Б.Ганзориг: Зүрх, уушги, ходоод, элэг гэх эрхтнүүд буруу байрлалтай хүнд хавдрын хагалгаа хийсэн

2021 оны 4 сарын 72021-04-07
Б.Ганзориг: Зүрх, уушги, ходоод, элэг гэх эрхтнүүд буруу байрлалтай хүнд хавдрын хагалгаа хийсэн

Зүрх, уушги, ходоод, элэг гэх эрхтнүүд буруу байрлалтай хүнд улаан хоолойн хавдрын мэс заслыг ХСҮТ-ийн цээжний хөндийн мэс заслын эмч нар амжилттай хийжээ. Тухайн иргэн 63 настай бөгөөд анх ХСҮТ-д ирэхдээ улаан хоолойн хорт хавдар оройтож оношлогдсон, зүрх ачаалалтай, дотор эрхтний байрлал буруу байсан байна. Энэ хагалгаа нь Монголд анх удаа хийгдсэн гэдгээрээ онцлог болжээ. Тэгвэл бид энэхүү ховор тохиолдлын талаар ХСҮТ-ийн цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзоригтой ярилцлаа.

........................................................................................

-Дотор эрхтэн буруу байрлалтай хагалгааг амжилттай хийсэн байна. Энэ тохиолдол Монголд анхных байв уу?

-Тийм ээ. Монголд анх удаа дотор эрхтэн буруу байрлалтай хүнд хагалгаа хийлээ. Гэхдээ улаан хоолойн хавдартай иргэнд гэдгээрээ онцлог боллоо. Бидэнд анх удаа хагалгаа хийж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Яагаад гэхлээр бүх эрхтний байрлал өөр байсан учир анхлан мэс засал хийж байгаа юм шиг л байсан. Нэг ёсны манай салбарт шинэ туршлага боллоо. Өвчтөний хувьд улаан хоолойн хавдар оройтож оношлогдсон, дотор эрхтнүүд болох зүрх, уушги, элэг, ходоод гэх мэт эрхтнүүд буруу байрлалтай буюу эсрэг байсан. Улаан хоолойн хавдраас гадна тамхинаас хамаарч зүрх ачаалалтай ирсэн. Бидэнд энэ хүнд хагалгаа хийхэд хүнд байсан ч ард нь гарч чадлаа. 

Ганзориг 4.jpg

-Тэгвэл маш хүнд хагалгаа болсон байх нь. Хүндрэл үүссэн үү?

-Анх өвчтөнийхөө цээжний зургийг аваад харахад мэс засал хийж болох юм гэсэн боловч, зүрх нь ачааллаа дийлэхгүй байх магадлалтай байсан. Ингээд хоёр курс химийн эмчилгээ хийгээд биеийн байдлыг нь дахин ажсан. Бидний зүгээс эрсдэл өндөртэй гэж үзэж байсан учраас хагалгаа хийх боломжгүй гэсэн хариуг хэлж байсан. Гэтэл ар гэрийнхэн болон өөрийнх нь зүгээс хагалгаа хийж өгөхийг хүссэн бөгөөд хавдрын хэмжээ химийн эмчилгээний дараа багассан байсан учраас хийсэн.

Ер нь бол тухайн өвчтөн 2020 оны 11-р сард улаан хоолойн хорт хавдартайгаа мэдсэн. Тэгээд нэгдүгээр сарын 20-нд хагалгаанд орсон. Хагалгаа амжилттай болсон ч, 5-6 дахь хоног дээрээ оёдол задарч стенд тавиулсан. Хоёр сар гаруй стендтэй байсан өвчтөн маань өнөөдөр стендээ авахуулж бүрэн эдгэрч гарлаа. Нэг ёсондоо хагалгаа хийлгэснээс хойш 2 сарын дараа мэс заслын үр дүн гарсан гэсэн үг. Гэхдээ химийн эмчилгээ дөрвөн удаа хийлгэнэ.

Ганзориг 5.jpg

-Мэс заслын багийнхаа тухай яривал. Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй уг мэс заслыг хийсэн бэ? 

-Хагалгаанд нийт найман хүний бүрэлдэхүүнтэй орсон. Тухайлбал нэг мэдээгүйжүүлэлтийн эмч, гурван мэс заслын эмч, гурван сувилагч, нэг туслах ажилтан орсон. Ойролцоогоор 4-5 цаг хагалгаа үргэлжилсэн.

Ер нь багийн бүх хүн өөр өөрийн гэсэн үүрэг, үндсэн чиглэлтэй байдаг. Байрлал нь ч чухал. Зүгээр энгийн хүний улаан хоолойн хорт хавдрын хагалгаанд зогсдог шиг байрлалд энэ удаа ажиллаагүй. Бүгдийнх нь байрлал өөрчлөгдсөн.

"Болдог бол толь ашиглаж байгаад хийчих юмсан гэсэн бодол төрсөн"

Хэвлий нээсэн хойно бид бүгдийн өмнө нь харж байгаагүй байрлал байсан болохоор сонирхож харсан, тэмтэрч үзсэн. Энэ хагалгаа манай багийнханд шинэ туршлага болсон.

Ганзориг 6.jpg

-Баруун талд зүсэлт хийдэг байсан бол зүүн талд зүсэх нөхцөл үүссэн гэж ойлгож байна. Та нарт ямар мэдрэмж төрсөн бэ?

-20 гаруй жилийн өмнөх анх хагалгаа хийж байсан үе лүүгээ буцсан л даа. Гар хөл маань эвлээгүй, огт хийж үзээгүй зүйлээ хийж байгаа юм шиг мэдрэмж авч байлаа. Бүх хэрэглэдэг багажны өнцөг хүртэл эсрэгээрээ болчхож байгаа юм. 

Яг хагалгаа хийж байх явцад болсон явдал уу, дурсамж яриа юу мэдэхгүй байна. "Ямартай ч, мэс заслын эмч хагалгаа хийж байхад мухар олгой нь өвдөөд толь тавьж байгаад өөртөө хагалгаа хийсэн гэдэг" юм. Тухайн үед энэ түүхийг ярьж хөхрөлдөж байлаа.

Энэ хагалгаан дээр хэвлийн хөндий, цээжний хөндий нээгдээд, тайрсан улаан хоолойг ходоод руу орлуулдаг. Тэгтэл хэвлийг нь нээгээд үзэхээр, элэг нь зүүн талдаа, ходоод нь баруун талдаа, бүдүүн гэдэсний үзүүр эсрэгээрээ байсан. Нэг сонин юм нь мухар олгой байдаг байрандаа буюу баруун талдаа байсан. Тэгэхээр гэдэсний эргэлт нь дээр дутуу явагдсан юм шиг байгаа юм. Тийм сонин байдалтай анатоми байсан.

Ганзориг 2.jpg

Стандартын дагуу энэ төрлийн хагалгааг баруун талын цээжний хөндийг нээж хагалгаа хийдэг бол, энэ өвчтөнд зүүн талаар нь орж улаан хоолойн хавдрыг тайрч, залгах мэс засал хийгдсэн.

Миний хувьд хагалгаанаас гарч ирэхэд хөлөрсөн байдалтай байсан. Тэгэхээр бага зэргийн сандрал байсан юм шиг байгаа юм./Инээв/

-Тухайн иргэн эрхтэн буруу байрлалтайгаа хэзээ мэдсэн бол?

-Анх манай эмнэлэгт ирэхэд эрхтэн буруу байрлалтай, оройтсон оноштой, зүрх өвчлөлтэй ирсэн. Үүнээс шалтгаалж хагалгаа хийх боломжгүй зүрх нь ачааллаа дийлэхгүй байх магадлалтай байсанг дээр дурдсан. Харин одоо улаан хоолойн хавдраа авахуулж, зүрхний эмчилгээ хийлгэх боломжтой болсон. Тухайн иргэн 2013 онд зүрхний байрлал буруугаа мэдсэн юм билээ. Харин бусад эрхтний байрлал өөрчлөлттэйгөө сүүлд мэдсэн.

Гэхдээ байрлал буруугаас болж амь насанд халгаатай зүйл байхгүй учраас хүндрэлгүй амьдарч болоод байсан байгаа юм. Давхар хам шинжээр улаан хоолойн хавдар л аюултай байсан.

-Таны хувьд сүүлийн 20-иод жил мэс заслын эмч хийж байгаа. Дээрх шиг эсрэг байрлалтай эрхтний мэс засал өмнө нь хийж байв уу?

-Энэ төрлийн гажиг 8-25 мянган амьд төрөлтөд нэг тохиолддог. Олон улсад энэ нь генийн өөрчлөлтийн удамшилтай холбоотой гэж авч үздэг.  Бидний хийсэн мэс засал Монголд анх удаа хийгдсэн гэж бодож байна. Би өмнө нь цөсний хүүдийн чулуу буруу байрлалтай хагалгаанд орж байсан. Тэгэхээр энэ нь хоёр дахь хагалгаа юм уу даа. 

Ганзориг 8.jpg

"Улаан хоолойн хорт хавдар оройтож илэрснээс нийт оношлогдсон иргэдийн 25-30 хувьд л хагалгаа хийж байна"

-Улаан хоолойн хавдраар жилд хэдэн хүн хагалгаа хийлгэх шаардлагатай болдог вэ?

-Монголд түгээмэл тохиолддог хорт хавдруудын дотор улаан хоолойн хорт хавдар дөрөвт ордог. Элэг, уушги, ходоодны хорт хавдрын дараа орж байгаа. Жилд ойролцоогоор 6000 орчим хавдар оношлогддог бол тэрний 400 гаруй нь улаан хоолойн хорт хавдар байдаг.  

Гэхдээ эрт оношлоогүйгээс болж үүний 100 орчим нь л хагалгаа хийлгэж чаддаг. Улаан хоолойн хавдар маш олон амин чухал эрхтэн системийн голд байрладаг. Тиймээс хорт хавдар нь эрт оношлогдох магадлал бага байдаг. Ялангуяа гол судастай ойр байдаг учраас оройтож оношлох юм бол хавдрыг эмчлэх боломжгүй болдог. Мэс засал хийх боломжтой үе шатандаа оношлогдох боломж ойролцоогоор 25-30 хувь байдаг.

ганзориг 3.jpg

-Улаан хоолойн хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ. Зөвлөгөө өгвөл?

-Нэгдүгээрт час халуун хоол оочилж идэхээ болих хэрэгтэй. Ер нь халуун хоол идэхээс аль болох татгалзах. Хоёрдугаарт давсны хэрэглээгээ багасгах шаардлагатай. Энд нэг жишээ хэлэхэд улаан хоолойн хавдраар оношлогдож байгаа хүмүүсийн ихэнх нь Баян-Өлгий, Увс аймгаас өвчилдөг. Мөн архи тамхины хэрэглээгээ багасгах хэрэгтэй гэж зөвлөе.

Хамгийн энгийн арга нь халуун зүйл идэж уухаас татгалзах юм

 

Санал болгох

"SM" гоо сайхны эмнэлгийн мэс заслаас болж гурван хүүхэд өнчирлөө

“Тод Каннам” эмнэлэгт өөх соруулах мэс засалд орж байсан 29 эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг 2019 оны 4-р сард гарч, хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байна.Тэгвэл энэхүү эмнэлгийн буурин дээр “SM” гоо сайхны эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаа ч, дахин нэг эрэгтэй хамрын мэс засал хийлгэх явцад хүндэрч нас баржээ. Хохирогч Улсын нэгдүгээр төв эмнэлэгт өндөр халуунтай хүргэгдэж нас барсан байна. Бид хохирогчийн ах М.Баяраагаас мэдээллийг тодрууллаа.

5 өдрийн өмнө
Э.Цэндбаатар: Дэлхийн дэвжээ хэнийх вэ гэдгийг харуулна

МУГТ Э.Цэндбаатартай ярилцаж түүний байр суурийг сонслоо. 

5 өдрийн өмнө
Х.Чулуунбаатар: Хүсэл нь байхад хөлгүй байсан ч хүрнэ

Харамсалтай нь 2017 онд нүүрс тээврийн хүнд даацын автомашин жолоодож явах үедээ бусдын болгоомжгүй хурд хэтрүүлсэн үйлдлээс болж автомашинтайгаа онхолдож улмаар тулгуур эрхтнээ тайруулан суумгай болсон юм.

5 өдрийн өмнө
БУЙДАНГААС унасан хүүгийн тархи 70 хувь үхэжжээ

Нэг ой найман сартай хүү, ах эгчтэйгээ тоглож байгаад 30 см-ийн өндөртэй буйдан дээрээс ар дагзаараа унаж, өнөөдөр амьдрахын төлөө тэмцэж байна. Баяртүшигийн Мөнхбаяр хүү долдугаар сарын 8-ны өдөр буйдангаас унаснаас болж тархиндаа гэмтэл авч, гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай хагалгаанд орсон ч, өнөөдөр тархиных нь 70 хувь үхэжсэн байдалтай ЭХЭМҮТ-д нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна. Хүүгийн биеийн байдал тун хүнд байгаа бөгөөд, Монголд хийх эмчилгээ дуусч, гадаадад эмчлүүлэх шаардлагатай болжээ. Тиймээс гэр бүлийнх нь зүгээс хандивын аян эхлүүлсэн байна. Ингээд бид хүү юунаас болж өнөөдөр ийм байдалд орсон, цаашид хүүд ямар эмчилгээ шаардлагатай байгаа талаар түүний аав Б.Баяртүшигтэй ярилцлаа.

6 өдрийн өмнө