Хүнсний бүх төрлийн будаа, ургамлын тос, малын өвс, тэжээлийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг баталлаа

2020 оны 12 сарын 42020-12-04
Хүнсний бүх төрлийн будаа, ургамлын тос, малын өвс, тэжээлийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, мөн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгны хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Ж.Батжаргал нар танилцуулав.

Ингээд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалгахад Улсын  Их Хурлын нийт гишүүний 45 хувь нь дэмжиж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл батлагдав. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг 50 гишүүн дэмжлээ.

Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 7.1.15-д “цар тахлын болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг авахад шаардлагатай хүнсний болон бусад нөөцтэй байх ба нөөцийн жагсаалтыг баталж, түүнийг бүрдүүлэхтэй холбоотой зардлыг шийдвэрлэх” гэж заасан.

Гэвч коронавируст халдварын цар тахлын тархалт урьдчилан тодорхойлох боломжгүй нөхцөлд хүрснээр байгаль, цаг уурын онцлогоос хамааран дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарч байгаа, зарим аймгийн нутагт зуншлага тааруу байснаас ган болж малын өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүйн зэрэгцээ наймдугаар сарын сүүлээр зүүн аймгуудын нийт нутгаар их хэмжээний бороо орсны улмаас хадлан бэлтгэл оройтож, өвс, тэжээлийн нийлүүлэлт хомсдох, үнэ өсөх нөхцөл үүсэж болзошгүй байгаа.

Тиймээс коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тосыг, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлж, уг хуулийн төслийг батлагдсан өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжүүлэхээр Засгийн газраас  боловсруулсан хуулийн төслүүд ийнхүү батлагдлаа.

Эдгээр бодлого, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, импортын хамааралтай хүнсний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг өнтэй даван туулахад дэмжлэг болно гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлав

Чуулганы нэгдсэн хураллдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлав.

Улсын Их Хурал 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан эдгээр хуулийн төслийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн юм.

Ингээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг бүхэлд нь батлахыг нийт гишүүдийн 50 нь буюу 86. 2 хувь нь, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг бүхэлд нь батлахыг 50 гишүүн дэмжсэнээр хуулийн төслүүд эцэслэн батлагдав.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс шилжилт хөдөлгөөнийг зогсоох хугацааг “ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс” болгож өөрчлөхөөр болов. Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд 18 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэсэн 5.3 дахь хэсгийг нэмэх, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг “18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн,  сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж өөрчлөн найруулахаар болов.

Дараа нь "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тул гишүүдийн саналаар тогтоолын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж, Байнгын хорооны хуралдаанаар хоригийг хэлэлцэх үед тогтоолын төслийг дахин нягталж ярилцахаар шийдвэрлэсэн юм.

Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулав.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Н.Алтанхуяг, С.Бямбацогт нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөнтэй холбогдуулан боловсруулсан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв. Ингээд тогтоолын төслийг эцэслэн батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, тогтоолын төсөл батлагдав.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 8 гишүүнээс 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлэв. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар танилцуулсан юм. 

Хуулийн төслийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгууллагын байнгын хороонд шилжүүлсэн байна. Тус байнгын хороо 08 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн дэмжсэн зарчмын зөрүүтэй 56 санал, найруулгын шинжтэй 4 багц саналын томъёоллоор нэгбүрчлэн, төслийн зүйл нэг бүрээр санал хураалт явуулж, Байнгын хорооны дэмжсэн 53, дэмжээгүй 6, найруулгын 1 багц санал болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна.

Харин Улсын Их Хурлын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль явагдсантай холбогдуулан төслийн талаарх зарчмын зөрүүтэй зарим саналыг эргэн харах, дахин нягталж сайжхуулах нөхцөл, шаардлага үүссэн гэж үзэн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулах шаардлагатай хэмээн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн тул төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Энэ үндсэн дээр Ажлын хэсэг хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 22 саналын томьёолол, найруулгын шинжтэй 1 багц санал болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 1 саналыг үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зайлшгүй сайжруулах шаардлагатай хэмээн үзэж гүйцээн боловсруулжээ. Бусад саналыг 08 дугаар сарын 19-ний өдрийн Байнгын хорооны хуралдааны үеэр шийдвэрлэсэн томьёоллоор нэгдсэн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нутгийн удирдлагын дэд хороо ирэх долоо хоногт хуулийн төслийн талаар цахим хэлэлцүүлэг хийж, шинээр сонгогдсон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн саналыг сонсох хүсэлт гаргасан. Мөн төслийн зарим зүйл, заалтыг эргэн харж гүйцээж боловсруулан Үндсэн хуулийн заалтад нийцүүлж тодотгох шаардлагатай гэж үзэж буйгаа дурдав. 

Энэ үндсэн дээр хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаанд нийцүүлэх, бусад хуультай уялдуулах үүднээс төслийг Байнгын хороонд шилжүүлж анхны хэлэлцүүлгийг дахин явуулах горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.8 хувь нь дэмжив. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Санал болгох

С.Батболд: Надад төрөөс хулгай хийх шаардлага байхгүй

Ерөнхий сайдын өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Ингэхдээ “ Тусгаар Монгол Улсын эзэгнэн дарлах гэсэн бүлэглэл бүр тодорхой хэлэх юм бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна.  Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ” гэсэн юм.

6 цагийн өмнө
Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэсэгчилсэн хориг тавьж байна.

9 цагийн өмнө
УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

10 цагийн өмнө
О.Батханд: Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас жагсаалд оролцоогүй

Дээрх үйл ажиллагаанд Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас ямар ч оролцоо байхгүй гэдгийг баттай хэлье. Тиймээс нэр төрөө сэргээлэхээр шүүхэд хандаж байна.

11 цагийн өмнө