Энэ жил өвөлжилт хүндэрсэн нэлээдгүй аймаг бий. Эхний ээлжинд отор нүүдлээр яваа малчдад өвс тэжээлийн тусламж үзүүлэхээр болж, өнөөдөр тусламжийн цуваа хөдөлсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл өвөлжилт хүндэрсэн Баянхонгор аймаг засаг даргынхаа санаачлагаар онд ороход хүндрэлтэй байгаа төл малыг малчдаас авч бүх нийтээр тэжээх ажил эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар 6000 гаруй төл малыг 61 байгууллагын дэмжлэгтэйгээр бойжуулж байна. Ингэхдээ бууц, үртэсийг ашиглан дулаан хэвтэр, байр, саравчыг бэлтгэн, өвс тэжээлээр төл малыг тэжээж эхэлжээ.
Хүнс, хөдөө аж ахуйн газрын холбогдох мэргэжилтнүүд тэдгээр төл малыг тэжээх аргачлал, тэжээлийн норм аргазүйн зөвлөмжийг хүргэж байна.