АТГ-ын дэд даргад яригдаж буй дөрвөн хурандаа

28
2020 оны 12 сарын 102020-12-10
АТГ-ын дэд даргад яригдаж буй дөрвөн хурандаа

 

Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ж.Батсайхан нас барснаас үүдэж дээрх албан тушаалд хүн томилох шаардлагатай болсон. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Авлигын эсрэг хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дэд даргыг санал болгож УИХ зургаан жилийн хугацаагаар томилох учиртай. Харин Засгийн газраас Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг УИХ-д өргөн барьчихсан. Төслөөр бол АТГ-ын дарга З.Дашдаваа дэд даргаа өөрөө мэдэж томилох зохицуулалттай болно. Дээрх хуулийн төслийг боловсруулаад Засгийн газрын яамдаас есдүгээр сард санал авсан гэхээр талийгаач Ж.Батсайхан мэдэж байж.

Хоёрт гэвэл, хууль батлах эсэхээс үл шалтгаалаад эзгүй байгаа албан тушаалд горилогчид хэдийнэ тодроод эхэлжээ. Тодруулбал, цагдаа, тагнуулаас гаралтай хурандаа нар АТГ-ын дэд даргад яригдаж байна. Бид баттай эх сурвалжуудаас мэдээлэл авснаа нийтэлье.

Комиссар Халтарын Буянтүмэн

Хэрэв АТГ-ын дарга нь дэд даргаа шууд томилдог болно гэвэл нэгдүгээр сонголт нь тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Халтарын Буянтүмэн юм байна. АТГ-ын дарга З.Дашдаваа өнгөрсөн онд түүнийг тус хэлтсийн даргаар ЦЕГ-аас шилжүүлэн томилж байсан. Х.Буянтүмэн нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга,  УМБГ-т ахлах мөрдөн байцаагч, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст  тасгийн дарга, Улсын мөрдөн байцаах газарт чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, Нийслэлийн цагдаагийн газарт чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт хэлтсийн дарга, Мөрдөн байцаах газарт хэлтсийн дарга,  Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн даргаар ажиллаж байсан.

Хурандаа Баатарын Оюутболд

Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Баатарын Оюутболдыг Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар дэмжих магадлал бий. Бригадын генерал Д.Гэрэлийг ТЕГ-аас чөлөөлснөөр Б.Оюутболд нь хуулийн экосистемд үлдсэн Баянхонгорын гаралтай цөөн даргын нэг болж үлдлээ. Б.Оюутболд нь ажлын гараагаа орон нутгаас эхэлж Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мөрдөн байцаагч, ахлан мөрдөн байцаагчаар ажилласан. 2015 онд УМБГ-аас Баянхонгор аймгийн Мөрдөн байцаах газрын даргаар томилогдон ажиллаад 2017 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн даргаар ажилласан. Дунд нь гадаадад сургуульд явсан. Одоо Баянхонгор аймгийн Цагдаагийн даргаар дахин томилогдон ажиллаж байгаа юм.

Хурандаа Дондогдоржийн Жаргалмөнх

Нэг хэсэг Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргад яригдаж байсан хурандаа Дондогдоржийн Жаргалмөнх мөн л АТГ-ын дэд даргад яригдаж байгаа хувилбаруудын нэг. Тэрээр Тагнуулын ерөнхий газрын гуравдугаар газар буюу одоогийн Төрийн тусгай хамгаалалтын газраас ажлын гараагаа эхэлжээ. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, АТГ-т Дотоод хяналтын шалгалтын албанд ажиллаж байгаад ОБЕГ-т Дотоод хяналт шалгалтын даргаар шилжиж томилогдсон нэгэн. Одоогоор гадаадад аюулгүй байдал судлалын докторын сургуульд суралцахаар ажлаасаа түр чөлөөлөгдөөд байгаа ажээ. Түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ойрын хүрээллийнх гэсэн яриа байдаг.

Хурандаа Баттөмөрийн Энхсүх

Өдгөө Оюуны өмчийн газрын даргаар ажиллаж байгаа хурандаа Баттөмөрийн Энхсүх ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нараас дэмжлэгтэй. Тэрээр яг л тагнуулын байгууллагад бэлтгэгдсэн, мэргэшсэн боловсон хүчин. Б.Энхсүх нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн, эрх зүйч мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр зэрэгтэй.2001-2013 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасаг, хэлтсийн дарга, 2013-2014 онд ТЕГ-ын Тамгын газрын дарга, 2014-2016 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн даргаар ажилласан. Түүний дараа 2016 оны наймдугаар сарын 24-нөөс ТЕГ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байгаад УИХ-ын сонгуулийн дараа Оюуны өмчийн газрын даргаар шилжсэн юм.

Жич: Авлигын эсрэг хуулийн 21.2.2-т зааснаар Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй нэгэн байх ёстой.

Хэрэв Авлигын эсрэг хуульд Засгийн газраас өргөн барьснаар өөрчлөлт оруулбал АТГ-ын дэд дарга нь төрийн жинхэнэ албан хаагчийн адилаар хугацаагүй томилогддог албан тушаалтан болно.

 

Санал болгох

Б.Цогтсаран захирал нь зээлсэн 198.3 сая төгрөгөө ХААДС-даа төлсөн үү

Б.Цогтсарангийн үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байсан Өгөөмөрхан Тайж компани нь өөрийнх нь удирдаж байгаа санд өртэй байж магадгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй юм.

2 сарын өмнө
Нүүрсний сонсгол хийхгүйн тулд АТГ-аас бичиг гуйсан уу

Эмийн чанар, стандарт, үйлдвэрлэл, нийлүүлэлтийг шалга хэмээн УИХ бодлогоор Байнгын хороо шиг өргөн бүрэлдэхүүнээр Түр хороо байгуулсан. Гэвч 2022 оны тавдугаар сард байгуулагдсан Н.Учрал, Э.Батшугар, П.Анужин, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Д.Батлут, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, С.Ганбаатар, С.Одонтуяа, Ц.Туваан нарын 12 бүрэлдэхүүнтэй Түр хороо юу ч хийсэнгүй. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн эмийг 2-3 дахин өндөр үнээр иргэдэд шахаж, эрүүл мэндийн даатгалын сангаас хөрөнгө шамшигдуулсан эмийн мафийнхныг эс үйлдлээрээ өөгшүүлэв. Тэд шалгалт байтугай сонсгол ч хийсэнгүй.

2 сарын өмнө
Худлаа ярихаа боль, Г.Дамдинням аа

Г.Дамдинням гишүүн зээл нь бүтэх үед энгийн ардын хүү, ажилгүй нэгэн байгаагүй. Харин ч нам, төрийн зүтгэлтэн, мэдээлэлд ойр нэгэн байсан нь намтраар нь нотлогдож байна. Түүнийг зээлд хамрагдаад, боловсрол олсныг нь буруутгаагүй ээ. Сандарч цохихдоо худлаа хэлснийг нь л санууллаа.

2 сарын өмнө
Хөгжлийн банкнаас авсан 8.4 тэрбумаа зориулалтын бусаар зарцуулжээ

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “ЭКСИМ-300” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ бол 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас гарган Монгол Улсын экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлд арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох хөтөлбөр байсан юм. Бизнесийн зээлийн хүү 13 хувьтай байхад дээрх хөтөлбөрийн хүрээнд 3 хувийн хүүтэй зээл олгосон. Энэ зээлийг зориулалтаар нь ашиглаагүй нөхөд УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкны түр хорооноос зохион байгуулж байгаа сонсголоор ил болж байна.

3 сарын өмнө