Ерөнхий сайд асан С.Баяр, Петровис компанийн үүсгэн байгуулагч Ч.Давааням нарын давж заалдах гомдлыг өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч хэлэлцэж байна.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 23-нд хэргийг хэлэлцээд С.Баярт албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээр хасч, таван жилийн хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Харин Ч.Даваанямд хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Мөн Ерөнхий сайд асан С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 мянган төгрөгийн орлого хураах шийдвэр гаргасан бол Ч.Даваанямаас 5 тэрбум 766 сая 440 мянган төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг АНУ-аас хураах шийдвэр гаргасан байдаг.
Ингэхдээ шүүгдэгч С.Баяр нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгэх зорилгоор найз Ч.Даваанямын байгуулсан “Петровис трейдинг” компанид шатах тослох материал нийлүүлэх гэрээ байгуулах, 2013 оныг дуустал хүчинтэй байхаар 418 тэрбум 385 сая 173 мянга 982 төгрөгийн орлого олох боломж олгосон. Түүний үр дүнд “Петровис” компанид эдийн засгийн болон давуу байдал үүсгэсэн.
Мөн С.Баярын том охин Б.Нандин, Ч.Давааням нар хамтран үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг нэрээр 2010-2014 оны хооронд АНУ-д 4 үл хөдлөх хөрөнгийг худалдан авч борлуулж, орлогыг нь АНУ дахь С.Баярын болон эхнэр Сувдын дансаар 5 тэрбум 580 сая 443 мянган төгрөг дамжуулсан мөнгө угаасан гэмт хэрэг зохион байгуулсан гэм буруутайд тооцсон.
Шүүгдэгч Ч.Давааням нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж давуу байдлаас бий болсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үл хөдлөх хөрөнгийн бизнес үргэлжлүүлэн явуулж байгаа нэрээр 2010-2014 оны хооронд дөрвөн үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, АНУ-ын банкин дахь С.Баярын болон эхнэр Судвынх нь дансаар 2011-2017 оны хугацаанд 5 тэрбум 580 сая 444 мянган төгрөг авч мөнгө угаасан үйлдэлд гэм буруутайд тооцсон байдаг.
Шүүхээс 12 дугаар сарын 1-ний өдөр С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийг С.Баярцогт нарынхтай нэгтгэн хэлэлцэхээр тогтоол гаргасан. Гэвч өчигдөр буюу 12 дугаар сарын 3-ны өдөр болсон С.Баярцогтын шүүх хурлаар хэргийг дахин тусгаарласан билээ.
Уг хоёр хэргийг нэг шүүх бүрэлдэхүүн шүүж буй бөгөөд С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал дууссаны дараа албан ёсны шийдвэрийг танилцуулах юм.
Эх сурвалжийн мэдээлснээр С.Баярцогтод анхан шатны шүүхээс оноосон 10 жилийн ялыг дөрвөн жил найман сар болгож өөрчилсөн байна.
Мөн шүүгдэгч “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан Да.Ганболд, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан нарын дөрвөн жилийн хорих ялыг нэг жил гурван сар болгосон байна.
Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадрал нарт оноосон нэг жил зургаан сарын ялыг нэг жил болгон бууруулжээ.