Авлигын индекст нөлөөлсөн хууль Мэдээллийн ил тод байдлынх

2
2021 оны 4 сарын 192021-04-19
Авлигын индекст нөлөөлсөн хууль Мэдээллийн ил тод байдлынх

Транспаренси интернэшнл олон улсын байгууллага жил бүр дэлхийн орнуудын авлигын индексийг гаргадаг. Энэ индекс нь улс орны удирдагчдын авлигын эсрэг тэмцэж буй хүсэл зоригийг 0-100 оноогоор хэмжсэн үзүүлэлт. Манай улс 2010 онд 27 оноо авч байсан бол 2012 онд 36 оноо, 2015 онд 39 оноогоор дүгнэгджээ.

Дундаж руу дөхсөн жилүүдэд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль /2011/, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /2012/, Шүүхийн багц хуулиуд /2012/, Шилэн дансны тухай /2014/ тухай хуулиудыг баталсан нь нөлөөлсөн гэж хувьдаа үздэг.

Эдгээр хуулиас Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг онцолж цуглуулсан мэдээллээ хуваалцая гэж бодож байна.

ТББ-уудын нөлөөлөл эхлэлийн цэгийг хатгасан нь

Мэдэх эрхийн төлөө хамгийн их дуугарч, судалгаа, зөвлөмж гаргасан ТББ-аар Глоб интернэшнл төв, Монгол дахь Соросын сан /одоогийн Нээлттэй нийгэм форум/, Хэвлэлийн хүрээлэн, Ил тод байдал санг дурдаж болно. Төрийн болон албаны, хувь хүний нууцад үл хамаарах мэдээллийг төрийн бүх шатны байгууллагаас гаргуулж авах эрхийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар 2011 онд баталгаажуулсан. Энэ хуулийг санаачилж батлуулах, хэрэгжүүлэх бүхий л үе шатанд эдгээр ТББ хамт байж иржээ.

Энэ тухай Глоб интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал “1995-1996 онд судлаач Хелен Дарбишире Монголд ирж мэдээллийн эрх чөлөө буюу иргэдийн мэдээлэл авах эрх гэж юу вэ гэдгийг бидэнд таниулж байсан хүний нэг. Манай ТББ Лондонд төвтэй “19-р зүйл” олон улсын байгууллагатай хамтран Монголын хууль тогтоомжуудад судалгаа хийхэд “Төрийн байгууллагуудын ил тод байдал их муу” гэсэн дүгнэлт 2002 онд гарсан. Ингээд “Мэдэх эрх. Мэдээллийн эрх чөлөө” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрх зүйн орчин бий болгох кампанит ажил өрнүүлсэн. Үр дүнд нь 2004 оны парламент хуулийн төслийг анх удаа УИХ-ын хэлэлцэх асуудлынх жагсаалтад оруулж байв” гэж дурссан байдаг.

ТББ-уудын санаачилга ажил хэрэг болж УИХ-ын гишүүн С.Оюун, Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, Э.Бат-Үүл нар “Мэдээлэл авах эрхийн тухай хуулийн төсөл” нэрээр 2007 оны тавдугаар сарын 2-нд буюу Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн өмнөх өдөр УИХ-д өргөн барьжээ. Хуулийн төсөлд Сонгогчдын боловсрол төв, Ил тод байдал сан, Нээлттэй академи, Хэвлэлийн хүрээлэн, Хүний эрх хөгжил төв, Зориг сан, Нээлттэй нийгэм форум, Ардчиллын боловсрол төв, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны Ажлын алба зэрэг байгууллага саналаа өгсөн. Гэвч 2004-2008 оны парламент бэлэн төслийг баталж чадаагүй юм.

2004-2008 оны парламент гурван Засгийн газрын нүүр үзэж, 76 гишүүнийхээ 35-ыг сайдаар сэлгэж томилсон. УИХ дахь таван намын төлөөлөл, гурван бие даагчийн улстөр, Ми-8-ын осол, Азийн чонын хордлого, Хонгорын хордлогын дуулианы хажуугаар тэр хуулийг сөхөж харах сөхөөгүй байсан ч байж мэднэ.

Ил тод байж, мэдээллээ иргэдэд өгөхийг үүрэгжүүлсэн нь

2008 оны сонгуулийн дараа болсон үймээний дуулиан, Оюутолгой, Тавантолгойн ажлын дараа С.Баяр Засгийн газрын тэргүүнээсээ “өвчний улмаас” чөлөөлөгдөж Сү.Батболд Ерөнхий сайд болов. Төрийн байгууллагын ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлтийг шинэхэн байгуулагдсан АТГ боловсруулж Засгийн 143-р тогтоолоор 2009 онд баталсан. Улмаар 2010 оныг Бизнесийн орчныг сайжруулах жил болгон зарлаж, “Цахим монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Сү.Батболд өмнөх парламентын үед хамтарч санаачилсан хуулийн төслөө Засгийн газраасаа шинээр УИХ-д Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл нэрээр 2011 оны нэгдүгээр сарын 21-нд өргөн барьсан.

Тэр үед ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар хуулийн төслийг УИХ-д танилцуулж, УИХ-аас Су.Батболд гишүүн ажлын хэсгийг ахалж байжээ. Ажлын хэсгийн гишүүнээр Х.Тэмүүжин, З.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр, Н.Энхболд нар ажиллаж, ХЗДХЯ-наас Хууль зүйн бодлогын газрын дарга Ц.Цолмон, ЗГХЭГ-аас референт Д.Мөнх-Эрдэнэ ажилласан нь протоколд бий.

Хоёр хуулийн төслийг нэгтгэн Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхэд Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар дэмжиж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл түлхэж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхаарсан нь 2011 оны зургадугаар сарын 16-нд хууль батлагдахад тус болсон. Тухайн үед “Энэ улсад чинь нууц юм гэж байх ёстой. Мэдээллийн аюулгүй байдлаа эхлээд анхаар. Эхлээд Төрийн нууцын тухай хуулиа чангал. Төрийн ажлын хажуугаар төрийн мэдээлэл дамжуулдаг ажил хийж амжихгүй” гэх мэт шүүмжлэл гишүүдээс гарч байжээ. 2011 он гэдэг бол бүх төрийн байгууллага мэдээллийн сайттай болж чадаагүй. Болсон нэг нь гацдаг, алдаа заадаг байсан үе. Ийм үед батлагдсан хуулийг заасан хэлбэрээр нь цахим хэлбэрээр ил болгож чадах болов уу гэсэн зовнил ч байж.

Төрөөс мэдээлэл авахад учирдаг хүндрэл, хүнд суртлыг энэ хууль нэлээд хумьсан. Төрийн албан хаагч, албан тушаалтнууд иргэдэд нээлттэй мэдээллийг гаргаж өгөөгүйнхээ төлөө хариуцлага хүлээдэг болсон. Өмнө нь яаж ийгээд хүсэлтийг нь буцаадаг, олон дахин гүйлгэж залхаадаг байсан явдлыг хугацаа зааж өгснөөр үгүй хийсэн. Иргэд, олон нийт төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, ил тод байхыг шаардах гартаа барих хуультай болсон нь сайн хэрэг.

Авлигатай тэмцэх шилдэг арга бол ил тод байдал

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль нэг талаараа иргэдийн нүдийг нээсэн, нөгөө талаараа төрийнхний хандлагыг өөрчилсөн хууль гэж үздэг. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг санаачлагчдын нэг Э.Бат-Үүл 2012 онд Нийслэлийн Засаг дарга болоод энэ хуулийг бүх шатанд мөрдөж ажиллах тухай есөн заалттай захирамж гаргасан. Аравдугаар сарын 8-нд гарсан захирамж гэхээр бараг анхны шийдвэрүүдийнх нь нэг байх. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, харьяа ОНӨААТҮГ-ууд, төсөв, төсвийн төсөл, хандив тусламжийн зарцуулалт, хүний нөөц, тушаал шийдвэр, тусгай зөвшөөрөл, худалдан авалт, үйлчилгээ, үнэ хөлстэй холбоотой мэдээллээ заавал иргэдээр шаардуулаад байлгүй ил байлгахыг Э.Бат-Үүл дарга тэгэхэд шаардсан.

Цаашлаад төрийн ил тод байдлыг дэмжсэн олон санаа, шийдвэрийн үндэс байжээ гэж боддог. Хууль гарсны дараа төрийн олон байгууллага цахимжиж, өнөөдөр бид шүүхийн шийдвэрийг shuukh.mn сайтаас, тендерийн мэдээллийг tender.gov.mn сайтаас, төрийн байгууллагын мөнгөн гүйлгээг shilendans.gov.mn сайтаас, нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогыг xacxom.mn сайтаас, ашигт малтмалын гэрээнүүдийг iltodgeree.mn сайтаас, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчдын мэдээллийг opendata.burtgel.gov.mn сайтаас үзэж болж байна. Мэдээж эдгээр нь тус тусын хуулиар нээгдсэн боломж боловч эхлэлийн цэг, хөгжүүлэх мотивацийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль олгожээ.

Ил тод байдал бол авлигатай тэмцэх шилдэг арга мөн. Заавал төрийн байгууллагаар очиж, дарга түшмэд царайчлах шаардлагагүйгээр төрийн үйлчилгээг авах боломжийг e-mongolia платформ өнөөдөр бидэнд олгож байна. Үүний дараагийн үсрэлтийг УИХ-д өргөн барьсан төсөл болох Нээлттэй мэдээллийн тухай хуулиар нээх юм. Энэ нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга. Энэ тухай дараагийн нийтлэлээр танилцуулна.

 

Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

20 өдрийн өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

2 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө