"Нийслэл хүүхэн" ОАУСК-ны гол дүрийн жүжигчин МУСТА жүжигчин А.Цэгмэдтэй ярилцлаа. Тэрээр анх удаа киноны гол дүрд тоглосон бөгөөд өөрийнхөө ээжийг амилуулжээ.
-Нийслэл хүүхэн ОАУСК-нд ямар дүрд тоглосон бэ?
-Нийслэл хүүхэн ОАУСК-ны Ажаа эмээгийн дүрд ажиллаа. Хоёр сар гаруйн хугацаанд натурт байрлаж ажилласан. Энэ киноны зохиолчийн хэлснээр түүний эмээ ээж нь миний тоглосон дүрийн эзэн буюу шаламгай малчин эмэгтэй байсан гэсэн. Тэгээд энэ дүрд хөгшин буурал ижийгээ бодож, бүтэн хоёр сар гаруйн хугацаанд хамт байлаа. Яагаад гэвэл миний хөгшин ээж насаараа хөдөө байж, яг л миний энэ дүр шиг шап хуп хийсэн хөдөлгөөнтэй, ажилсаг хүн байсан юм. Ямар ч байсан зохиолчийнхоо эмгэн ээж, өөрийнхөө эмгэн ээж хоёрыг энэ дүр дээр мөнхөлөхийг хичээж ажиллаа.
-Хөдөөний ахуй амьдрал, мартагдсан соёл түүхийг сэргээн сануулахыг харуулсан энэ киногооор үзэгчдэд ямар утга санааг илэрхийлэхийг зорьсон бэ?
-Улаанбаатарт байгаа хүмүүсийн дунд явган яриа байдаг шүү дээ. Чи хөдөөнийх, чи орк гээд л, бие биенээ хазгай муруй хэлдэг. Чухам Улаанбаатарт суугаад байгаа хүмүүс нь орк юмуу, эсвэл хөдөө байдаг нь орк юмуу гэдэг дээр ялгаа харагдах байх. Манай кино хөгжилтэй байдлаар жинхэнэ монгол соёл, ахуй дээрээ амьдарч байгаа жирийн иргэдийг харуулахыг зорьсон.
-Энэ кино таны анхны гол дүр гэж сонслоо?
-Би анх удаа гол дүрд тоглосон. Мөн хошин урлагийн алдартай гавьяатуудтай хамтарч ажилласан болохоор тэдний хурд хүч, мэргэжлийн талаас маш их зүйл сурлаа. Өөрийнхөө алдааг бас олж харлаа.
-Ээжийгээ бодож, мөнхлөхийг бодлоо гэсэн. Ээжийнхээ тухай яриач?
-Миний ээж 1900 онд Завхан аймгийн Завханмандал сумын Пагамдулам гэж эмгэн буурал хөгшин байсан. Би эмгэн буурал ижийгээ дагаж 12 нас хүртлээ хөдөө мал дээр байсан болохоор надад энэ кинонд тоглоход тэр ахуйтай харьцахад төвөг байгаагүй. Гэвч эмгэн буурал ээжийн минь хэлж өгсөн бүхэн энэ кинонд нүднээ харагдсан болохоор яагаад ч юм би эмгэн ижийгээ өөрийнхөө өдий насан дээрээ буцааж амилуулахыг оролдсон. Тэгээд цаашлах юм бол кинон дээр манай уран бүтээлчид намайг спортоор хичээллэдгийг минь далимдуулаад нэмэлт зураг авалтад хүртэл шахаад оруулчихсан. Би А, Б сууж тоглосон байгаа.