Засгийн газар иргэдээрээ алга ташуулсан ч, Эрчим хүчний салбараа эрсдэлд орууллаа

2020 оны 12 сарын 152020-12-15
Засгийн газар иргэдээрээ алга ташуулсан ч, Эрчим хүчний салбараа эрсдэлд орууллаа

Засгийн газар долдугаар сарын нэгэн хүртэл цахилгаан, дулаан, хогны үнийг тэглэх шийдвэр гаргасан. Үүнээс үүдэж 100 мВт-аар цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, тог тасалдах эрсдэл үүссэн. Эрчим хүчний хэрэглээний талаар Монгол Улсын зөвлөх инженерүүд байр сууриа илэрхийллээ.

Байр суурь: Дулааны IV-р цахилгаан станцийн төслийн инженер, МУ-ын зөвлөх инженер Д.Нацагдорж

-Эрчим хүчний салбарт ямар нөхцөл байдал үүссэн бэ. Хоёр хоногийн хугацаанд та юу ажиглав?

-Засгийн газраас гаргасан шийдвэрийг шууд үгүйсгэх үндэслэлгүй л дээ. Сүүлийн хоёр хоногт цахилгаан эрчим хүчний хэрэглээ 100 мВт-аар нэмэгдсэн. Энэ нь IV цахилгаан станцийн хамгийн том хүчин чадалтай нэг турбины гаргах ёстой хүчин чадал гэж ойлгож болно. Монгол Улс ОХУ-аас 245 мВт цахилгаан эрчим хүч авах гэрээтэй. Үүн дээр хамгаалалт нь ажилладаг. Хэрвээ хэрэглээ нь нэмэгдээд 245 мВт-аас дээшээ гарах юм бол цахилгаан эрчим хүч ОХУ-аас тасарна. Тасарчихвал дотоодын эрчим хүчний систем савлагаа үүсч давтамж өөрчлөгдөнө. Үүнээс болж цахилгаан станциуд доголдох, зогсох аюултай. Энэ нь өвлийн улиралд ямар байдалд хүргэхийг төсөөлшгүй.

Манай хэрэглэгчид үнэгүй юманд нугасгүй гэгчээр, оргил ачааллын үед эрчим хүч ихээр хэрэглэж байна. Үүнээс үүдэж цахилгаан доголдох эрсдэлтэй ч, үүнээс илүүтэйгээр гал гарах аюул тулгарч байна. Манай хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчээр холбогддог кабель, холболтууд ямар ч стандартын шаардлага хангадаггүй. Мөн ямар ч тооцоололгүй. Үүнээс болж шугам хоолойнууд  шатах эрсдэл өндөр байна.

Ц.Нацагдорж: IV-р станцийн 3-р турбин шинэчлэгдэж дуусвал өнөөдрийн дутагдаад буй эрчим хүчийг нөхөх бололцоотой

-IV-р цахилгаан станцийн турбинуудыг засварлаж байгаа гэсэн. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Дулааны IV-р цахилгаан станц өнөөдөр 640 мВт-ын ачаалалтай ажиллаж байна. Энэ станц нийт эрчим хүчний 70 орчим хувь, дулааны станцийн 65 хувийг  ачаалладаг. Энэ жил IV-р цахилгаан станцийн 2,3-р турбинд бүрэн шинэчлэл хийгдэж байгаа. Хоёрдугаар турбиныг ажиллагаанд залгаж 123 мВт-ын ачаалал авч байна. Харин гуравдугаар турбин дуусах шатандаа ороод явж байгаа. Нэг сарын дундуур сүлжээнд залгаад эрчим хүчээ гаргах бололцоотой болов уу гэж бодож байна. Энэ турбин ашиглалтад орвол өнөөдрийн дутагдаад буй эрчим хүчийг нөхөх бололцоотой юм. Дээрх засварууд коронавирусээс шалтгаалж удааширсан байгаа.Тиймээс бид нэг сарын дунд үе хүртэл эрчим хүчээ зогсоож, гэмтээчихгүйхэн шиг байх хэрэгтэй байна.

Байр суурь: МУ-ын зөвлөх инженер Р.Ганжуур 

-Өнөөдөр Манай Улсын цахилгаан эрчим хүчний нөөц бололцоо ямар байгаа вэ?

-Засгийн газрын гаргасан шийдвэрийг мэргэжлийн хүний хувьд маш муу шийдвэр гэж хэлнэ. Харин иргэн хүний хувьд эрчим хүчний төлбөрөө тэглүүлж байгаад баярлаж байна. Шийдвэр гаргахаас өмнөх өдөр буюу хагасайн өдөр манай улсын хэрэглээ 1165 мВт байсан. Харин шийдвэр гаргасан өдрийн хэрэглээ 1215 мВт болсон байсан. Урьд өмнө амралтын хоёр өдрийн хагасайн өдөр нь хэрэглээ өндөр гарч, бүтэнсайн өдөр хэрэглээ бага байдаг байсан. Гэтэл Засгийн газрын шийдвэр гарснаар нэг өдрийн дотор 50мВт-аар өслөө. Энэ нь Дарханы дулааны цахилгаан станцийн анхны ачаалладаг байсан хүчин чадалтай адил хэмжээнийх гэсэн үг. Тэгэхээр энэ бол маш том аюул юм. Өвлийн улиралд манай станциуд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Гэтэл энэ үед Засгийн газар дээрх шийдвэрийг гаргасан нь эрчим хүчний салбарыг эрсдэлд оруулж байна.

Өнөөдрийн манай эрчим хүчний салбарын суурилагдсан хүчин чадал 1300 мВт байгаа. Ер нь бол эрчим хүчний станциуд 20%-ийн нөөцтэй байх ёстой. Үүнийгээ хангаагүйгээс болж станц доголдох аюултай. Дутсан эрчим хүчийг нөхөх нөөц байхгүй. Тиймээс цахилгааны хязгаарлалт хийж зохицуулна. Хэрвээ V-р цахилгаан станцийг барьж ашиглалтад оруулсан байсан бол өнөөдрийнх шиг ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан.

Р.Ганжуур: ОХУ-аас нэмж цахилгаан авах хүчин чадал байхгүй

-Цахилгааны хэрэглээ өсч, хүчин чадал давах хэмжээнд хүрч байна. Тэгвэл ОХУ-аас давсан эрчим хүчийг авах боломжтой юу?

-ОХУ-аас импортоор 200мВт-ыг авч байгаа. Дээд хүчин чадал нь 250 мВт-ыг авах хүчин чадалтай. Ерөнхий сайд эрчим хүчний үнийг төр даана гэсэн болохоор хэрэглээний хөөрөгдөл үүсч байна.

Гэр хорооллын эрчим хүчний хэрэглээг 150мВт-аар хязгаарлачих хэрэгтэй. Үүнээс дээш гарвал айл өрхүүд өөрсдөө төлөх хэрэгтэй. Тэгэж байж хэрэглээг хязгаарлаж ачаалал үүсэхгүй байх гэж бодож байна. Харин орон сууцны хэрэглээг 200мВт-аар хязгаарлах хэрэгтэй юм. Төр бүгдийг нь даана гэхээр эрчим хүчинд ачаалал үүсч байна.

 

 

 

 

Санал болгох

Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага эхэллээ

Өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ.

7 цагийн өмнө
“Трактор зарна”, “Байр түрээслүүлнэ” гэсэн зараар иргэдийг залилж байсан этгээдүүдийг баривчилжээ

Цагдаагийн байгууллагын Эрэн сурвалжлах санд эрэн сурвалжлагдаж байсан оргодол 57, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 324, сураггүй алга болсон хүн 49, насанд хүрээгүй хүүхэд 14, хэн болох нь тогтоогдоогүй цогцос 3, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээд 64, зөрчил үйлдсэн этгээд 16, нийт 525 эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олж тогтоосон байна.

9 цагийн өмнө
Зургаан сартай нярай КОВИДоор нас баржээ

Сүүлийн 24 цагт 16 хүн ковидоор нас барсны нэг нь зургаан сартай нярай байжээ Зургаан сартай нярайн хувьд олон эрхтэний гаж хөгжилтэй, уналт таталт өгдөг, тураалтай хүүхэд байжээ. Тэрээр гэртээ байж байгаад, ковидын шалтгаанаар эмнэлэгт хүргэгдэж нэг хоног болоод нас барсан байна.

9 цагийн өмнө
Б.Бямбадорж: Өдөрт дунджаар 289 хүн нэн хүнд хэлбэрт шилжиж байна

Өдөрт дунджаар 289 хүн нэн хүнд гэсэн оношоор эмчилгээ авч байна. Эмнэлгийн хэвтэн эмчилгээ багассан.

10 цагийн өмнө