УИХ-аас Ажлын хэсэг гаргаж өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн ХЭҮК-ын таван гишүүнийг сонгон шалгаруулж, энэ сард томилсон. Комиссын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ж.Хунан, гишүүдээр Д.Сүнжид, Г.Нарантуяа, Б.Энхболд, Х.Мөнхзул нар ажиллаж байна.

Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд зааснаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн дээрх таваас тусдаа, нэлээд эрх үүрэгтэй байх юм.
Өмнө нь уг албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахад дөрвөн хүн оролцсон боловч нэг нь нэрээ татаж, үлдсэн гурвынх нь хоёр нь Ажлын хэсгийн есөн хүнээс нэг ч санал аваагүй бол нэг нь хоёр хүний л санал авчээ. Иймээс хоёр хүний санал авсан боловч журамд заасан 50 хувиас дээш санал аваагүй П.Оюунчимэг (ХЭҮК-ын гишүүн асан)-ийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулаагүй. Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан ХЗБХ-ны зөвлөх М.Үнэнбат сонгон шалгаруулалтыг дахин зарлаж, зохион байгуулах саналтай байгаагаа гишүүдэд хэлсэн.
Энэ дагуу маргааш болох Хууль зүйн байнгын хорооны хурлаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалт зохион байгуулах асуудлыг хэлэлцэх нь ээ. Өмнө нь ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийг ХЗБХ-нд танилцуулахад Ж.Сүхбаатар гишүүн, “Таван хүний гурав нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй байна. Тэгэхээр бидний өмнө ярьж байснаар эрүү шүүлт хариуцсан гишүүн эрэгтэй байх ёстой юм байна” гэж лоббидож байна лээ.
Ямартай ч хуульд зааснаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр хууль зүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай, Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаатай томилох ёстой. Сонгон шалгаруулалт явуулж томилох хүртэл хоёр сар орчмын хугацаа шаардлагатай.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн ямар эрх үүрэгтэй байх талаар ХЭҮК-ын тухай хуулийн долдугаар бүлгийг тусгайлан зориулжээ.

ДОЛДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮНДЭСНИЙ АЖИЛЛАГАА
31 дүгээр зүйл.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагаа
31.1.Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар шийтгэх буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх чиг үүргийг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн хэрэгжүүлнэ.
31.2.Комиссын гишүүн болон бусад албан тушаалтан Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, оролцохыг хориглоно.
31.3.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагааны төсөв нь чиг үүргээ бүрэн, тасралтгүй, үр нөлөөтэй, хараат бусаар эрхлэн явуулахад хүрэлцэхүйц байна.
31.4.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, хэвлэн нийтэлнэ.
32 дугаар зүйл.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн
32.1.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр хууль зүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай, Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаатай томилно.
32.2.Энэ хуулийн 32.1-д заасан шаардлагыг хангасан иргэн сонгон шалгаруулалтыг нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор нэр дэвших тухай хүсэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ.
32.3.Хууль зүйн байнгын хороо ажлын хэсэг байгуулж, 15 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулна. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад тэнцэж, хамгийн өндөр оноо авсан иргэнийг нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ.
32.4.Хууль зүйн байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр томилох саналаа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, томилох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
32.5.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй бол энэ хуульд заасан журмын дагуу 14 хоногийн дотор өөр хүний нэрийг дэвшүүлнэ.
32.6.Нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй бол тухайн иргэнийг дахин нэр дэвшүүлэхгүй.
32.7.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд энэ хуулийн 12.10, 12.11-д заасан зохицуулалт, 12.12-т заасан журам нэгэн адил хамаарна.
32.8.Энэ хуулийн 15.1-д заасан үндэслэлээр Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг хугацаанаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө.
33 дугаар зүйл.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чиг үүрэг
33.1.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
33.1.1.аливаа хэлбэрээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эсхүл тухайн этгээд өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй бүх газарт эрүү шүүлт гарч болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөлийг судлах зорилгоор тогтмол хяналт шинжилгээ хийх;
33.1.2.олон нийтэд эрүү шүүлтийн хор аюулыг тайлбарлан таниулах, эрүү шүүлтээс ангид байх эрхийг төрийн албан тушаалтан, иргэдэд сурталчлах;
33.1.3.эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар судалгаа хийх, ном, сургалт, сурталчилгааны хэрэглэгдэхүүн, сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах зэрэг ажлыг эрхлэн явуулах, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг оролцуулах;
33.1.4.хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сурталчилгаа тогтмол явуулах.
Тайлбар: Энэ хуульд заасан “бүх газарт” гэдэгт хорих байгууллага, цагдан хорих анги, түр болон албадан саатуулах газар, сэтгэцийн эрүүл мэндийн төв, хүүхдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон ахмадын асрамжийн газар, сургуулийн дотуур байр, албадан эмчилгээний байр, дүрвэгсдийн байр, цэргийн сахилгын байр, хилийн шалган нэвтрүүлэх боомт дахь түр саатуулах болон хамгаалах байрыг ойлгоно.
34 дүгээр зүйл.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний бүрэн эрх
34.1.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар шийтгэх буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
34.1.1.энэ хуулийн 33.1.1-д заасан газарт аль ч цаг үед саадгүй нэвтрэх, хяналт шинжилгээ хийх;
34.1.2.хууль тогтоомж, төрийн байгууллагын шийдвэрийн төсөл эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зарчимд нийцэж байгаа эсэх талаар санал, зөвлөмж гаргах;
34.1.3.энэ хуулийн 33.1.1-д заасан газар, эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүний талаарх бүх төрлийн мэдээллийг аль ч үед гаргуулан авах;
34.1.4.энэ хуулийн 33.1.1-д заасан газарт ажиллах явцдаа аюулгүй байдлаа хангуулах;
34.1.5.энэ хуулийн 33.1.1-д заасан газрын нөхцөл байдлыг техник хэрэгсэл ашиглан баримтжуулах;
34.1.6.эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлэх;
34.1.7.эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор ашгийн төлөө бус хуулийн этгээд болон бусад байгууллагатай хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох, олон нийтэд тогтмол мэдээлэх;
34.1.8.эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
34.1.9.эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгжийн даргыг томилох, чөлөөлөх;
34.1.10.эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгжийн дотоод зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх;
34.1.11.эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгжийн дотоод үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам баталж мөрдүүлэх.
35 дугаар зүйл.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний зөвлөмж
35.1.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн шийдвэр, үйл ажиллагаа нь эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар шийтгэх буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж болзошгүй гэж үзвэл шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд зөвлөмж хүргүүлнэ.
35.2.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.
35.3.Байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд нь зөвлөмжийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар бичгээр хариу мэдэгдэнэ.
35.4.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний зөвлөмжийн дагуу арга хэмжээ хэрэгжүүлээгүй бол албан тушаалтныг албан тушаалаас нь бууруулах, чөлөөлөх, огцруулах, байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг зогсоох саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргана.
36 дугаар зүйл.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгж
36.1.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд туслах чиг үүрэг бүхий орон тооны нэгж ажиллана.
36.2.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгжийн дарга, ажилтан төрийн захиргааны албан хаагч байна.
36.3.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгж нь Комиссын Тамгын газарт харьяалагдах ба зөвхөн энэ хуулийн 33.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.