Цар тахлын эсрэг Германд хэрэгжүүлсэн арга хэмжээ

2020 оны 11 сарын 302020-11-30
Цар тахлын эсрэг Германд хэрэгжүүлсэн арга хэмжээ

2020 оны 11 дүгээр сарын 2-ний өдрөөс эхлэн ХБНГУ-ын Засгийн газар цар тахлын эсрэг авах арга хэмжээгээ чангатгасан бөгөөд үүнийг товч багцлан авч үзвэл цар тахлын эсрэг ХБНГУ-ын баримталж буй өнөөгийн бодлого, арга хэмжээ дараах чиглэлд голлон төвлөрч байна. Үүнд:

    1. Хүн амд халдвар хамгааллын дүрмийг сайтар танилцуулж мөрдүүлэх, хүмүүсийг бөөгнөрүүлэхгүй байх гэх мэт сэргийлэх арга хэмжээ авах,

-Ард иргэд AHA+AL (зайгаа барих, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм сахих, өдөр тутамд амны хаалтаа зүүх, Коронагаас сэрэмжлүүлэх апп хэрэглэх, агааржуулалт байнга хийх) дүрмийг чанд баримтлах, 

-Албан газар, гэр орон, олон нийтийн газар иргэд зөвхөн онцгой нөхцөлд 10 хүртэл хүнээс доош тоотойгоор цугларч болох бөгөөд бусад үед цугларахаас зайлсхийх, айлд зочлох, аялалд явахыг хориглох,

-Иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудыг тодорхой хугацаагаар хаах (дуурь, театр, кинотеатр, парк, тоглоомын төвүүд, үзэсгэлэн яармаг, усан сан, саун, фитнес, спорт заал зэрэг газрууд),

-Нийтийн хоолны газруудыг тодорхой хугацаагаар хаах (баар, диско, клуб зэрэг газрууд) боловч хоолны газраас захиалсан хоолоо аваад гарахыг бол зөвшөөрөх,

-Биед хүрч үйлчилгээ үзүүлдэг массаж, шивээс, гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг газруудыг тодорхой хугацаагаар хаах боловч хөл арчилгаа болон сэтгэл заслын эмчилгээний газруудыг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөх, үсчний газрыг халдвар хамгааллын нарийн дэглэмийн дор ажиллахыг зөвшөөрөх,

-Бөөний болон жижиглэн худалдааны газруудыг халдвар хамгааллын нарийн дэглэм баримтлан ажиллахыг зөвшөөрөх, 

-Залуу үеийн ирээдүйд боловсрол нэн чухал учраас сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэх газрыг халдвар хамгааллын нарийн дэглэм баримтлан ажиллахыг зөвшөөрөх,

-Бусад аж үйлдвэр, гар урлал, жижиг дунд үйлдвэрийг халдвар хамгаалын нарийн дэглэм баримтлан ажиллахыг зөвшөөрөх, албан байгууллага нь ажилтнуудаа халдвар авахаас сэргийлэх, халдвар авсныг богино хугацааны дотор тогтоон тодорхойлох арга хэмжээг авах, халдвар илэрсэн нөхцөлд тусгаарлах арга хэмжээг шуурхай түргэн зохион байгуулах,

-2020 оны 11 дүгээр сард үйл ажиллагааг нь тодорхой хугацаагаар зогсоосон аж ахуйн нэгж, хувь хүн, холбоод, байгууллагад зохих хэмжээний нөхөн төлбөр олгох (жишээлбэл, 50 хүртэл ажилтантай аж ахуйн нэгжид өгөх нөхөн төлбөр нь өмнө жилийн мөн үеийн гүйлгээний 75 хувьтай тэнцэх бөгөөд тогтмол зардлыг мөн ерөнхийлөн тооцох)

-2020 оны 12 дугаар сараас эхлэн өндөр эрсдэлтэй бүлгийн хүн бүрт долоо хоног тутамд 15 ширхэг FFP2 маскыг тараан хэрэглүүлэх, халдварыг богино хугацаанд оношлох түргэн оношлуурыг хэрэглэх,

        2. Цар тахлын үед өндөр хариуцлага, ачаалал ногдож буй гэр бүл, өрхүүдэд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх,

o Хүүхэд бүрт 300 еврогийн бонус олгох (2020 оны 9 дүгээр сард 200 еврог, 10 дугаар сард 100 еврог тус тус олгох),

o Орлого багатай бөгөөд хүүхэдтэй айл өрхүүдэд сар бүр 185 евро хүртэлх хэмжээний хүүхдийн тэтгэлгийг олгож байгаа бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс уг тэтгэлгийн хэмжээг 205 хүртэл евро болгон нэмэгдүүлнэ, мөн ийм өрхийн хүүхдийг цэцэрлэгийн үдийн хоолны хураамжаас чөлөөлж, шаардлагатай гэж үзвэл сургуулийн хүүхдэддээ сурах бичиг, ном хэрэгсэл авахад зориулж мөнгөн тусламж олгоно,

o Өрх толгойлсон ганц бие эцэг эхчүүдийн хувьд орлогын албан татвараас хөнгөлөгдөх сарын орлогын хэмжээ 1908 евро байсныг 2020, 2021 онд 4008 евро болгон нэмэгдүүлэх,

o Өрх толгойлсон ганц бие эцэг эхчүүд нь хүүхдийнхээ эцэг буюу эхээс хүүхдийн тэтгэмжийн мөнгө огт авдаггүй эс бөгөөс тогтмол авч чадахгүй байгаа нөхцөлд олгодог хүүхдийн тэтгэмжийн мөнгө сар бүр хүүхэд тутамд 174 евро байсныг 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 309 евро болгон нэмэгдүүлэх,

o Сургууль, цэцэрлэг хаагдаж, эцэг эхчүүд хүүхдээ гэртээ харсан нөхцөлд 12 хүртэл насны хүүхэдтэй эс бөгөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд 10 хүртэл долоо хоногийн хугацаанд, харин ганц бие эцэг эхчүүдэд 20 хүртэл долоо хоногийн хугацаанд цалингийн 67 хувь буюу 2016 хүртэл еврогийн нөхөн төлбөр олгох (10 буюу 20 долоо хоногийн хугацааг нэг дор эс бөгөөс хэдэн сараар дамнуулан хэсэгчлэн хувааж болно),

o Цар тахлын улмаас албан байгууллагууд үндсэн ажилтнаа цөөлж, орон тооны бус ажилтнаа нэмж байгаа тул ийм орон тооны бус ажилтанд олгох цалингийн хэмжээ орон тооны ажилтны цалингийн 60-67 хувьтай тэнцэж байсныг 80-87 хувь болгон нэмэгдүүлж, уг зөрүүг Холбооны Хөдөлмөр эрхлэлтийн агентлагаас олгох,

o Амь зуулгаа залгуулах тэтгэмж олгох нөхцлийг хөнгөвчлөх,

o Цар тахлын улмаас сургуулиуд онлайн сургалтыг нэвтрүүлж буйтай холбоотойгоор шаардлагатай тоног төхөөрөмжийг боломж тааруу айл өрхийн хүүхдүүдэд олгох,

o Оюутнуудад төрийн сангийн зээл олгох нөхцлийг хөнгөвчлөх, Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас хүүгүй сургалтын зээл олгох,

  3. Ковид-19-ын халдварын тархалтын цар хүрээг богино хугацааны дотор олж илрүүлэх, таслан зогсооход ихээхэн хувь нэмэр болж байгаа Коронагаас сэрэмжлүүлэх апп (ХБНГУ-ын Засгийн газрын захиалгаар Германы Роберт Кох Институтын зохион бүтээсэн Corona-Warn-App)-ыг цаашид хөгжүүлж, улам боловсронгуй болгох, хэрэглээг хэвшүүлэх,

4. Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын өдөр тутмын ачааллыг хөнгөвчлөх, цаг хугацаа хэмнэх зорилгоор SORMAS (Surveillance Outbreak Response Management and Analysis System – халдварын хавьтлыг тодорхойлох, хянах үүрэг бүхий систем) DEMIS (German electronic reporting and information system for infection protection – халдварын тухай цахим мэдээллийг боловсруулах холбооны нэгдсэн систем) системийг бүрэн нэвтрүүлэх, 2020 оны эцэс гэхэд тэдгээрийн хэрэглээний төвшинг 90 хувьд хүргэх, чингэхдээ мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах,

5. Цар тахлыг даван туулах хамгийн чухал арга хэрэгсэл болох вакцинжуулалтын ажилд онцгой анхаарал тавих, 2021 оны эхний улиралд багтан хүлээн зөвшөөрөгдсөн, үр дүнтэй вакцин гаргаж авах магадлал өндөр байгаа учраас ард иргэддээ вакцинжуулалт хийх бүтцийг бий болгох, вакцинжуулалтын төвүүдийг байгуулах бэлтгэл ажлыг хангах,

6. Ковид 19-ын халдварын хавьтлыг аль болох богино хугацаанд илрүүлж, тусгаарлах, өдөрт шинээр халдвар авагсдын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор тэдгээрийн хавьтлыг дор бүр нь тогтоож, халдварыг хумиж чадахын тулд эмч, сувилагч, оношлуур, эм, хамгаалалтын хувцас хэрэгсэл, эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхээс гадна хавьтлыг мөшгин тогтоох хүн хүчнийг цаг алдалгүй нэмэгдүүлж байх зэрэг болно.

Мэдээллийн эх сурвалж:

1. Regierungspressekonferenz vom 23. März 2020, https://www.bundesregierung.de/breg-de/suche/regierungspressekonferenz-vom-23-maerz-2020-1733998)

2. Die aktuellen Fallzahlen in Deutschland und weltweit, 20.11.2020,  https://www.bundesregierung.de/breg-de/aktuelles/fallzahlen-coronavirus-1738210 

3. Was tut die Bundesregierung für die Pflege?, 19.11.2020, https://www.bundesregierung.de/breg-de/aktuelles/bundesregierung-pflege-1816914

4. Kontakte auf ein Minimum beschränken, 16.11.2020, https://www.bundesregierung.de/breg-de/aktuelles/bund-laender-beschluss-1811812

5. Außerordentliche Wirtschaftshilfe Details für Novemberhilfen stehen, 13.11.2020, https://www.bundesregierung.de/breg-de/themen/coronavirus/corona-novemberhilfen-1805628

6. Was tut die Bundesregierung für Familien?, 04.11.2020, https://www.bundesregierung.de/breg-de/suche/familienleistungen-1712524

7. Kita- und Schulbetrieb, finanzielle Entlastung, Beratungsangebote Informationen für Familien, 06.10.2020, https://www.bundesregierung.de/breg-de/suche/familien-in-corona-zeit-1738334

8. Videokonferenz der Bundeskanzlerin mit den Regierungschefinnen und Regierungschefs der Länder am 28. Oktober 2020, Beschluss, https://www.bundesregierung.de/breg-de/themen/buerokratieabbau/videokonferenz-der-bundeskanzlerin-mit-den-regierungschefinnen-und-regierungschefs-der-laender-am-28-oktober-2020-1805248

9. Infektionsketten digital unterbrechen mit der Corona-Warn-App, Corona-Warn-App ist ein wichtiger Baustein der Pandemiebekämpfung, 20.11.2020, https://www.rki.de/DE/Content/InfAZ/N/Neuartiges_Coronavirus/WarnApp/Warn_App.html 

10. Corona-Pandemie Finanzielle Unterstützung, 19.10.2020, https://www.bmfsfj.de/bmfsfj/themen/corona-pandemie/finanzielle-unterstuetzung

Танилцуулга мэдээ бэлтгэсэн:

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын салбар, доктор (PhD) Ц.Лхам

Санал болгох

Баруун Африкийн цагаачдыг тээвэрлэж байсан завь хөмөрч, 43 хүн амиа алдлаа

Завины хөдөлгүүр нь зогсож, улмаар хэдэн цагийн дараа хөмөрсөн байна. Амиа алдсан хүмүүс бүгд Баруун Африкийн орнуудаас ирсэн эрчүүд байжээ.

8 цагийн өмнө
Токиогийн Олимп товлосон хугацаандаа болно

Токиогийн Олимп цуцлагдаж магадгүй гэсэн батлагдаагүй мэдээ хэвлэлүүдээр явж эхэлсний дараа Японы Засгийн газраас өнөөдөр олимпын наадамтай холбоотой мэдээлэл хийлээ. 

8 цагийн өмнө
Энэтхэгт гарсан гал түймэр вакцины үйлдвэрлэлд нөлөөлөхгүй гэлээ

Энэ гал түймэр вакцины үйлдвэрлэлд нөлөөлөхгүй гэж тус компани мэдэгдлээ.

14 цагийн өмнө
Ерөнхийлөгч Жозеф Байден тангарагаа өргөж, ажилдаа орлоо

Жо Байден 15 захирамж гаргаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээнд АНУ дахин нэгдлээ

2 өдрийн өмнө