Зам тээврийн сайдаар ажиллаж байсан М.Зоригт твиттэрт 146.200 дагагчтай. Тэрээр өнөөдөр "Улс төрийн гэх тодотголтой хоригдож байсан Монгол Улсын иргэн өнөөдөр нас барсан байна" хэмээн твиттэрт бичсэн нь олны анхаарлыг татаж, нэлээд дуулиан үүсгэв.
ШШГЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Х.Баясгалан энэ талаар "Хорих ангид хүн нас бараагүй. Ташаа мэдээлэл байна" гэж няцаалаа.

Гэсэн хэдий ч твиттэрт Петровисийн Ч.Даваанямыг нас барсан гэж жиргээчид цааш нь бичив.
Эрүүгийн хуульд "Илт худал мэдээлэл тараах" гэсэн гэмт хэрэг бий. УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан М.Зоригт ташаа мэдээлэл тарааснаа өөрөө ч хүлээн зөвшөөрчээ.
Цар тахлын үеэр худлаа мэдээлэл тараах нь Цар тахлын эсрэг хуулиараа хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. Хэрэв хэн нэгэн иргэн ташаа мэдээлэл түгээсэн бол цагдаа, тагнуулын байгууллагаас шалгаж байгаа. Харин УИХ-ын гишүүн байсан хүн ийм мэдээлэл түгээсэн бол хуулийн байгууллагууд хэрхэх бол.
Өмнө нь иргэн Ц.Бат жиргээгээр гүтгэснийхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээсэн тохиолдол бий. Хуулийн байгууллага түүний твиттэр хаягийн дагагч олон тул хэвлэл мэдээллийн байгууллагатай дүйцүүлж, хаягийг нь олон нийтэд мэдээлэл тараах хэрэгсэл мөн гэсэн юм.