Улсын Ерөнхий Прокурорын газраас мэдээлэл хийж байна. Энэ үеэр олны анхаарал татсан авилга албан тушаалтнуудын хэргийг Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат мэдээллээ.
Тэрээр "Өнгөрсөн онд шүүхээр цөөн хэдэн хэргийг шийдвэрлүүлсэн. Тухайлбал Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Салхитын мөнгөний ордтой хамааралтай Ш.Мөнгөншагай, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар бусдад шилжүүлсэнтэй холбоотой Д.Эрдэнэбат, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Б.Батзориг, Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа нарт ЖДҮХС-тай холбоотой хэрэг, мөн Н.Номтойбаярын хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Нийслэлийн Прокурорын газраас авилга албан тушаалын гэмт хэрэг, мөнгө угаах хэргүүдэд холбогдсон этгээдэд зөвхөн ял шийтгэл бус хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж улсын орлого болгох, мөрдөн шалгалтын явцад түүнийг хамгаалах чиг үүрэгт онцгойлон анхаарч ажилласан. 2020 онд 48 гэмт хэргийг шүүхээр шийдвэрлүүлж 21 тэрбум 586 сая төгрөгийг хурааж улсын орлого болгохоор шүүхийн шийдвэр гарсан байна. Тухайлбал Ерөнхий сайд асан С.Баяраас таван тэрбум 580 сая төгрөг, мөн нэг тэрбум 97 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хураахаар шийдвэрлэсэн. Мөн С.Баяртай хамт мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байсан АНУ-ын Нью-Йорк хотод байдаг 5 тэрбум 766 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг, С.Баярцогтоос 4 тэрбум 10 сая төгрөгийн үнэлгээтэй гурван үл хөдлөх хөрөнгийг, Ш.Мөнгөншагайгаас 190 сая төгрөг, 1сая 445мянган ам.долларыг, Жастын Батхүүгээс Сингапур, АНУ дахь газар үл хөдлөх хөрөнгүүдийг хурааж улсын орлого болгосон. Мөн Эрдэнэт үйлдвэр учруулсан хохирлыг барагдуулах шийдвэр гаргасан.