УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн П.Анужин: УИХ гарц гаргалгаа шийд ярьж байх ёстой энэ үедээ хэн хаанаас ч асууж болох, асуулт хариулт аваад энэ олон цаг сууж байна. УИХ-ын хийх ёстой ажил нь асуулт хариулт юм уу? Би энэ асуудалд үнэхээр сэтгэл дундуур байна.
Яагаад Аюулгүй байдлын байнгын хороо хуралдахгүй байгаа юм. Хавар монголд коронавирус гараагүй байх үед бид цар тахлын тухай хууль баталсан. Өнөөдөр бид нар нүүр тулчихаад байна. Яагаад банк, иргэдийн зээлтэй холбоотой асуудлаар хууль тогтоомж батлахгүй байгаа юм?
УОК яаралтай арга хэмжээнүүд авч, тултал ажиллаж байгаа харагдаж байна. Гэхдээ Улаанбаатар хотод авч байгаа шийдвэрүүд хэр зөв байгаа юм бэ? Иргэдийг өглөө эсвэл орой хүнс эм тариагаа авах ийм шийдвэр гаргачихлаа. Дэлхий улс оронд эмч, эрдэмтэд энэ вируст D витамин, задгай салхи хэрэгтэй байгааг тогтоосон байна. Манай улсад өглөө эрт хүнсээ цуглуулах хүн байхгүй. Тиймээс иргэдийг ойрхон эмийн сан, хүнсний дэлгүүрээр зорчих эрхийг нээлттэй болгооч ээ. Мөн шөнийн цагаар хүнс, эм, барааны түгээлтийг хийнэ гэсэн шийдвэр гаргалаа. Энэ хэр зүйтүй вэ? Энд дахиад хүн хүч хэрэг болох бус уу?
Нөөцийн мах зарж байна гэлээ. Гэтэл нөөцийн махыг гулууз гулуузаар нь зарж байна. Цалингаас цалингийн хооронд амьдардаг хүмүүс 18-25 кг мах авч чадах уу?
Шадар сайд Я.Содбаатар: Хатуу хөл хорионы дэглэмийг 90 хувиас дээш хэмжээнд хүргэж байж өвчний тархалтыг хумина. ДЭМБ-аас замын хөдөлгөөнийг 90 хувиас дээш хэмжээнд хумих зөвлөмжийг өгсөн. Үүний дагуу хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: Нөөцийн махнаас гулууз гаргаад байгаа асуудал бол иргэдээс хүсэлт ирээд байгаа юм. Бид махаа их хэмжээгээр нөөцөлж авья, ялангуяа хонины махыг их хэмжээгээр зах зээлд гаргаачээ гэсэн хүсэлт өгөөд байгаа юм. Хүнсний дэлгүүрүүдээр махны жижиглэнгийн худалдаа хэвийн явагдаж байгаа.