Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр цахимаар боллоо. Шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргасан бөгөөд С.Баярт оногдуулах ялыг хоёр жил зургаан сар болгож ялын хэмжээг бууруулжээ.
НПГ-аас С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллахдаа Оюутолгойн ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулах яриа, хэлэлцээ хийхийг ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, БОАЖ-ын сайд Л.Гансүх нарт үүрэг болгож, “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг Засгийн газрын нэр бүхий гишүүдэд олгож, мөн өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Ингэхдээ гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албан тушаалаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн “Петровис трейдинг” ХХК, “Айвонхоу майнз Монголиа инк” компанитай 2009 оны есдүгээр сарын 1-нд “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээ байгуулж, энэ гэрээ нь 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд “Петровис трейдинг” ХХК 418.4 тэрбум шахам төгрөгийн орлого олох боломж олгосон хэмээн шүүх үзсэн юм.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн долдугаар сарын 23-нд С.Баярт нийтийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жил хасаж, нээлттэй дэглэмд таван жил хорих ял оноож, хууль бусаар олсон 5.6 тэрбум орчим төгрөгийг хураан улсын орлого болгох шийдвэрлэсэн. Харин Ч.Даваанямд хоёр жил хорих ял оноож, хууль бусаар олсон орлогоороо АНУ-д худалдан авсан дөрвөн орон сууцын үнэ болох 5.7 гаруй төгрөгийн үнэлгээ бүхий тус улсын нутаг дэвсгэр дэх орон сууцыг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл давж заалдах шатны шүүхээс тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж албан тушаалаа урвуулсан үйлдлийг нь нэг жил зургаан сар, мөнгө угаасан үйлдэлд нь нэг жил хорих болгон хөнгөрүүлжээ. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр буруутай үйлдэлд ногдуулсан ялыг нь нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг хоёр жил зургаан сараар тогтоов. Харин Ч.Даваанямд оноосон ялыг нэг жил хорих ял болгон өөрчилжээ. Тэднээс 5.7 тэрбумын хөрөнгө хурааж, улсад оруулах анхан шатны тогтоолыг хэвээр үлдээсэн байна.
Шүүх хуралд С.Баяр Цагдан хорих 409, Ч.Давааням Цагдан хорих 461 дүгээр ангиас шүүх хуралд цахимаар оролсон бөгөөд С.Баяр, С.Баярцогт нарын хэргийг нэгтгэж, өнөөдөр нэг хуралдаанаар хэлэлцсэн ба шүүхээс С.Баярцогтод оноосон 10 жилийн хорих ялыг мөн бууруулж, 4,8 жил, Л.Ганболдод оноосон 4 жилийн хориг ялыг 1,3, Б.Бямбасайханд оноосон 4 жилийн хорих ялыг 1,3 жил, Б.Ариунсанд оноосон 1,6 жилийн хорих ялыг 1 жил, Б.Бадралд оноосон 1,6 жилийг хорих ялыг 1 жил болгон бууруулах шийдвэр гаргасан байна.