Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №687 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Э.Оюунчимэг (Жи-Тайм)-т холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдөр товлогджээ.
Анхан шатны шүүх Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
“Жи тайм корпорейшн” ХХК нь 11398 иргэнд 25 тэрбум 801 сая 303 мянга 770 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд уг хэрэг нь 586 хавтастай 11 мянга 398 хохирогчтой тул шүүх хуралдааны танхимд хохирогчдыг бүрэн оролцуулах боломжгүй байсан юм.

“Жи Тайм корпорейшн” ХХК-ийн захирал Марат Маженовыг ЦЕГ-аас хүсэлт гарган Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполоор эрэн сурвалжилсаар удаж байна. Түүнийг батлан даалтад гаргасан хэдий ч хилийн хориг тавиагүй байх үед Монгол Улсаас оргон зайлсан байдаг.
Улсын мөрдөн байцаах газар нь Улаанбаатар хот, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, БаянӨлгий, Ховд, Дархан-уул, Говь-Сүмбэр, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгийн нийт 38 мянга орчим иргэнээс 40.8 тэрбум төгрөг залилж, онц их хэмжээний хохирол учруулсан Казахстан иргэн Марат Маженов нарын “Жи Тайм корпорейшн” ХХК-ийн удирдлагуудад холбогдох хэргийг 2017 оны хоёрдугаар сарын 11-нээс шалгаж эхэлсэн. Тэдэнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байлаа.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/17 дугаар тушаалаар Мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Наранбаатараар ахлуулсан төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 53 мөрдөн байцаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байв. Нэлээд ээдрээтэй уг хэргийг шалгах ажиллагаанд Засгийн газрын нөөц хөрөнгөөс дэмжлэг үзүүлээд байсан юм.