МАН МАХН-тай нэгдэх шийдэлд хүрсэн. Ойрын өдрүүдэд албан ёсоор гарын үсэг зурахаар тохиролцсон гэх мэдээлэл байгаа. Харин нөгөө талд АН-ын дотоод үл ойлголцол тодорхойгүй байдалтай хэвээрээ байна. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд өрсөлдөх эрхтэй 4 намаас 2 нь нэр дэвшигчгүй байх магадлал өндөр байгаа юм.
Монгол ардын хувьсгалт намын дарга ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа хүн нэр дэвшүүлэхгүй гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл МАН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүнийг дэмжиж ажиллахаа зарлаад байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлэхдээ,
"Энэ удаагийн сонгуульд эх орныхоо эрх ашгийг бодож, ард түмнийхээ өмнө тулгамдсан олон асуудлыг шийдэхийн тулд МАН-аас нэр дэвшигчийг дэмжинэ гэсэн байр суурийг баримталж байна" гэсэн юм.
2020 оны УИХ-ын сонгуулиар МАН нийт сонгогчдын 44,9 хувийн саналыг авсан. Харин МАХН нийт сонгогчдын 10 гаруй хувийн саналыг авсан. Тэгэхээр 2 нам нэгдвэл сонгогчдийн 60 орчим хувийн дэмжлэгтэй нам болно гэсэн үг. Гэхдээ МАХН-аас УИХ-д сонгогдсон ганц гишүүн С.Ганбаатар 2 намын нэгдлийг эсэргүүцэж өнөөдөр МАХН-аас гарахаа мэдэгдлээ.
Түүний хэлснээр “Би МАХН-д 2017 оны 5-р сарын 16-нд элссэн. Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс өнөөдөр гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж байна. Эрх баригчидтай шударга тэмцэж, бие биедээ хань болж, дэм болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага хамт олондоо сайн сайхныг хүсч байна. "Тавантолгой", "Оюутолгой"-г сандайлаад суусан МАН-тай нийлэх боломжгүй учраас аргагүй ийм шийдвэр гаргалаа. МАН-ын 62 суудлыг 63 болго гэж Эрдэнэтчүүд надад санал өгөөгүй. Эрдэнэтчүүдийнхээ эрх ашгийн төлөө тууштай ажиллах болно” гэлээ.
МАН, МАХН-ЫН НЭГДЭЛ С.ГАНБААТАР НЭР ДЭВШИХ БОЛОМЖГҮЙ БОЛГОНО
Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн сарын 18-нд NTV телевизэд өгсөн ярилцлагадаа,
"Би хэзээ ч хулгайч нартай нийлэхгүй. Энэ бол миний байр суурь. "МАНАН"-д орсон дор үхсэн нь дээр" гэв.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАН-д элсэхгүй гэж ойлгож болно. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхол УИХ-ын С.Ганбаатарт бий. Судалгаагаар ч түүний рейтинг дөрөвт бичигдэж байна. Тэгвэл МАН ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд МАХН-тай нэгдэнэ. Гэхдээ сонгуулиас өмнө албан ёсоор МАХН татан буугдахгүй. Татан буулгахгүй байх шалтгаан нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарын нэр дэвших боломжийг хаах зорилготой.
Тодруулбал, ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө МАХН татан буугдчихвал С.Ганбаатар гишүүн Та бидний эвслээс нэр дэвших гаргалгаа бий. Гэхдээ ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 27-р зүйлийн 27.2-т зааснаар намууд хамтарч сонгуульд нэр дэвшүүлэх тухай асуудлыг нам тус бүр төлөөллийн төв байгууллагынхаа хуралдаанаар шийдвэрлэнэ гэж заасан. Товчхондоо Монгол ардын нам нэг том өрсөлдөгчөө замаасаа холдууллаа.
АН-ЫН ХОЁР ТАЛ НЭГДСЭН ШИЙДЭЛД ХҮРЧ ЧАДСАНГҮЙ

Гэтэл нөгөө талд АН өөрөө өөрийгөө дэгээдэж унагаах нөхцөл байдал үүсээд байна. Хоёр даргын нэр ирүүлсэн АН-ыг дотооддоо асуудлаа шийд гэдэг хариултыг Улсын дээд шүүх өгсөн. Тиймээс АН-ын дарга О.Цогтгэрэл нөгөө талд тодорсон М.Тулгаттай уулзаж шийдэлд хүрэх санал тавьсан ч шийдэлд хүрч чадсангүй.
Өнөөдөр өглөө М.Тулгат даргатай АН-ынхан мэдэгдэл хийж маргаашаас эхлэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаа явуулахаа зарлалаа. Харин О.Цогтгэрэл даргатай АН-ынхан ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Ямартай ч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байгаа. Гэтэл намууд нэр дэвшигчээ 5-р сарын 2-н гэхэд тодруулж 5-р сарын 5-наас өмнө сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчийнхээ нэрийг өгөх ёстой. Гэвч хоёр талаас хоёр дарга тодруулаад сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх магадлал байсаар байна.
С.ЭРДЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨЖ МАГАДГҮЙ
Эх сурвалжийн мэдээллээр АН-ын дарга асан С.Эрдэнэ өөрөө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхол бий гэв. Тэрээр сүүлийн өдрүүдэд цахим орчинд идэвхтэй байж эхэлсэн нь энэ мэт хардлагыг бататгаж байгаа.
Хэрэв АН-аас С.Эрдэнэ нэр дэвшвэл энэ удаагийн сонгуульд бууж өгч байна гэсэн үг. Тодруулбал, МАН-ын дарга У.Хүрэлсүх олон нийтэд таалагддаг улс төрчдийн жагсаалтын гуравдугаарт бичигдэж байгаа. Харин С.Эрдэнэ олон нийтэд таалагддаггүй улс төрчдийн жагсаалтын хоёдугаарт бичигдэж байгаа.
С.ЭРДЭНЭ НАМАА ХУВААХ “ШАЛТГААН” ҮЛДЭЭГҮЙ
Дээр нь ардчилсан нам 2020 оны сонгуулиар 24,5 хувийн дэмжлэг авсан байдаг. Харин МАН болон МАХН нийлээд нийт сонгогдчийн 60 гаруй хувийн дэмжлэгийг авсан байдаг. Уг нь АН-ын нэг талд байгаа Эрдэнэ одоогийн ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэхийг эсрэг байгаа учир намын үйл ажиллагаанд оролцож байгаа гэж мэдэгдэж байсан. Тэгвэл одоогийн ерөнхийлөгч нэр дэвших боломжгүй гэж Үндсэн хуулийн цэц үзсэн учир намаа дотор нь хуваах шаардлага үлдээгүй гэсэн үг.
Гэхдээ цаг хугацааны хувьд АН ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй байх эрсдэл өндөр болоод байна. Энэ нь МАН-тай өрсөлдөх 2 дахь өрсөлдөгч тодорхойгүй байдалд орж эрх баригч намд ганцхан өрсөлдөгч үлдэж байгаа юм. Гэхдээ Хөдөлмөрийн үндэсний нам нь Монгол ардын намтай жинхнээсээ өрсөлдөх үү үгүй юу гэдэг нь эргэлзээтэй.
Уг нь ерөнхийлөгчийн сонгууль МАН, АН, МАХН, ХҮН өрсөлдөх эрхтэй. Гэвч одоогийн байдлаар МАН болон ХҮН нам хоорондоо өрсөлдөж магадгүй байна. Хэрэв ийм сонгууль болвол Монгол ардын нам ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах нь тодорхой болно.