Хятадад хийсэн коронавирусийн шинэ судалгаагаар цар тахал анх Уханьд гарч байх үед халдварын тохиолдол олон нийтэд мэдээлж байснаас арав дахин их байсан байх магадлалтайг тодорхойлжээ. Үүнийг тодорхойлохын тулд хүмүүсийг эсрэг биеийн шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээгээр бараг хагас сая хүн халдвар авсан гэж гарчээ.
Хятад улс Уханьд 50,000 гаруй тохиолдол л бүртгэгдсэн гэж мэдээлсэн боловч олон хүн тус улсын ил тод байдалд эргэлзсээр байсан юм.
Энэхүү судалгаанд Ухань хотын нийт хүн амын 34,000 хүний түүврийг ашигласан бөгөөд оршин суугчдын 4.43% нь эсрэг биетэй болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл 11 сая хүн амтай энэ хотын 477 мянга нь халдвар авсан байж болзошгүй гэх дүгнэлтэд хүрч байгаа юм. Хятадын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс Ухань мужид бараг хагас сая хүн халдвар авсан байж болзошгүй гэж мэдэгдсэн нь албан ёсны батлагдсан тохиолдлоос 10 дахин их гэсэн тооцоо гарч байгаа юм.