхийн албан ёсны байр суурь, саналыг тодруулан ирүүлэхийг хүсэхэд тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр “Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагдаж байна” гэх утга бүхий хариуг ирүүлсэн болохыг Ө.Шижир дарга танилцуулав.

УИХ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсгийн “Цэцийн …гишүүнийг чөлөөлүүлэх саналыг анх илгээсэн байгууллага Улсын Их Хуралд ирүүлсэн бол Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна” гэсэн маш тодорхой хуулийн заалтыг зөрчиж, Улсын дээд шүүхээс Ш.Цогтоог чөлөөлүүлэх санал гаргаагүй, түүнчлэн Ш.Цогтоог чөлөөлөх асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж санал, дүгнэлт гаргаагүй байхад чуулганы нэгдсэн хуралдаанаар шууд хэлэлцэн шийдвэрлэсэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд огт нийцэхгүй байна гэж хоригт дурджээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж, Ц.Мөнх-Оргил, Д.Ганбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал:

 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: УИХ тодорхой албан тушаалтнуудыг томилох бүрэн эрхэд Ерөнхийлөгч хориг тавих нь зөв үү, үгүй юу. Үндсэн хуулийн эрх зүйн онол номд болон бусад улс оронд  тухайн шийдвэрийг бодит хууль зүйн үндэслэлтэй эсэхээр нь авч үздэг. Үндсэн хуулийн цэцийн  есөн гишүүний гурвыг нь Ерөнхийлөгч томилдог атлаа үлдсэн зургаан гишүүнд  Ерөнхийлөгч цөөнхтэй нийлж хориг тавьж байна. Энэ нь Үндсэн хуулийн цэцэд Ерөнхийлөгч нөлөөлөл тогтоох гэсэн эрх зүйн гаргалгаатай болохыг цаашид үгүйсгэхгүй. Төрийн эрх мэдлийн хяналт, тэнцвэрийн баланс алдагдсан байж болохгүй. Ерөнхийлөгчийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх байх. Энэ хуульд УИХ томилох бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед Ерөнхийлөгч хориг тавихгүй байх ёстой гэж оруулж өгөх хэрэгтэй. Одоогийн энэ асуудал бол гажуудал. Үүнийг дэвэргэх гэж байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгоонд Ерөнхийлөгчийн оролцоо тодорхой байгаа. Ерөнхийлөгчийн гаргаж байгаа шийдвэрүүд нь сонин байгаа шүү. Элчин сайд Ё.Отгонбаярыг хүртэл эгүүлэн татах зарлиг гаргасан. Хэрэв Ё.Отгонбаяр Дипломат албаны сахилга зөрчсөн бол тэр дүрмээр нь асуудлыг шийдэх ёстой биз дээ. Өмнөх Ерөнхийлөгч Ё.Отгонбаярын хувийн амьдралыг нь сүйтгэсэн. Одоогийн Ерөнхийлөгч ажил, албан тушаалыг нь харлуулах ажлыг хийж байна. Ерөнхийлөгчийн зарлиг болон хориг хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна төрийн хяналт тэнцвэр, Үндсэн хуулийн эрхзүйн онол номоо харгалзмаар байна. Энэ жишиг нь дараа дараагийн гажуудлыг үүсгэнэ. Элчин сайд нарыг Ерөнхийлөгч нь эгүүлэн татдаг буруу жишиг тогтох нь. Элчинд сайдад Төрийн албаны тухай хуулиар хариуцлага тооцох болохоос биш ингэж асуудалд хандаж болохгүй. Ерөнхий сайдын томилгоонд бас Ерөнхийлөгч цөөнхтэйгөө нийлээд хориг тавьдаг болох уу.  Бусад оронд Ерөнхийлөгч нь албан тушаалтанд хориг тавьж байгаа жишээ байна уу. Энэ бол манайд л гарч байгаа гажуудал шүү.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир: Ерөнхий сайдад Ерөнхийлөгч хориг тавих боломжгүй. Яагаад гэвэл Ерөнхий сайдын нэрийг УИХ-д Ерөнхийлөгч оруулж ирдэг. Төрийн эрх мэдлийн тэнцвэр алдагдлаа гэлээ. Өнөөдөр бодит байдалд хэн нь Үндсэн хуулийн цэцэд нөлөөлж, ямар үйл явц болж байгааг та мэдэж байгаа. Ерөнхийлөгч томилгоонд хориг тавиагүй. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлсөн асуудалд Ерөнхийлөгч хориг тавьсан. Яагаад чөлөөлсөнд нь хориг тавьсан бэ гэхээр Улсын дээд шүүхийн хоёр гишүүний хэнийх нь оронд оруулж ирж байгаа нь тодорхойгүй байна. Хоёрдугаарт, энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж шийдвэрлээгүй, УИХ-ын тогтоол шийдвэр гарсан байна гэж үзээд Ш.Цогтоог Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлсөн гэсэн хэсэгт хориг тавьсан. УИХ-ын баталсан хууль тогтоомж, бусад шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих хуультай. Энэ дагуу л Ерөнхийлөгч хориг тавьсан.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Томилгоо  бол цогц асуудал. Нэг хүнийг томилоход нөгөө хүн нь чөлөөлөгддөг. Чөлөөлөх нь тусдаа процесс биш. Тэр утгаар нь би байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа. УИХ хууль дээдлэх ёсыг алдагдуулсан шийдвэрийг гаргаж байна. Шүүхийн тухай хуулийг өөрчлөх замаар хууль тогтоох эрх мэдлийн харьяанд шүүхийг авчирсны нөлөө илэрч эхэллээ. Цэцийг гишүүнийг томилох асуудлыг Үндсэн хуульд тодорхой заасан. Дээд шүүх Цэцийн гурван гишүүнийг санал болгон томилж, чөлөөлүүлдэг. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг чөлөөлөх томилох асуудлыг дээд шүүхийн нийт шүүгчдийн гуравны хоёроор томилж чөлөөлөх хүний нэрийг тодруулж УИХ-д өргөн мэдүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйгээс өнөөдрийн асуудал үүссэн. Хууль зүйн байнгын хороон дээр шийдээгүй асуудлыг нэгдсэн чуулган руу оруулж Ш.Цогтоог чөлөөлсөн. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар тухайн нэр дэвшигчийг томилж чөлөөлөх тухай асуудлыг Дээд шүүх УИХ-д ирүүлэх ёстой. Гэтэл тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч гэдэг хүн албан бичгээр харьцаж байна. Төрийн эрх мэдлийн хуваарилалт зохицуулалт хаана байна. Олонхи дүгнэлт хийх хэрэгтэй. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл харилцан нэг нэгэндээ хяналт тавьж Ерөнхийлөгчийн институт уг үйл ажиллагааг зохицуулах ардчилсан зарчим алдагдлаа. Шүүх үндсэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байна. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч үндсэн хуулийн дагуу хориг тавьсан. Энэхүү хоригийг хүлээж авах нь хуулиа хэрэгжүүлж буй УИХ-ын илрэл болно. Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Хууль дээдлэх, хууль биелүүлэх зарчим алдагдах болжээ. Ерөнхийлөгч хууль ёсыг сахиулахын төлөө зөв ажиллаж байгаа. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй бололтой. Сүүлийн үед Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас явуулж байгаа бодлого, шийдвэрүүд нь үнэхээр зөв зүйтэй байгаа. Та нар нэг, хоёр жилийн өмнө Ерөнхийлөгчийн хэлсэн болгоныг биелүүлээд явдаг байсан. Ерөнхийлөгч АТГ-ын даргыг томилдог мөн Улсын дээд шүүхэд зохих томилгоог хийдэг байсан. Одоо гэтэл энэ бүгдийг  та нар авчихсан.Үндсэн хуулийн  цэцээр ямар шийдвэр гаргуулах гээд та нар зүтгээд байгаа юм бэ. Цэц хараат бус шийдвэр гаргах ёстой байгууллага.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:  Хугацаа нь өнгөрөөд жил зургаан сар болсон хүмүүсийг чөлөөлөхөөс өөр арга Их хуралд байхгүй. Хугацаа нь хэтэрсэн асуудалд Их хурлыг буруутгах арга байхгүй. Үндсэн хуулийн дагуу хүнээ оруулж ир гэж удаа дараа саналаа явуулсан. Хууль зүйн байнгын хороог буруутгаад байх юм. Ш.Цогтоогийн асуудлыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээгүй гээд. Хууль зүйн байнгын хороо томилох асуудлыг л хэлэлцдэг. Шинэ хүн яригдах хүртэл өмнөх Цэцийн гишүүн ажлаа хийж байдаг. Процесс явж байхад хүн татчихлаа гэж яриад байх юм. Үүгээр явбал Цэцийн гишүүн насаараа томилогдоод явах нөхцөл бүрдэнэ шүү дээ. Төрийн алба хаах насны дээд хязгаарыг Ш.Цогт гишүүн давсан учраас би түрүүлж чөлөөлөх санал гаргасан. Дээд шүүхээс дахиад нэг хүн оруулаад ирвэл Д.Солонгыг чөлөөлөөд явна. Түүнээс авч үлдэх гээд байгаа юм байхгүй шүү дээ" гэв.   

 

    Хэлэлцэж буй асуудлаар холбогдох тодруулгыг хийх шаардлагатай гэдэг үндэслэлээр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах саналыг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Д.Ганбат танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 бүлгийн 15.4-т “Шийдвэрлэх хугацааг нь хуулиар тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч завсарлагын хугацааг тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэх боломжтой байхаар тогтооно” гэж заасан байдаг. Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө.

Санал болгох

Эмч, алба хаагчдад урамшуулал олгох зардлыг хэлэлцэнэ

Цар тахалтай тэмцэж буй эмч, алба хаагчдад олгох урамшууллыг батлах,   “Оюу Толгой”-н нэхэмжлэлээр арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах,

3 цагийн өмнө
Г.Ганбаяр: Тавдугаар сарын эхний 14 хоногт бүх багш нараа дархлаажуулна

Нийслэлд одоогоор 24 мянган багш, ажилчид эхний тундаа хамрагдаад байгаа. Харин орон нутгийн багш нарыг дархлаажуулах ажил хожуу эхэлсэн.

3 цагийн өмнө
ЭМЯ-наас хөл хориог 7-14 хоног сунгах санал гаргав

Энэ сарын 25-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоосон ч халдварын тоо болон нас баралт  нэмэгдсэн хэвээр байгаа. Тиймээс хөл хориог 7-14 хоног сунгах саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ. Энэ ням гарагт хөл хорио дуусна. Тиймээс ЭМЯ-ны энэ саналыг өнөөдөр УОК-ын хурлаар хэлэлцэж, Засгийн газарт танилцуулна гэлээ.

4 цагийн өмнө
С.Амарсайхан: Хүүгийнхээ сургалтын төлбөрийг төрийн санд буцаан шилжүүлнэ

Аав нь улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн хүний хувьд цар тахлын хүнд үед ард иргэдээ талцуулан бухимдуулахгүйн тулд ёсзүйн алхам хийгээд ХҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ Сургалтын ТӨРИЙН САНД БУЦААН ШИЛЖҮҮЛЖ, хөтөлбөрөөс татгалзаж байна.

4 цагийн өмнө