Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг шинэчилж өгнө гэж өчнөөн ярьсансан. Жил бүрийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Сэтгүүлчийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй өнгөрөхийн эсрэг өдөр, Үндэсний сэтгүүл зүйн ойд тэдний бичиж явуулсан илгээлтэд энэ л үг ёс юм шиг дурайтал бичигддэг. МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр болоод энэ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ч хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн орчныг сайжруулах заалт бичигдсэн байгаа.
Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн яамны сайтад Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлдөө 13.14 дэх заалтыг нарийвчилж, ял шийтгэлийг нь нэмж бичсэнээ байршуулсан нь өчигдөр тохиосон Хүний эрхийн олон улсын өдрөөр сэтгүүл зүйн салбарт барьсан “гэнэтийн бэлэг” байлаа. Өнөө УИХ, Засгийн газар нь нисдэг бор морийг нь ид гээд явуулсан юм уу, нисдэггүй бор морийг нь идээд ир гэсэн юм уу. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл яав аа? ҮАБЗ-ийн гурван гишүүний хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх тухай үгс улиг болжээ.
Үндсэн хуульд заасан хүний нэр төр, алдар хүндийг гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогоор хамгаалах нь зөв өө гээд дэмжиж Эрүүгийн хуульд “Илт худал мэдээлэл түгээх” гэдэг заалт оруулсан. Энэ зөвтгөл бас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар биш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шалгах талаар байсан. Гэтэл Эрүүгийн хуулийг шинэчлэх байнгын ажлын хэсэгт багтсан мөрдөх, хяналт тавих, шүүх байгууллагын нөхөд улам л шүүмжлэлт дуу хоолойг багалзуурдах гээд байгаа нь юу вэ.
Сэтгүүлчдийн мэдэж байгаагаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хоёр төсөл байгаа. Эхнийх нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нарынх. Төрийн байгууллага, улс төрийн албан тушаалтан өөрийг нь шүүмжилж, хардаж бичсэн иргэнийг цагдаад өгч шалгуулж болохгүй тухай.
Хоёр дахь нь, өчигдөр сэтгүүл зүйн салбараараа шуугиад явчихсан Эрүүгийн хуулийг шинэчлэх байнгын ажлын хэсгийн төсөл. Сонгуулийн үеэр улс төрийн намыг гутаавал шоронд хийнэ гэж байна шүү. Тэр төслөөс авах зүйл нэг л байна.
Тэр нь илтэд худал мэдээлэл бэлтгэж, тараасан санаа зорилгыг заавал нотолсон байх шаардлага. Үг, найруулгын алдаа, санамсар болгоомжгүйгээсээ болж, тоо алдсан мэргэжлийн хариуцлагын улмаас эрүүгийн шүүхийн хаалга татдаг явдал байхаа болино гэж найдаж байна. Заавал зорилготой гэмт хэрэг байх ёстой гэсэн үг.
Өөр хүний эрхийг хамгаалж дэвшил гаргаад байгаа зохицуулалт тэр зүйлд алга аа. Аливаа зүйл эрэмбэ дараатай бол эхлээд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг сайхан батлаад өгчих. Түүний дараа хараа хариуцлагын тухай сөхөхөд оройтохгүй.
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслөөс сэтгүүлчид хэдхэн зүйл хүлээж байгаа. Нэгт, сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах. Хоёрт, ил эх сурвалжийн үгийг дамжуулсан сэтгүүлчийг шийтгэхээ болих. Гуравт, хэвлэлийн өөрийн зохицуулалтыг хуульчлах. Дөрөвт, редакцийн хараат бус байдлыг бэхжүүлэх. Тавд, хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэх.
Өнөөгийн УИХ-д хэвлэл мэдээллийн байгууллагатай, байгууллагад ажиллаж байсан арваад нөхөр бий. Тэд лобби бүлэг байгууллаа л гэдэг. Тэгээд таг.
- Л.Оюун-Эрдэнэ: МҮОНРТ-ийн Охид хөвгүүд, Цэг, цэг таслал, нэвтрүүлгийн хөтлөгч
- Ц.Мөнхцэцэг: Өнөөдөр сонины олон улсын мэдээний орчуулагч, тоймч
- Б.Баярсайхан: МҮОНРТ-ийн Өглөө хөтөлбөрийн хөтлөгч, Амин медиа групп, Ийгл ТВ-ийн захирал, Пресс клубын тэргүүн.
- Д.Сарангэрэл: Фото зурагчин, МҮОНРТ-д сурвалжлагч, редактор, ТВ-5 телевизийн захирал, МСНЭ-ийн ерөнхийлөгч.
- Л.Энх-Амгалан: МОНЦАМЭ, Ил товчоо сонины сурвалжлагч, хэвлэлийн Интерпресс компанийн захирал, Монголын гэрэл зурагчдын холбооны ерөнхийлөгч.
- Г.Мөнхцэцэг: Засгийн газрын мэдээ сонины сурвалжлагч, Зууны мэдээ сонины албаны дарга, Нью Майнд компанийн хэвлэл мэдээллийн ажилтан, захирал
- П.Анужин: Монгол тулгатны зуун эрхэм, Монгал товчоон, 70-76 нэвтрүүлгийн хөтлөгч
- Н.Учрал: Рояал ТВ, Рояал ФМ, Малчин ТВ-ийн эзэн. Монголын телевизүүдийн холбооны гишүүн.
- М.Оюунчимэг: ММ агентлагийн сурвалжлагч, редактор, захирал. ЗГХЭГ-ын Хэвлэлийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч
- Б.Жаргалмаа: МҮОНРТ-ийн Харц нэвтрүүлгийн хөтлөгч, Ийгл ТВ-ийн сурвалжлагч редактор, захирал, анкор.
УИХ, Засгийн газар хэвлэл мэдээллийн албатай. Энэ бүтцүүдээс хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хуулийн зохицуулалттай холбоотой мэдээлэл чих тавин хүлээдэг дээ. Таг л байх юм.
Нөгөөтэйгүүр, МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөл, телевиз, сайт, сонины холбоод, өчнөөн төрийн бус байгууллага Монголд бий. Энэ байгууллагууд нэгнээ хүлээн зөвшөөрч, редакциуд, чөлөөт сэтгүүлчид, иргэний нийгмийнхэн хамтарч ажиллаж, аливаа хуулийн төсөлд яаруу сандруу бишээр нухацтай, ажил хэрэгч хандах хэрэгтэй байна аа.