Хутагт, хувилгаадаараа алдартай Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Нөхөн олговор олгох тухай хуулийн төсөл санаачилжээ.
Тэрээр хуулийн төслөө хараахан эцэслээгүй учраас УИХ-д өргөн бариагүй явна. Ямартай ч үзэл баримтлал нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрт нөхөн олговор олгох тухай хуулиас өөр байх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, хүнд биш байгууллагад нөхөн олговор олгодог хууль болж бичигдэх нь ээ.
Ц.Цэрэнпунцаг гишүүн энэ талаараа, "1920 оноос эхлэлтэй улс төрийн их хэлмэгдүүлэлтээр Монголын соёл, оюуны өв болсон Бурханы шашин, соёл хамгийн ихээр хохирч, бүхэл тогтолцоогоороо сүйтгэгдсэн юм. Ийнхүү Монгол дахь Бурханы шашин, соёлыг утсгаснаар манай үндэстний оюун санааны өв тээгч хувилгаан, лам хуврагуудыг хилсээр шийтгэж, соёлын биет болон биет бус өвийг утсгаж, хойч үедээ үнэлж барашгүй хохирол учруулсан.
Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтэд судалгаагаар улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдүүлсэн 30 орчим мянган хүнээс 19758 лам байсан ба тэдгээрээс 14 мянгыг нь буудаж, үлдснийг нь 10 жил хорих ялаар шийтгэсэн байна. Хэлмэгдүүлэлтийн жилүүдэд Монгол оронд уран барилгын цогцолборууд болох нийт 750 гаруй сүм хийдийг устгаж сүйтгэсэн байна.
Монголын төр удаан хугацаагаар хэлмэгдэж, дарагдсаар ирсэн уламжлалт Бурханы шашнаа 1990 оноос хойш “шашин шүтэх эрх, эрх чөлөөтэй” байх эрхийн хүрээнд уламжлал нь тасраагүй, эдийн засаг болон хүний нөөцийн чадавхи асар өндөртэй гадаадын бусад шашнуудтай уралдуулан орхиод байна. Гэтэл дэлхийн улс орнууд өөрийн уламжлалт буюу зонхилох шашны үйл ажиллагааг дэмжиж улсын төсвөөс санхүүжүүлдэг жишиг байна. Жишээ нь: 2018 онд Унгар 3.52%, Эстони 2.6%, ХБНГУ 1.72%, Латва 1.62%, Норвеги 1.62%, Ирланд 0.52%, Их Британи 0.60%, Израйль 1.42%, Австрали 0.70%, Колумб 0.67%, Япон 0.38%, АНУ 0.27%-ийг өөрийн уламжлалт буюу зонхилох шашны үйл ажиллагааг дэмжиж улсын төсвөөс санхүүжүүлдэг байна. Иймд 1930-1940 онд Монгол Улсад устаж үгүй болсон Бурханы шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэх зорилгоор Нөхөн төлбөр олгох тухай хуулийн төслийг боловсрууллаа" гэлээ.
Хуулийн төсөл нь зургаан зүйлтэй бөгөөд Буддын шашны ном сургаалиар дамжуулан иргэдэд зөв амьдрах ухааныг түгээх, иргэдийн оюун санааг соён гэгээрүүлэх, Монгол ёс, зан заншлыг хойч үедээ өвлүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэж санаачлагч үзсэн байна.