Ө.Шижир: Өрхүүддээ бэлэн мөнгө болон адилтгах дэмжлэг үзүүлсэн 55 улс байна

1
2020 оны 11 сарын 182020-11-18
Ө.Шижир: Өрхүүддээ бэлэн мөнгө болон адилтгах дэмжлэг үзүүлсэн 55 улс байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр цар тахлын үед Засгийн газраас хөрөнгө гаргаж, зарим зээлийн эргэн төлөлтийг зогсоох, өрх бүрт нэг сая төгрөг олгох талаарх санал боловсруулж, Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өрх бүрт нэг сая төгрөг олгох асуудлыг дэмжээгүй. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирээс тодрууллаа.

-Ерөнхийлөгч өчигдөр өрх бүрт сая төгрөг олгох саналыг Засгийн газар хүргүүлсэн. Энэ саналыг гаргахдаа эдийн засгийн тооцоо судалгааг хийсэн үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайдад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан албан бичиг хүргүүлсэн. Бүх нийтийн бэлэн байдал зарласнаас болж бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа 14 хоног зогсож, ажилчин, албан хаагчид орлогогүй болж байна. Бизнес  эрхлэгчид арваннэгдүгээр сарын сүүлийн цалинг хэрхэн өгөх вэ гэдэг асуудал ч бүрхэг байна. Өнөөдрийн "Өдрийн сонин"-д "Хүнсний дэлгүүрүүдийн өрийн дэвтэр зузаарч байна. Өрхийн санхүү хүндэрч байна" гэсэн нийтлэл гарсан байна. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн байдал нь өрхийн санхүү, аж ахуйд нэлээд хүндрэл учруулж байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөс маш тодорхой зургаан саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.

-Ер нь тооцоолол хийсэн үү?

-Эдийн засгийн тооцоолол хийсэн зүйл байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа Ерөнхийлөгч Сангийн сайдыг дуудаж танилцуулах байх. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж хэлэхэд мөн ийм асуудал үүсч байсан. Гэхдээ тухайн үед эдийн засгийн тооцоололтой байсан гэдгийг та бүхэн харсан. Өнөөдөр 248 мянган иргэн 690 орчим тэрбумын тэтгэврийн зээлээ тэглүүлсэн. Үүнтэй адилхан бидэнд судалсан тооцсон зүйлүүд байгаа. Улсын төсөв хэрхэн бүрддэг вэ гэдгийг маш энгийнээр ойлгоход аж ахуйн нэгжүүдийн татвар, шимтгэлээс бүрддэг. Аж ахуйн нэгжүүдийн орлогыг ард иргэд бүрдүүлдэг. Тасралтгүй үргэлжлэх ёстой үйл ажиллагаа нэг газартаа тасарвал эдийн засагт хүндрэл үүснэ. Тиймээс улсын төсвийн орлого бүрдэх үү, бүрдэхгүй байх асуудал үүснэ. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс зургаан санал бүхий санал хүргүүлсэн.

-Манай улсад эдийн засгийн боломж байгаа юу. Ерөнхийлөгч ганцаараа улстөр хийчихэж байгаа юм биш биз дээ?

-Ганцаараа улс төр хийсэн зүйл байхгүй. Өмнө нь албан бус байдлаар Ерөнхий сайд, Засгийн газарт танилцуулга хийж байсан.

-Бэлэн мөнгө тараах байдлаар эдийн засгийн байдлаа дэмжсэн улс орнууд олон байгаа. Гэхдээ манай улсын эдийн засагт ийм боломж байгаа юу?

-Бэлэн мөнгө буюу түүнтэй адилтгах санхүүгийн дэмжлэг үзүүлсэн 55 орчим улс байна. Эдийн засгийн нөхцөл байдлыг харьцуулахад харьцангуй өөр. Гэхдээ манай улсын хувьд тодорхой хэмжээгээр шийдэх боломжтой. Улс нэмэлт орлого олох боломжтой. Үүнийг бид ашиглах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хэрвээ Ерөнхийлөгчийн саналыг Засгийн газар дэмжвэл Засгийн газар дээр тодорхой саналууд гараад зохицуулагдах байх. 2019 оны эцсийн судалгаагаар  897 мянга орчим өрх байгаа.  897 мянган өрх гэж тооцохоор сарын 900 орчим тэрбум төгрөг шаардлагатай дотоодын аж ахуйн нэгж үйлдвэрлэл рүү орох боломж байна гэж үзэж байгаа. 

-800 мянган төгрөгийн эрхийн бичиг авахыг аж ахуйн нэгжүүд зөвшөөрсөн юм уу. Улс аж ахуйн нэгжүүд рүү 800 мянган төгрөгийн эрхийн бичгийн санхүүжилт хийх боломжтой юм уу?

-800 мянган төгрөгийн эрхийн бичиг өгөх нь дотоодын үйлдвэрлэлүүдээ дэмжсэн, эргэлтийг бий болгох санхүүгийн дэмжлэг хөшүүрэг. 

-Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг дэмжээгүй гэсэн мэдээлэл байна. Энэ тохиолдолд яах вэ?

-Энэ мэдээллийг аваагүй байна. Хэрвээ Засгийн газар Ерөнхийлөгчийн гаргасан зургаан саналыг дэмжээгүй бол бид Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суух байх. 

-Хэрвээ Ерөнхийлөгчийн иргэдэд нэг сая төгрөг өгөх санал дэмжигдвэл Ерөнхийлөгчийн компаниуд ваучерт хамрагдана гэсэн шүүмжлэл байна?

-Наадах чинь маш энгийн асуудал. Энэ бол хуулийн зохицуулалттай. Хэрвээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан иргэдэд нэг сая төгрөг олгох саналыг Засгийн газар дэмжвэл энэхүү хөтөлбөрт Ерөнхийлөгчийн хувьцаа эзэмшдэг болон хамаарал бүхий компаниудыг хамруулахгүй байх хэрэгтэй. Би түрүүн хэлсэн, Монгол Улсад 8600 орчим боловсруулах үйлдвэр ажиллаж байна. Тэндээс Ерөнхийлөгчийн хамаарал бүхий хоёр, гурван үйлдвэр хасагдана гэсэн үг.

 

Санал болгох

Дэмжлэг шаардлагатай цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй өрхүүдэд хүнсний бүтээгдэхүүн өгнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр боллоо.

17 цагийн өмнө
Я.Содбаатар: 12 дугаар сарын 1-нээс бүх шатны сургуулийн хичээл танхимаар орохгүй

Арван хоёрдугаар сарын 1-нээс бүх шатны сургуулийн танхимын хичээлийг зогсоож, 12 сарын 18-наас хоёрдугаар сарын нэгэн хүртэл амраана. Их дээд сургуулиудын тухайд нэгдүгээр сарын 5-ныг хүртэл теле хичээлд хамрагдаж, хоёрдугаар сарын 15 хүртэл амарна. 

17 цагийн өмнө
Д.Золжаргал Архангайн Засаг даргын ажилдаа орлоо

УИХ-ын сонгуулиар Архангай аймагт өрсөлдсөн боловч өвдөг шороодсон Д.Золжаргалыг аймгийнх нь АН Засаг даргад нэр дэвшүүлсэн. Д.Золжаргал нь аймгийнхаа АН-ын дарга бөгөөд аймгийн ИТХ дахь 39 төлөөлөгчийн 20 нь АН-ынх юм.

20 цагийн өмнө