Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр анхаарах гурван хуулийн төсөл

2021 оны 5 сарын 32021-05-03
Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр анхаарах гурван хуулийн төсөл

Өмнөх жилүүдэд бид хэвлэлийн эрх чөлөөг төрөөс нэхэж “зовоодог” байсан. Энэ жил салбар дотроосоо ухаж олох шаардлагатай болоод ирлээ. Өөр өөрийн өнгөөрөө эгшиглэж байсан найман телевиз МАН-ын “Мэдээллийн урсгал”-д өдрийн эфирээ түрээслүүлж, хамтдаа нэг өнцгөөр мэдээгээ эгшиглүүлж байна. Өдрийн мэдээ нэгэнт дүүрсэн учраас “Оройн мэдээ үзээрэй. Өөрсдийн өнцгөөрөө бэлдэж байгаа шүү” гээд өнгөрч болно. “Намын пропоганда руу өөрсдөө л гүйгээд оччихдог биз дээ” гэж хэн нэгэн хэлэхэд “Арилжааны телевиз” шүү гэдгээс өөр хэлэх үггүй л боллоо.

Өнөөдөр тохиож буй Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг дэлхий нийт “Мэдээ-Нийтийн сайн сайхны төлөө” уриан дор тэмдэглэж байна. Монголын найман телевиз өдрийн мэдээний цагаараа нийтийн сайн сайхны төлөө “хүчээ нэгтгэж” байгаа нь энэ юм байлгүй. Энэ тухай шүүмж хангалттай яригдах учраас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр гурван хуулийн төслийг сэтгүүлчиддээ сануулъя гэсэн юм. Үйл явдал бүрийг мэдээлэх ажлын ачааллаасаа шалтгаалж өөрсдөдөө хамаарах хууль журамд төдий л анхаарч чаддаггүй, нэгдэж нийлж саналаа өгдөггүй. Үүнээсээ болоод “батлагдсан хойно нь гоншигонодог” гэж их хэлүүлдэг дээ, манай салбарынхан. Товчхон бичье.

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл

2011 онд баталсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас шинэчлэн найруулж Нийтийн мэдээллийн тухай хууль болгож батлуулахаар өргөн барьсныг УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар дэмжжээ. Энэ хууль бол тухайн цаг үедээ дэвшил авчирч, төрийн үйл ажиллагааг харьцангуй ил тод болгож, иргэдийн мөнгөөрөө төрд цугласан мэдээллээс хуульд заасан хугацаанд мэдээлэл авах боломжийг олгосон. Өмгөөлөгч, судлаач, сэтгүүлчид энэ хуулийг хэрэглэж төрөөс мэдээлэл аваад хэвшчихсэн.

Төрд байгаа мэдээллийг нээлттэй, хязгаартай, хаалттай болгон ангилснаар дараах мэдээллийг “нээлттэй”-д нэмж тооцохоор төлөвлөжээ.

Тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг, төрийн эзэмшиж байгаа оюуны өмчийн эрхийг, ТӨХК, ТӨҮГ, ОНӨААТҮГ-уудын удирдлагуудын цалин хөлс, урамшуулал, байгууллагынх нь ашиг, алдагдлын тайланг, стратегийн ордуудыг ашиглаж байгаа компанийн төсөв, үндэсний баялагийн санд оруулж байгаа татвар, хөрөнгийн хэмжээг, улс төрийн намын дүрэм, гишүүнчлэлийг, монополь, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийн үнийн бүрдлийн мэдээллийг, төрийн зардлаар суралцагчдын мэдээллийг, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчдийн мэдээллийг, нэвтрэх ашиглахад хязгаар тогтоогоогүй нээлттэй өгөгдлийг, төртэй гэрээ байгуулан ажиллаж байгаа компаниудын байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийн мэдээллийг ил тод болгох юм.

Манай улс Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг эрчимжүүлж, дижитал шилжилт хийх зорилттой байгаа. Одоогоор төрөөс цахим хэлбэрээр үзүүлж болох 496 үйлчилгээний 320 нь буюу 64 хувь нь баримт бичиг, лавлагаа, мэдээллийн сангийн бүрдэл шаардлага. Өөрөөр хэлбэл, төр нь иргэн, аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлэхдээ төрийн бусад байгууллагаас баримт лавлагаа авчрахыг шаарддаг. Энэ байдлыг засч, төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс шаардаж, цаг, мөнгө, нервийг нь үрдэггүй байх зохицуулалтыг Нийтийн мэдээллийн тухай хуулийн “нийтийн мэдээллийн нэгдсэн сүлжээ”-тэй холбоотой хэсгээр хийх гэж байна. Ингэснээр E-Mongolia платформоос татсан баримт аль ч байгууллагад хүлээн зөвшөөрөгддөг, төрийн байгууллагуудын мэдээлэл хоорондоо зөрдөггүй байх дэвшил гарах тухай ярьж байна.

Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг өөрчлөх төсөл

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр сэтгүүлч гишүүд болох Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нартай өргөн барьсан. Энэ нь 13.14 дэх заалт буюу “Худал мэдээ тараах” гэмт хэргийг өөрчлөх тухай төсөл. Ингэхдээ худал мэдээ тараах биш “гүтгэх” болгож өөрчлөх, мөн тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотлохдоо “зорилготой” үйлдэл байсныг нь тогтоох, улс төрд нөлөө бүхий этгээдийг албан үүрэгтэй нь холбоотой иргэдийн хардсан сэрдсэн бол гэмт хэрэгт тооцохгүй байх өөрчлөлт оруулахыг хүсчээ. Тэнд “гүтгэсэн” гэж үзвэл иргэний журмаар шүүхэд хандаж, энгийн иргэнтэй адил тэгш гараанаас заргалдах эрхтэй байх юм. Харин ажилтай нь холбоогүй асуудлаар хувь хүн, гэр бүл рүү нь давшилсан гүтгэлгийг эрүүгийн журмаар шалгуулах эрх нь улс төрд нөлөө бүхий этгээдэд байна.

Б.Энхбаяр гишүүн энэ талаар, “Гүтгэх гэдэг нь гүжирдэх үйлдлийг хэлээд байгаа юм. Монгол агуулгаараа “Гүжирдэх” гэдэг нь зориуд санаатайгаар төлөвлөх утгатай. Өөрөөр хэлбэл, хүний санаа сэдэл, субъектив байдлаар толгойд үүсэж буй бодол. Энэ нь хэвлэн нийтлэхээс өмнө гардаг процесс. Бодит байдлаас зөрнө гэдгийг мэдсээр байж, санаатайгаар тарааж буй гүжирдлэгийг гүтгэлэг гэж хэлээд байгаа юм. Яг энэ агуулгаар нь “Гүтгэх” гэдэг томьёоллоор томьёолох ёстой гэж үзэж байгаа. Өмнө нь “Худал мэдээлэл тараах” гээд өөрчилчихсөн чинь, субъектив санаа сэдлийг ялгах шаардлагагүй болгочихсон. Ялгах шаардлагагүй болгочихоор бодит байдлаас зөрсөн л бол санаатай байна уу, санамсаргүй байна уу, болгоомжтой байна уу гэдгийг үл харгалзаад, шууд Эрүүгийн хариуцлага хүлээдэг болчихсон. Энэ нь эрх зүйн байдлыг нь улам дордуулсан зохицуулалт болчихсон” гэжээ.

Энэ талаар сүүлд МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч, доктор, профессор Ж.Батбаатар, “Нийтийн албан тушаалтныг албан үүрэгтэй нь холбоотой хэвлэлээр шүүмжилсэн асуудлыг манай хуульд голдуу хувь хүний эрх талаас нь, тэр өнцгөөс нь хандаж адилхан л хүн учраас бусдын адил “гомдох” эрхтэй, албан тушаалтан гээд эрхээ хасуулж, ялгаварлагдах ёсгүй гэх үзэл, хандлага давамгайлж тусгалаа олсон байдаг. Гэтэл энэ ойлголтыг 1960 онд “Нью-Иорк Таймс” сонин төрийн албан тушаалтантай шүүхдэлцсэн жишгээрээ эвдэж, олон улсад төрийн албан тушаалтан ажилтайгаа холбоотой шүүмжлэлд гомдох эрхгүй байх бичигдээгүй хууль, соёл тогтчихсон. Аливаа өндөр албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээд бас тэдэн дээр нэмээд одод, олны танил хүмүүс ч адилхан хүссэн, хүсээгүй нийгэм, олон нийт, хэвлэлийн хараа хяналт, байнгын шүүмжлэл дор нэг ёсондоо “нийгмийн, нийтийн хүн” болж амьдардаг. Тийм учраас тэд ийм “шүүлт”, шалгуурыг даах, давах сэтгэл зүйн бэлтгэл, “пянгаа даахаар хаттай” байх ёстой гэж үздэг юм. Чөлөөт хэвлэл ийм л зарчим барьж ажилладаг, ингэж сургадаг. Аливаа эрх мэдэл, нэр нөлөө, тэдний хамаарлаас ангид байх шударга зарчмыг гол болгодог чөлөөт хэвлэл чухамдаа ийм байдлаар тэдэнд тавих олон нийтийн хяналтыг хэрэгжүүлдэг онцлогтой” гэж ярьсан байна.

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл

МАН УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинг сайжруулахаар тусгасан. Энэ нь Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт орсон. С.Бямбацогтыг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхад боловсруулж байсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байх үед УИХ-д өргөн баригдах нь.

Төрөөс энэ хуулийн төслөөр сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрхийг баталгаажуулж, хэвлэл мэдээллийн байгууллага заавал редакцтай байх шалгуурыг тавихаас гадна хэвлэлийн өөрийн зохицуулалт, өөрөө удирдах байгууллага, үйлдвэрчний эвлэлийг хуульчлах сонирхолтой байгаа юм билээ.

Гэхдээ Хэвлэл мэдээллийн зөвлөл сэтгүүл зүйн ёс зүйн кодыг сайн санааны үндсэн дээр уриалдаг байгууллага болохоос код зөрчвөл нотлох баримтын түвшинд дүгнэлт бичдэг, тэрийг нь үндэслэж цагдаа торгодог, эсвэл тусгай зөвшөөрлийг нь цуцалдаг байх ёсгүй гэж өөрсдөө үзэж байгаа. Энэ ч үүднээс Хэвлэл мэдээллийн зөвлөл сэтгүүлчдийнхээ эсрэг төрд ашиглагдахаас зайлсхийж, манай байгууллага заавал хуульчлагдах шаардлагагүй гэдэг байр сууриа илэрхийлчихсэн.

Мэдээж эх сурвалжаа нууцлах, ил эх сурвалжийн мэдээллийг дамжуулсан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид хариуцлага тооцохгүй байхыг сэтгүүлчид дэмжиж байгаа. Харин төрөөс Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг санхүүжүүлэх сан байгуулах, Хэвлэл мэдээллийн зөвлөл шиг бүтцээр давхар нийгмийн сүлжээнд контент бүтээгчдийн ёс зүйг хянуулах нь эргээд Хэвлэлийн эрх чөлөөнд халтай зүйл болно гэж салбарынхан үзсэн. Тоолоод үзвэл, өнөөгийн парламентад хэвлэл мэдээллийн салбартай ямарваа нэг хамааралтай 10 гаруй хууль тогтоогч бий. Нэгэнт Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль 20 гаруй жил шинэчлэгдээгүй явсан, сэтгүүлчдийн эрхийг хамгаалах талаар ямарваа нэг зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байгаа тул лобби бүлгээр дамжуулах хууль батлагдаж л таарах байх. Харин хэр хэмжээнд, ямар асуудал дээр вэ гэдгийг салбараараа сайн хэлэлцэх шаардлагатай.

Санал болгох

40 удаагийн зөвлөгөөний үр дүн хаана байна?

Засгийн газрын хэрэгжүүлж буй  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь Аж үйлдвэрийн сэргэлт. Гэвч  өнөөдрийг хүртэл “мөрөөдлийн жагсаалт” хэвээр байгаа нь нууц биш.

7 цагийн өмнө
Сангуудын цуврал ба Цуврал уулзалтууд

“Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг нэршил хэвлэлийн хуудаснаас арчигдаад овоо хэдэн жил өнгөрсөн. Энэ нэршил сэргэжээ. Мэдээлэлд ойр байдаг төр засгийн дарга нар төрийн өмчит компаниуд, Засгийн газрын тусгай сангуудаас яасан их тоншоо вэ. Концесс, тендер, хувьчлал, давуу боломж, хөнгөлөлттэй зээл, урамшууллыг “томчууд” л авч. Энэ идээ бээрийг илчлэх ажил “нам-төр-сэтгүүлч-жиргээч” гэсэн “төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд өрнөж байна. Засгийн газар 25 тусгай сангийнхаа дөнгөж есийнх нь үүцийг задлахад ийм байна. Бусад сан, төрийн өмчит компанийн мэдээллийг “шилэн ажиллагаа” гэдгийг хүрээнд Н.Учрал сайдаар дамжуулан дэлгэх байх. Гэхдээ энэ засаг, энэ төр шүгэлдэх төдийхнөөр “хулгайчтай тэмцдэг” имижээр УИХ-ын сонгуульд оролцох нь иргэдийн хүссэн үр дүн бас биш.

5 өдрийн өмнө
Тойрогтоо очсон гишүүдийг дахиад загнавал яах вэ

Х.Баттулга шиг УИХ-аар хэлэлцүүлж чадсан тохиолдол 2008-2019 онд долоон удаа байгуулсан ажлын хэсгээс гарч байсангүй. Сүүлийн алхам, хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-ын дангаар байгуулсан Засгийн газраас 2023 онд гарч ирсэн нь энэ.

11 өдрийн өмнө
Залууст залуу нас үлдсэнгүй

“Залуу хүн эрүүл, өвддөггүй” гэх ойлголт нэгэнт ард хоцорч өнөөдөр дөнгөж 15 настай хүүхэд зүрхний эмгэг, шигдээсээр шаналж, 20 настай залуу цус харваж эмнэлгийн орон дээр амь тэмцэж буй дүр зураг аль ч эмнэлэгт байна.

14 өдрийн өмнө