БНСУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас өнөөдөр шувууны ханиадтай холбоотой мэдэгдэл хийлээ. Тус улсын хэд хэдэн бүс нутагт шувууны ханиад гарсантай холбоотойгоор 18,8 сая шувууг устгалд оруулсан байна.
Өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас хойш “H5N8” вирусийн халдварын 66 тохиолдол тус улсад бүртгэгдсэн. Халдвар илэрсэн фермээс гурван километрийн радиуст байгаа фермийн шувуудыг устгаж байна. Шувууны томуугийн тохиолдлуудын 17 нь Сөүл хотын зэргэлдээ оршдог Гёнги мужид, 14 нь Умард Жёлла мужид бүртгэгджээ.
Олон шувууг устгалд оруулсантай холбоотойгоор сүүлийн өдрүүдэд өндөг, тахианы махны үнэ огцом өссөн. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт өндөгний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 25.9 хувиар, бүрж шарсан тахианы махны үнэ 10.6 хувиар өссөн гэж яамны мэдээлэлд дурджээ.