Өмнөх парламентын үед 2017 онд Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа Ш.Раднаасэд гишүүн санал гаргаж, Хууль зүйн байнгын хорооны хурал дээр Дээд шүүхийн шүүгчээр томъёолол хэлүүлэн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулиар өөрчлөх эхлэлийг тавьсан. Ингэснээр авлига, албан тушаалын олон гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааны цоорхойгоор хүчингүй болох үр тарив.
Нийгмээс ихээхэн шүүмжлэл авсан УИХ, ялангуяа МАН алдааг засах шаардлагатай болсон. Ингээд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 2019 онд Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг санаачлан, батлуулахдаа хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан авлига, албан тушаалын хэргүүдийг сэргээн шалгах зохицуулалт оруулсан. Үүнийг тухайн үед олон өмгөөлөгч эсэргүүцсэн бөгөөд ээлж дараалан Үндсэн хуулийн цэцэд хандаж, хүчингүй болгуулах гомдлоо гаргацгаасан.
Үндсэн хуулийн цэцэд очсон гомдлуудыг тус байгууллага хэлэлцэлгүй удаасан нь магадгүй улстөрийн сонирхолтой эс үйлдэл байсныг үгүйсгэхгүй. Учир нь, сүүлийн нэг жил хэлэлцсэн олигтой асуудал, ачаалалгүй байсан хэрнээ 2020 оны УИХ, орон нутгийн сонгууль өнгөрсний дараа буюу саяын арванхоёрдугаар сард л Дунд суудлын хурлаа хийв. Энэ хурлаараа Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож, бүхэлд нь түдгэлзүүлэв.
Дунд суудлын хурлыг МАН-ын бүлэг ч тэр, ХЗБХ ч тэр, УИХ ч тэр хүлээн аваагүй. Өөрөөр хэлбэл, Цэц дээрх асуудлыг Их суудлаараа хэлэлцэхээр болж байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хурлын шийдвэр их суудлын хуралдаанаар өөрчлөгдсөн тохиолдол бараг үгүй. Тэгэхээр 2017-2019 онд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын хэргүүдийг сэргээх шалгах боломжгүй болж, шалгасан бол Үндсэн хууль зөрчсөн болж таарах нь ээ.
Өнгөрсөн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг сэргээн шалгаж эхэллээ гэж мэдээлэл цацаж байсан прокурорын байгууллагаас мэдээлэл хийх үеэр Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат сэтгүүлчдэд, “Нийслэлийн прокурорын газрын хувьд энэ Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуультай холбоотойгоор шүүхэд энэ хуулийг хэрэглэж шүүхэд гэм буруутайд тооцуулсан хэрэг байхгүй гэдгийг хэлье” гэв.