АНУ-ын 46 дахь удаагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол ирэх долоо хоногт болно. Энэ хүрээнд нэгдүгээр сарын 17-нд Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслол болох юм. Энэ ёслолд Сэргэлэнгийн Чингүүн хэмээх хүү илтгэл тавихаар болсноо өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрээр "Энэ ням гарагт Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслол болно. Энэхүү ёслолд оролцох урилга авсандаа баяртай байна. Үйл ажиллагааг Youtube болон Facebook хуудсаар 15:00 цагаас шууд дамжуулна" гэжээ.
С.Чингүүн АНУ-ын Никелодеон сувгийн 2019 оны All That шоунд оролцож байсан юм. Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сард Nickelodeon, Time for Kids болон Time сэтгүүлийн хамтран зохион байгуулсан 2021 оны “Оны шилдэг хүүхэд" шалгаруулах телевизийн тусгай нэвтрүүлэгт шүүгчээр оролцож байсан.