Өмнөд Солонгост 16 сартай нярайг өргөж авсан эцэг, эх нь зодож хөнөөсөн хэрэг саяхан гарлаа. 2019 оны 6-р сарын 10-нд Жүнгин хорвоод мэндэлж удалгүй 2020 оны 1-р сард үрчлэгдсэн. Харамсалтай нь аравдугаар сарын 13-нд нас баржээ. Түүнийг эмнэлэгт авчрахад бүх бие нь хөхөрсөн, гэдэс нь цусаар дүүрсэн, эрхтнүүд нь гэмтсэн, гар, эгэмний яс нь хугарсан болох нь тогтоогдсон.
Үрчилж авсан эцэг эх нь Засгийн газраас сар бүр хүүхдийн мөнгө авдаг байжээ. Тавдугаар сараас хойш Жүнгинийг хүчирхийлсэн байж болзошгүй гэх гурван удаагийн дуудлага харьяа цагдаагийн газарт ирсэн ч өргөж авсан эцэг эхэд нь ямар нэг хариуцлага тооцолгүй, хариуцлагагүй хандсан гэж олон нийт шүүмжилж байна.
Энэ үйл явдалд Солонгос даяараа эгдүүцэж, олны танил эрхмүүд хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байна. Тухайлбал, #SorryJungin hashtag нь твиттерт тренд болж, алдартнууд инстаграмд байршуулжээ.
Мөн Солонгосын телевизийн SBS сувгийн "Хариултгүй асуултууд" нэвтрүүлэг 1-р сарын 2-нд Жүнгины үхлийн тухай нэвтрүүлгийг цацсан байна. Энэ нэвтрүүлэг цацагдсаны дараа Солонгосын Хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг Жүнгины нас барсныг дурсан санаж, Өмнөд Солонгост хүүхдийн хүчирхийллийн асуудал хурцаар яригдаж байна.
Одоогоор 231,440 хүн гарын үсэг зурж, энэ хэргийг үнэн зөв тогтоож, хэрэгтнүүдийг шийтгэхийг хүсчээ. Журмын дагуу өргөдөлд 200 мянгаас дээш хүний гарын үсэг цугласан тохиолдолд Засгийн газрын эрх бүхий байгууллагууд хариу өгөх үүрэгтэй юм байна.