Соёлын сайд С.Чулуундаа соёл заах нь

3
2021 оны 1 сарын 32021-01-03
Соёлын сайд С.Чулуундаа соёл заах нь

Бид төрт улс болсноос хойш буюу 1206 оноос 3 удаа харь улсад эзлэгдсэн гээд хэлчихвэл буруудахгүй болов уу.

Эхлээд манжид. 1911 онд Манжийн колончлол төгсгөл болсон ба 1918 онд Оросын эрдэмтэн М.И.Майскийн тэмдэглэснээр манай улс 647.5 мянган хүн амтай гэхдээ үүнд гадны худалдаачдыг оруулж тоолсон гэх ба судлаачдын тэмдэглэж байгаагаар 100 мянга орчим лам байсан гэх.  Зөвхөн хүрээнд гэхэд 20000 лам байсан аж. Монголчуудыг захиран зайдлахын тулд хэд хэдэн компанид ажил өрнүүлсний нэг нь шашин байв. Эх дэлхийн хуурай газар нутгийн 12 орчим сая хавтгай дөрвөлжин милл газар нутгийг 44 орчим сая хүний амиар зольж эзэнт гүрэн байгуулж асан монгол эрсийг ялаа хүртэл алж үл чадах ядарсан нэгнээ сорон мөлжих парзит болгон хувиргажээ. Чингис хаанаа үндсэн шүтээнээ болгож байсан монголчууд манжийн нөлөөгөөр өөрийг нь колончилж байгаа улсынхаа хаанаа бурхан мэт шүтдэг болгов. Худлаа гэвэл одоо ч зарим айлд Энх-Амгалан хааны шаазан барьмал хойморт нь заларсаар. Нууц товчоонд гардаг түүхэн газрууд, уул, усны нэрийг хүртэл түвд шашны нэрээр өөрчлөв. Норовлин, Цамбагарав, Дүнжигарав, вансэмбэрүү, сэржмядаг цэцэг гээд л. Өмнө дурдсан 1918 оны тооллогоор нийт хүн амын 85 хувь нь монгол биш нэртэй, үүнээс 80 хувь нь төвд нэр, үлдсэн нь манж, хятад нэртэй байсан гэх. Одоо ч бидний дунд төвд нэр нийтлэг агаад монгол, төвд нь ялгагдахаа байж дээ. Дайн байлдаанд зориулсан морь, хувцас хэрэглэл өөрчлөгдөж эмээл, хазаар, гутал, дээлийн ханцуй цөм явахад удаан, ямба нь дэндсэн, гоёж гоодсон, чамирхсан шинжтэй болгожээ. Манж нар яасан байх нь вэ? Соёл руу дайрсан байх нь. Манж династи унах үед бид 1919 онд Хятадад эзлэгдэв. Генарал Сю Шүжан 1919 оны 10 сард эхлээд 4000, дараа нь 10000 цэрэгтэйгээр Хүрээнд байршив. Богд хааныг хорив, тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлаа хагас хугас хадгалж байсан автономит эрхийг устгах гэрээнд тухайн үеийн ноёд, ихэс дээдсээр гарын үсэг зуруулж тэдэнд 354 мянган лан мөнгө буюу бүхэл бүтэн улсыг ийм мөнгөөр арилжих тохиролцоо хийсэн гэх. Хятадууд санасандаа хүрч гэрээнд гарын үсэг зуруулжээ. Хятадууд өч төчнөөн дээрэм тонуул хийсний дээр Дотоод яамны гадаа ши жүжиг, янхны газар байгуулсан гэх. Муу хүний заяа завд гэхчээр Хятадын эзэрхийллээс салгаж өгсөн Барон Унгерн танд гялайлаа. Хятадууд яасан байх нь вэ? Соёл, тусгаар тогтнол руу дайрсан байх нь. Гэвч 2021 оны байдлаар эдийн засгийн хувьд бид Хятадад бүрнээ “эзлэгдэв”.

Дараа Оросууд биднийг 1990 он хүртэл удирдан залав. Оросууд 1920-иод оноос 1991 он хүртэл буюу Ю.Цэдэнбал даргыг хороох хүртлэх хугацаанд 37 мянга орчим хүнийг хэлмэгдүүлж, 20 гаруй мянган хүнийг буудан хороосноос 17 мянга орчим нь лам байв. Нийтдээ 700 гаруй сүм хийдийг шатааж газрын хөрстэй тэгшлэв. Сүм хийд гэдэг нь судартайгаа, номтойгоо номон дотор нь байсан монголын урлаг, соёл, эм дом, эмчилгээ, гүн ухаан, уншлага, маань, түүх бүгд шатав. Сүм хийдтэй нэгэн цогц болсон уран зураг, барьмал, гар урлал, барилга, байгууламж, уран хийц, бурхан бүгд шатав. Лам нар, язгууртнуудыг буудсан нь монгол улсын санах ойг тэр чигт нь арчиж хаяв. Ингээд цоо шинэ түүх, соёлыг тэд өөрсдөө бичив. Монгол бичгийг крилл болгов, орос хэлгүй бол хүн биш болов, цагаан сар үгүй болж шинэ жилийн баяр оронд нь орж ирлээ, нүүдлийн соёлыг нэгдэл, газар тариалангаар солив, Чингис гэж хэлбэл цөлөгддөг болов, шашин шүтлэг үгүй болж төв Гандан ноосны агуулах болов. Оросууд яасан байх нь вэ? Соёл руу дайрсан байх нь. Соёлыг сүйрүүлсэн байхад улс энүүхэд аж. Энэ хүртэл тэд хүчээр бидний соёлыг үгүй хийж колончилж байжээ.

Хятадын дарга Ши Жинпины айлчлалаар 1000 гаруй анги Хятад кино, 300 гаруй дугаар Хятад хэл сурцгаая нэвтрүүлэг гаргахаар тохирч үүнийгээ ч хэрэгжүүлсэн, мөн тооны Монгол оюутныг сургах төлөвлөгөө ч биелэж байна. Далай ламыг Монголд урина гэж хэлээд амаа ардаа гартал алгадуулав бид. За тэгээд К-поп, санаатай, санаандгүй шашнууд, их гүрнүүдийн бодлого, оюутан сургана, солилцоно, элдэв соёлын арга хэмжээ, өдөрлөгүүд, соёлын солилцоо бараг өдөр бүр болж байна даа. Монголоос гадаадад 100,000 хүн ажиллаж, амьдарч байна. Гадаадад сурч буй оюутны тоо 2019 оны байдлаар 25 мянга орчим, гадны хөтөлбөрөөр, хэлээр сургалт явуулдаг хичнээн хувийн сургууль Монголд ажиллаж байгааг мэдэхгүй нь. Бүгд тэр улсынхаа соёл, хэлд дадсан байгаа. Боловсрол ямар байх ёстой юм бэ, ямар философи, зорилготой байх вэ цаашид. Нэг хэсэг нь хэт өндөр боловсролтой, олон хэлтэй, нөгөө хэсэг нь эсэргээрээ. Эд нэг улсад яаж зохицож амьдрах вэ. Монголд 5 үндсэн бүлгийн 50-7000 орчим гишүүнтэй 50 шахам шашны байгууллага урсгал байна гэх. Эцэстээ Монголоо үгүйсгэх болов, гарал үүслээ голох болов, өөрсдөөсөө ичдэг болов, бусдыг шүтдэг болов, биширдэг болов.

Соёл гэгддэг хурдан морины уралдаан бизнес болов, ардын хүү улсын наадам морио уралдуулах боломжгүй болов, хэрэв уралдуулбал морь нь тансаг амьдралтай морьдыг гүйцэхгүй бахардаж, тэлж үхнэ, ердийн ахуйгаас тасрав. Бөхчүүд жалга довны асуудлыг сэдрээж, сануулдаг үндэсний ганц дайсан болов. Гурван сая хүний өмнө авилга өгч авалцан биеэ үнэлдэг болов, үүнийг монголчууд байх ёстой зүйл мэтээр хүлээн зөвшөөрч байна. Тэд бидний соёл, ухамсар, хүмүүжилд гэмтэл учруулж байна. Сүм хийдүүд хувийн компани болов, үйлчилгээ бүр тарифтай, ядуу хүмүүс шашны үйлчилгээ авах боломжгүй болсон эсхүл байдгаа тэдэнд барьдаг Манжийн дарлалын үеийн харанхуй бүдүүлэг байдал дахиад бий болов. Лам нар луйварчид, бизнес эрхлэгч, биеэ үнэлэгч худалдан авдаг, том машин унадаг, зарим нь 2, 3 эхнэртэй, улс төрч, бизнес бүлэглэлийн хамсаатан болов, аймар баяжив. Ковидын үеэр Энэтхэгээс 200 гаруй оюутныг татан авна гэхээр нь IT-гийн оюутнууд гэж бодтол эсэргээрээ ламхай нар байв.

Монголын хамгийн соёлгүй хүмүүс улс төрч болж байна, соёлгүй хүмүүс улс төрч болж байгаа нь соёлгүй хүмүүсээс сонгогдсонтой холбоотой. Олон улсаа байг гэхэд улс орондоо хүлээн зөвшөөрөгдсөн соёл, боловсролтой нь бус булчинтай хүмүүс Монголыг удирдав. Бөх биш ч том булчингаа гаргасан, буу үүрсэн, машин жолоодож зургаа авахуулдаг хүнийг илүүд үзэж байна. Тэгэхээр сонгосон хүмүүс нь тархи, сэтгэлийн, мэдлэг, боловсролын бус биеийн булчинг илүүд үздэг зон олон байх нь.  Тэр жил гурван цэнхэрийн агуйд очив. Агуй шувууны сангаст баригдан шатах дээрээ тулж. Эртний өвөг дээдсийн зурсан зурган дээр бидний үеийхэн “би чамд хайртай”, тэр, энэ ирээд явлаа гээд эх зурган дээр давхарлаад будаг сэлтээр сараачсан байх юм. Ховдын төвд зон олноороо 500 орчим сая төгрөгийн суварга босгожээ, харин урдхан талд нь байх Гурван цэнхэрийн агуй өдрөөс өдөрт мөхөх ажээ. Монгол нутаг дахь эртний булш, хөшөө дурсгалын зүйл өнөөг хэр тоногдсоор, нар салхинд гандаж, элэгдсээр. Эртний хятад, перс, манж, төвд, дундад азийн улс орнуудын хэлтэй судлаач нарыг зохион байгуулалттай бэлдэж түүхийн баримт материал юмнуудаа баттай болгохгүй юмуу. Хятадууд архиваас манжийн үеийн баримт авсан шиг.

Золиг гэж, тэгээд тэр соёл гээч нь яг юу юм бээ? Монголчуудыг бүгдэнг нь малаа малла, бүгдээрээ уртын дуугаа дуулж, бүгдээрээ Монгол бичгээр бичиж, тулгатай эсгий гэрч амьдарч, гадагшаа явж болохгүй, гадаад хэл сурч болохгүй гэсэн үг үү. Английн сэтгэгч, онолч, бүх нийтэд мэдлэг түгээгч Тэрри Ийглтон Соёл гэж ном бичиж. Шинжлэх ухааны үндэстэй судалж. Соёл гэдэгт үнэт зүйлс, ёс суртахуун, ёс зүй, урлаг, өөрийгөө авч явах чадвар, симбол, хэл, зан заншил, амин чанар /identity/ орно гэжээ. Харин  дайн, өлсгөлөн, ядуурал, өвчин, өр зээл, донтолт, мансуурал, байгалийн доройтуулж байгаа аливаа үйлдэл, дүрвэгсэд, гэмт хэрэг гэх мэт асуудал соёлын асуудалд хавирахгүй гэжээ. Гэтэл манай улсад авилгал соёлын хэмжээнд хүрлээ, томчуудын хүүхэд хар тамхины хэрэгт орооцолдсон бол зүгээр өнгөрдөг гэсэн ойлголт соёлын хэмжээнд хүрлээ, Монгол Улс авилгал, соёлгүй байдал, дур зоргод идэгдсэнээс болж гадагшаа гарсан бүх хүмүүс дүрвэгсэд бөгөөд төр тэднийг эх орондоо амьдрахад нь бус харин дүрвэхэд нь дэмжлэг үзүүлдэг үйлдэл соёл боллоо. 

Тэрри Ийглтон хэлэхдээ зөвхөн одоо амьдарч байгаа байдал нь соёл биш, харин бид юуны төлөө, юуны төлөө зориулж амьдарч байгаа нь соёл юм гэжээ. Пээш! Ийм том асуудал юмуу. Соёл гэдэг чинь уран зураг, театр, бөх, морь, цагаан сар, наадам, дуу, шүлэг, урлаг соёлын арга хэмжээгээр дуусдаг эд биш юмуу. Ингэж тодорхойлж байгаа юм бол бид аль хэдийнээ соёлын хямралд орчихсон байна. Бид юуны төлөө амьдарч байгаа юм ингэхэд Сайдаа? Бодож байв уу? Их, багагүй даяаршил гэж гүйснээ одоо дангааршил буюу этноцентрализм буюу тэсч үлдэх рүү явж байгаа гэж учир мэдэх хүмүүс ярилцах юм. АНУ, Трамп хэлэхдээ бид буяны байгууллага биш улсаа бодлоо гээд элдэв конвенцоос нэрээ татаж, цэргийн хамаг зардлаа тэнцүү хуваана, худалдааны дайн энээ, тэрээ болов. Англи улс Европын холбооноос гарав, Хятад тэлж илүү томроно гээд талын зам, бүс ба зам санаачлага буюу Евроазийг дамнан нөлөөллөө тогтоох, Өвөрмонгол, Шинжан, Төвд, Хонг Хонг, Тайван болон хөрш орнуудаа илэрхий өдөж эхлэв. Орос бууны хүчээр байгаагаа мэдрүүлнэ гэх. Бүгд өөрсдийгөө бодно, том нь илүү томроно, хамна, хумина гэв. Бид юуг үнэт зүйл, оюун санааны нэгдэл гэж үзэх вэ. Буддын шашнаа луйварчдаас ангижруулж зөв хөгжүүлэх юмуу, Нууц товчоог орчин цагтай нийцүүлж тайлбарлаад явах уу, ардчилалыг ашиглах гэж үзсэн боловч 50, 60, 70-аад оны эхэн үеийхний идэш болоод олигтой юм үлдсэнгүй одоо хямралд орчихлоо. Соёлын биш мань мэт нь ийнхүү барин тавин, алаг цоог ярьж бухимдаж байхад мэддэг хүмүүс нь яривал далай шиг сэдэв буйзаа.

Соёл гэдэг чинь би хэн бэ, яаж тэсэх үү, цаашид яах вэ тухай оршихуйн асуудал аж. Бүр ойлгомжтой тайлбарлаж өгье танд. Таныг түүхийн баримт хятадуудад зарсан гээд бөөн юм болсон доо. Танаас сурвалжлага авах үед таны харц, тайлбарлаж буй байдал өөрийгөө илэрхий хамгаалсан шинтэй, би мэдэхгүй гэж байв. Учир нь Та өөрийнхөө хэмжээнд соёл юм байна. Таны соёл руу дайралт ирэнгүүт Та одоо байгаа болон цаашид карер, нэр төртэйгээ байх уу үгүй юу гэдэг хамгийн эмзэг сэдэв рүү чинь орсон болохоор тийнхүү хариу үзүүлжээ. Та оршихуйгаа хамгаалсан. Хэрэв Та ямар нэг хариу үйлдэл хийж хамгаалахгүй бол хэцүүдэнэ гэж бодсон байж магадгүй. Та өнөөдрийг хүртэл өөртөө доктор, түүхч, судлаач, захирал, сайд гэсэн дархлааг тогтоожээ. Хэрэв түүхийн бичиг баримт худалдсан асуудал илүү их газар авбал дархлаа суларна. Улс орон яг ийм аж. Соёл нь улсынхаа оршихуйг тодорхойлдог учир хамгаалж хөгжүүлж байж үлддэг аж. Тэрри Ийглтоны тодорхойлолт илүү үнэмшилтэй сонсогдож байх бөгөөд нарийн ухаж үзвээс, өнгөрсөн, одоог хамтад нь хүлээн зөвшөөрч ойлгоод, сураад шинэ цагийн өнгө аястай өөрийн донж төрх, мөн чанараа алдалгүйгээр хослуулж тасралтгүй урагшлахыг соёл гэдэг юм байна гэж ойлголоо. Яг Hu шиг, К-поп шиг. Хэрэв тийм гэж үзвэл соёлын сайдын ажил ковидын хөл хорио зөрчиж зурагтаар мөнгө цуглуулах ажил ерөөсөө биш ажээ. Тэгэхээр соёлын сайд гэдэг нь улс орны луужин баригч байсан байна шүү дээ золиг гэж!
                                                                                                                                                                           Хуульч Р.Мөнхзул
 


 

Санал болгох

Хоёр сайдын өргөдлийн үнэтэй УОК-ын фактууд

УОК-ын гаргасан шийдвэрүүд том толгойтой албан тушуултнуудыг тойрч, жирийн иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн. Тиймээс эдгээр иргэд өөрсдийнхөө төлөө бус бусдын төлөө жагсч байна.

2 өдрийн өмнө
Соёлын сайд С.Чулуундаа соёл заах нь

Соёлын сайдын ажил ковидын хөл хорио зөрчиж зурагтаар мөнгө цуглуулах ажил ерөөсөө биш ажээ

19 өдрийн өмнө
Амьдрах, өвдөх, бас үхэх эрх чөлөө

Энэ тэмдэглэлийг уншсаны дараа хөл хорионы тухай нухацтай тунгааж, Засгийн газар, Улсын Онцгой Комисст дуу хоолойгоо хүргээрэй. Монгол Улс сайнаар хэлбэл ардчилсан, муугаар хэлбэл популист төртэй учраас иргэдийн хүсэл, төрийн бодлого хоёр өндөг тахианы үлгэр шиг уялдаатай. Миний хувьд хөл хориог зөөллөх, хэсэгчлэн чөлөөлөх саналтай байна. Учрыг өгүүлэх нь:

2 сарын өмнө
Монголын хотуудад зэрэглэл, статус тогтоох асуудал

ХӨГЖЛИЙН ОРОН ЗАЙН АНАЛИЗ-СУДАЛГААНЫ ҮР ДҮНД ТУЛГУУРЛАСАН БОДЛОГЫН САНАЛ, ЗӨВЛӨМЖ

2 сарын өмнө