Үндэсний статистикийн хорооны 1212.mn хэмээх статистикийн мэдээллийн нэгдсэн сан бий. Энэ сангийн Хүн ам, өрхийн мэдээллийн сангаас нэрийн статистик харж болдог. Тухайлбал, Монгол Улсын 22 дахь аварга Ч.Санжаадамбыг 2016 оны наадмаар арслан, аварга цолыг давхар хүртдэг жил төрсөн 72 хүүхдэд Санжаадамба нэр олгосон байх жишээтэй. Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг Лондонгийн 2012 оны олимпод мөнгөн медаль хүртсэн жил төрсөн 321, дараа жил нь 295 Түвшинбаяр төрсөн бөгөөд аваргын нэртэй хөвгүүдийн тоо жилд 200 давж нэмэгдэж байгааг харж болно.
Үүн шиг төр, засгийн тэргүүн Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын амьдай нарыг шүүж үзлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгын амьдай 8099. Түүнийг Монгол Улсын төрийн тэргүүнээр сонгогдсон жил Баттулга нэртэн 138 болж, энэ нэрийн эрэлт өмнө байснаас огцом өссөн нь харагдана. Үүнээс хойш аажмаар багасч, ахмадын тэтгэвэр тэглэх санаачилга гаргаж, хэрэгжүүлсний дараа 2020 онд бага зэрэг л өсчээ. 2021 онд Баттулгын амьдай нар өсөх болов уу.

УИХ-ын дарга Г.Занданшатарын амьдай 64. Түүнийг 2016 онд УИХ-ын гишүүн, улмаар УИХ-ын дарга болж тухайн парламент Үндсэн хуулийг өөрчлөөд байхад нь дөрвөн жилд таван Занданшатар хорвоод мэндэлжээ. Занданшатар бол өвөрмөц нэр. Сүүлийн үед хүмүүс хүүхдэдээ түүхийн богино нэр өгөх болсон. Түүнийг МАН-аас ирэх зун Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших кандидат гэдэг.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн амьдай 785. Үүнээс 2016 онд МАН олонх болсноос хойш төрсөн Хүрэлсүх нар 67. Топор муужгай гэгдэн нам дотроо тэмцэл өрнүүлж, Засгийн газраа огцруулан, намын хурлаа хийж өөрөө намын дарга, Ерөнхий сайд болсон. 2020 оны сонгуульд дахин ялж өмнөх албан тушаалуудаа хашиж буй Хүрэлсүхийн амьдаа нар бага багаар тэлсээр байна.
