МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд дэмжсэн 7 хүн

2
2020 оны 12 сарын 92020-12-09
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд дэмжсэн 7 хүн

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тус зөвлөлд Засгийн газраас нэр дэвшүүлэн ажиллаж байсан Ө.Золбаяр, З.Энхболд нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан сэтгүүлч М.Уянга, Г.Отгонбаяр нарыг Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлснийг дэмжив.

Мөн Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Нямсамбуугийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Ж.Цэсэнг тус зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж буйг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцуулсныг дэмжив.

Дээрх зөвлөлд Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэн ажиллаж байсан Б.Батбаяр, Д.Цэндсүрэн, Д.Оюун-Эрдэнэ, Б.Энхмандах нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа юм байна. Ингээд ТББХ-ноос дөрвөн албан тушаалд нэр дэвших хүмүүсийн материалыг 11 сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 4 хүртэл авчээ. Нийт 27 төрийн бус байгууллагаас 28 нэр дэвшигч материалаа ирүүлсэн байна. Үүнээс шаардлага хангасан 25 нэр дэвшигч дотор сэтгүүл зүйн чиглэлийн 12, хөдөлмөр, нийгмийн хамгааллын гурав, байгаль орчны чиглэлийн хоёр, боловсролын дөрөв, эрх зүйн хоёр, гадаад харилцааны хоёр хүн байна. Ингээд 25 хүн дотор гишүүдээс санал авахад хамгийн олон санал авсан дөрвөн хүний нэрийг Байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганд оруулж байгаа нь энэ.

Гишүүд нууцаар санал хураахад нэвтрүүлэгч Д.Цоодол, М.Наранбаатар, Ч.Батцэнгэл, Б.Ганболд нар олон санал авсан тул тэднийг Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, УИХ-д танилцуулахаар боллоо.  

Нэр дэвшигч Маруушийн Уянга нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991 онд 10 жилийн 5 дугаар дунд сургууль, 1998 онд Москвагийн Соёл урлагийн их сургууль төгссөн. Телевизийн цэнгээнт нэвтрүүлгийн зохиогч, хөтлөгч найруулагч, менежер мэргэжилтэй. Соёл судлалын докторын зэрэгтэй.

Дараагийн нэр дэвшигч Гомбожавын Отгонбаяр нь 1973 онд Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн. 1991 онд нийслэлийн 16 дугаар дунд сургууль, 1996 онд Улаанбаатар төмөр замын дээд сургууль, 2011 онд Монгол Улсын боловсролын их сургуулийг төгссөн, инженер, сэтгүүлч мэргэжилтэй, сэтгүүл зүйн магистр зэрэгтэй юм байна.

Нэр дэвшигч Жигжидийн Цэсэн нь 39 настай, Сүхбаатар аймгийн 10 жилийн I сургуулийг 1998 онд, Улсын Багшийн Их Сургуулийг сэтгүүлч-орчуулагч мэргэжлээр 2003 онд тус тус төгссөн байна. Уран зохиолын магистр, төрийн удирдлагын магистрын зэрэгтэй. Тэрбээр 2000-2001 онд “Шар сонин” хэвлэлд сэтгүүлч, 2001-2002 онд Нийслэлийн Улаанбаатар радиод сэтгүүлч, 2002-2007 онд “Мянганы зууч” сонины албаны дарга, тоймчоор, 2007-2010 онд  “Ардчилал сонин” хэвлэлийн албаны дарга, тоймчоор, 2008-2012 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны хэвлэлийн төлөөлөгчөөр, 2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хэвлэлийн төлөөлөгчөөр, 2017-2019 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн албаны даргаар, 2019-2020 онд “Сайн Пи ар” агентлагт зөвлөхөөр тус тус ажиллажээ.

Нэр дэвшигч Дамдины Цоодол нь 1967 онд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн. 1985 онд 10 жилийн дунд сургууль, 1989 онд Улсын Багшийн Дээд сургууль төгссөн, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн магистрын зэрэгтэй. 1989-2016 онд Монголын Үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч, 2012-2016 онд Монголын Үндэсний олон нийтийн телевизийн V нэгдлийн дарга, 2014-2016 онд Кино программын Ерөнхий продюссер, 2016 оноос “Цэцэн” энтертайнментийн захирлаар ажиллаж байгаа юм байна.

Нэр дэвшигч Мянганбуугийн Наранбаатар нь 1974 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн. 1991 онд дунд сургууль дүүргэж, 2002-2004 онд Удирдлагын академи, 2016-2019 онд Шихихутаг их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 1996 онд МУИС-ийн ОУХПС-ийн Гадаад албаны ажилтан, 1996-2006 онд Монголын Үндэсний олон нийтийн телевизд редактор, ахлах редактор, 2006-2015 онд Монголын Үндэсний олон нийтийн телевизийн захирал, 2015-2018 онд МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч, 2019 оноос Энх тайван найрамдлын байгууллагын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм байна.

Нэр дэвшигч Чулуунбаатарын Батцэнгэл нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993 онд дунд сургуулиа дүүргэж, 1997 онд МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр, 2016 онд Их засаг сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Сэтгүүл зүйн магистрын зэрэгтэй. 1997-2014 онд Монголын Үндэсний олон нийтийн телевизийн редактор, хэлтсийн дарга, дэд захирал, 2015 онд “Монголын Үнэн” сонины орлогч эрхлэгчээр ажиллаж байсан. 2016 оноос Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн “ММ” сувгийн захирлаар ажиллаж байгаа юм байна.

Нэр дэвшигч Баасанжавын Ганболд нь 1955 онд Увс аймгийн Улаан гом суманд төрсөн. 1973 онд дунд сургуулиа дүүргэж, 1979 онд Москвагийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсчээ. 1989 онд Москва нийгмийн ухааны академид түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр 1979-1992 онд “Үнэн” сонинд сэтгүүлч, 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн, 1996-1999 онд “Ардын эрх” сонинд орлогч эрхлэгч, 1999-2000 онд “Зууны мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч, 2000-2006 онд Радио, телевизийн ХЭГ-ын дарга, 2007-2013 онд “Үндэсний шуудан” сонины эрхлэгч, 2014-2020 онд “Монголын Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байжээ.

Д.Нямсамбуу, Б.Энхмандах, Б.Батбаяр, Д.Оюун-Эрдэнэ, Д.Цэндсүрэн, З.Энхболд, Б.Золбаяр нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа тул Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөхөөр, тогтоол 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих юм.

Санал болгох

С.Ганбаатарыг тахлаас хамгаалав уу, Оюутолгойг С.Ганбаатараас хамгаалав уу

Өнөө өглөөхөн өлөн элгэн дээрээ Оюутолгойн гэрээний эсрэг өлсгөлөн зарласан С.Ганбаатарын суултын эргэн тойронд “Коронавирусийн тохиолдол илэрчээ”. Цагдаа, эмчийн десант төв талбай дээр бууж, жагсаалын ойр орчмыг төмөр хашаагаар тойрууллаа. Өлсгөлөн манатай, жагсаал байтугай болов. Цар тахалтай хүний нэгдүгээр хавьтагч өлссөн этгээдийн хажуугаар гүйсэн бололтой юм. Дүр зургаар бол одоо Сүхбаатарын талбайд УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарлаж болохгүй. Цар тахлын дэглэм ч зөрчигдөнө, Жагсаал журмын тухай хууль ч эвдэгдэнэ. Үүнийг өглөөхөн цагдаа нар өөрт нь танилцуулсан даа.

9 цагийн өмнө
АТГ-ын дэд даргад яригдаж буй дөрвөн хурандаа

Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ж.Батсайхан нас барснаас үүдэж дээрх албан тушаалд хүн томилох шаардлагатай болсон. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Авлигын эсрэг хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дэд даргыг санал болгож УИХ зургаан жилийн хугацаагаар томилох учиртай. Харин Засгийн газраас Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг УИХ-д өргөн барьчихсан. Төслөөр бол АТГ-ын дарга З.Дашдаваа дэд даргаа өөрөө мэдэж томилох зохицуулалттай болно. Дээрх хуулийн төслийг боловсруулаад Засгийн газрын яамдаас есдүгээр сард санал авсан гэхээр талийгаач Ж.Батсайхан мэдэж байж.

2 сарын өмнө
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд дэмжсэн 7 хүн

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

2 сарын өмнө
Сайд асан М.Зоригт илт худал мэдээлэл тараав

Зам тээврийн сайдаар ажиллаж байсан М.Зоригт твиттэрт 146.200 дагагчтай. Тэрээр өнөөдөр "Улс төрийн гэх тодотголтой хоригдож байсан Монгол Улсын иргэн өнөөдөр нас барсан байна" хэмээн твиттэрт бичиж, хэвлэлийнхнийг түргэн авахуулав.

2 сарын өмнө