Хоёр сайдын өргөдлийн үнэтэй УОК-ын фактууд

2
2021 оны 1 сарын 202021-01-20
Хоёр сайдын өргөдлийн үнэтэй УОК-ын фактууд

Улсын онцгой комиссын хэрэгждэггүй шийдвэрүүдээс болж иргэд бухимдаж өнөөдөр Сүхбаатарын талбайд цуглаж, жагслаа. Үүний шалтгаан нь Өргөө амаржих газарт нярайлсан эмэгтэйтэй хүнлэг бус харилцсан явдал байсангүй. Бүтэн жилийн хугацаанд өрнөсөн алдаа хийдэлтэй ажлууд, тэгш бус байдал, эргэж буцсан шийдвэрүүд олон хүний дургүйцлийг хүргэжээ.

УОК-ын гаргасан зарим шийдвэр эрх мэдэлтэй хүмүүст жирийн иргэдэд үйлчилдэг шигээ хатуу, жигд байсангүй. Тиймээс өнөөдөр урьд өмнөхөөсөө ялгаатай нь элдэв нам, улстөрийн захиалгаас гадуур, олон нийтийн өөрсдийн үүсгэл санаачилгаар эрхээ нэхсэн залуусын нэгдэл бий боллоо.

Монголд коронавирусийн анхны тохиолдол өнгөрсөн оны гуравдугаар сарын 10-нд Францийн иргэнээс илэрсэн. Үүнээс хойш бүхэл бүтэн найман сарын дараа буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд Энхсаран сувиллаас гарсан иргэн Д халдвар авсан нь тогтоогдсон. Энэ хугацаанд У.Хүрэлсүхийн Засгийн газар УИХ-ын болон орон нутгийн сонгуульд "цар тахлыг ялсан" гэх агуулгыг сурталчилгаандаа мөн ч их ашигласан даа. Өчнөөн мянган иргэний үнэн сэтгэлийн өргөл, хандив, олон зуун аж ахуйн нэгж, гадаад дотоодын донор байгууллагын хандив УОК-т цугларсан. Манай Засгийн газар өөрсдийгөө л магтаад, сайшаагаад байснаас биш хилээ хааж, аж ахуйн нэгжүүдээ халамжаар угжиж, хөл хорихоос өөр төлөвлөгөөгүй байжээ гэдэг нь олон удаагийн үйл явдлаар баталгаажиж байна.

Найман сарын хугацаанд шат шатандаа эмхлэн зохион байгуулагдаж, бүхий л арга ажиллагаагаа журамлаж, үйл ажиллагаандаа хэвшүүлэх сургуулилтаар туршаад үзэх боломжтой л байсан. Гэтэл Энхсарангаас эхлээд өдий хугацаанд тусгаарлах байр, эрүүл мэндийн байгууллагаас халдвар тархаж нийт батлагдсан тохиолдол 1568 боллоо. Бид Улсын онцгой комиссоос хэрэгжүүлсэн ажилд иргэдээс хамгийн шүүмжлэлтэй хандсан заримыг нь жагсаалаа.

Нэг.

УОК-ын шийдвэрийн дагуу коронавирусийн халдвар авсан иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлаж байгаа. Үүний хүрээнд өчигдөр шөнө дөнгөж амаржсан эхийг хүүхэдтэй нь тусгаарлах байр руу нимгэн халад, гэрийн шаахайтай нь ачив. Монголчууд нялх биетэй эмэгтэйг халуун зунаар ч салхи авахуулчих вий гэж дулаалж, бигнэдэг. Гэтэл тангараг өргөсөн эмч нар дөнгөж эхний шинжилгээгээр коронавирусийн хариу нь эерэг гарсан бүсгүйд ингэж хандсан нь олон хүний дургүйг хүргэжээ.

Хоёр.

УОК-ын шийдвэрийн дагуу коронавирусын халдвар бүртгэгдсэн аймгаас Улаанбаатар хот руу нэвтрэх иргэдээс PCR шинжилгээний хариу шаардах болсон. Гэтэл Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас тархины цус харвалт гэсэн оноштойгоор амьсгалын аппараттай ирсэн 10 настай охиныг 22-ын товчоонд гурван цаг хүлээлгэж, улмаар ЭХЭМҮТ-д аравхан настай охин амиа алдсан. Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн арванхоёрдугаар сарын 7-нд Архангайгаас ирсэн 57 настай иргэн 22-ын товчооны цаана амь насаа алдсан.

Гурав.

УОК-ын шийдвэрийн дагуу тусгаарлах хугацааг 14 хоног байсныг 21 хоног болгосон. 14 хоног байсан бол тусгаарлах байрнаасаа гараад элэгний хорт хавдартай аавтайгаа сүүлийн удаа уулзаж, тээж явсан хүүхдээ төрүүлж чадах байлаа гэж БНСУ-аас эх орондоо ирсэн бүсгүй лайваар уйлан ярьсан нь олон хүний сэтгэлийг өвтгөж байв. Энэ явдлын дараа УОК шийдвэрээ эргэн харж 14 хоног болгосон.

Дөрөв.

УОК-ийн шийдвэрийн дагуу Монгол Улс иргэдээ эх орондоо татаж авахаа арваннэгдүгээр сарын 12-ноос зогсоосон. Сонгуулийн өмнө л "Адуу хүртэл эх нутгаа зорьж давхидаг" гэж уянгалуулан ярьж байсан У.Хүрэлсүхийн үг мартагдаж, нэг л өдөр Монгол Улс гадаад дахь монголчууддаа нуруугаа харуулсан. Арваннэг, арванхоёрдугаар сарын нислэгээр Монголд ирэх тасалбар захиалсан иргэд хохирсон. Өнөө хэр нь тус тусын улсад Монголын Элчин, консулын үүдэнд арга мухардан хүлээж байна. Тавхан хоногийн өмнө БНСУ-аас ирэх байсан 35 настай иргэн нас барсныг хүмүүс мартаагүй.

Тав.

УОК-ын шийдвэрээр тогтоосон хөл хориог зөрчиж, хулгайн замаар тээвэр хийсэн автомашиныг улсын орлого болгоно гэж дарга нар мэдээлсэн. Гэвч УИХ-ын гишүүн байсан хүн хулгайн замаар Дорнодод явж байгаад баригдахад нь тээврийн хэрэгслийг нь улсын орлого болгосонгүй. УИХ-ын зарим гишүүн жирийн иргэдэд олдоггүй тусгай нислэгээр гадаад явж, бас гадаадаас ирэхэд нь мэдээллийг нь нуув. Жирийн иргэдийг 11.00 цагийн мэдээгээр улс даяар ховлодог УОК-ынхон дарга нарын болчимгүй үйлдлийг даанч их дарсан даа.

Зургаа.

УОК-ын шийдвэрийн дагуу шинэ жилийн баяр хийхийг бүх шатанд хориглолоо. Үйлийн үртэй нь УОК-ын Шуурхай штабын зарим хүн өөрсдөө шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан нь ил болсон юмдаг. Үүнээс хоржоонтой нь  Нийслэлийн онцгой комисс QR кодтой машин явуулна, явуулахгүй гэдэг шийдвэрээ гурван удаа өөрчилж мөрдүүлсэн. Өөрсдөө иргэдийг 2 метрийн зайтай байхыг сануулсан хэрнээ хувийн машиныг хориглож, нийтийн тээврийн хэрэгсэлд бөөнөөр нь чихсэн явдал цар тахлын парадокс үүсгэсэн юм.

Долоо.

УОК-ын шийдвэрийн дагуу томоохон сүлжээ дэлгүүрүүд л энэ хугацаанд мөнгө эргэлдүүлэв. Хувиараа бизнес эрхэлдэг, ТҮЦ ажиллуулан өдрийн орлогоороо амьдардаг олон өрх Монголд бий. Тэдний орлого тасалдаж, харин хүчтэй, нөлөөтэй, ардаа улстөрчтэй томоохон дэлгүүрүүд хэвийн ажилласан. Том дэлгүүрүүд баярын өдрүүдэд битүү хүнтэй, халдвар хамгааллын дэглэм тэнд олигтой мөрдөгдөөгүйг нийгмийн сүлжээнд өчнөөн нийтлэгдсэн зургаас харж болно. Хэдхэн монопольд боломж олгож, өдрийн орлогоороо амь зуудаг бизнесийнхнээ ад үзсэн бодлогогүй алхам нь олон хүнд шударга бус санагдсан биз ээ.

Цар тахлын үед нийгэм, эдийн засгийг зохицуулах хууль баталж, нийгэмд хатуу хяналт, хариуцлага тогтоохдоо өөрсдийнх нь үгийг дагаагүй иргэн, аж ахуйн нэгжийг торгож, шийтгэх хатуу механизмын араа одоо ч ажилласаар байна. Дүлий төр өдийг хүртэл чих зөөлөн иргэддээ тоомжиргүй хандаж, энэ хүртэл тэвчээрийн хязгаарт нь тулсан нь өнөөдрийн жагсаалаас илэрнэ. Зориг гаргаж цугласан залуус урьд өмнө Төв талбайд тавилга болтлоо нүдлэгдсэн төлбөртэй жагсаалчдаас өөр байв. Тэд улстөржсөнгүй, уралцаж хэрэлдсэнгүй, Төрийн ордон тойрч гороолсонгүй, хууль сахиулагчидтай сөргөлдсөнгүй. Зорилгоо биелүүлж, үгээ хэлж, үзэл бодлоо хуваалцав. Тайван жагсаалын дундуур танил улстөрчид ирж, тэдний өнөөдрийн цуглааныг улстөрдөө ашиглахыг оролдсон хэдий ч талаар болсон гэж дүгнэнэ. Учир нь, улстөрчдийн танил дүр, тавилттай акциас иргэд аль хэдийнэ уйдсан нь илт. Өнөөдрийн жагсаал зорилгодоо хүрч Шадар сайд Я.Содбаатар хариуцлагаа хүлээн огцрох өргөдлөө өгөв. Салбараа менежмэнтээр хангаж чадаагүй Т.Мөнхсайхан өргөдлөө өгснөө хэвлэлийнхэнд хэллээ. Гэхдээ асуудал дуусаагүй, өнөөдрийн албан тушаалд хэн томилогдох, хэн дарга байхаас үл шалтгаалж, нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр нь өөрчлөгдөхгүй байх нь утгагүй. Өнөөдөр цугласан залуус УОК-ыг ажлаа сайжруулж, мэдрэмжтэй, хүнлэг, ончтой шийдвэр, шийдэл гаргаж ажиллахыг тухай бүрт нь шаардана гэдэгт итгэнэ.

Санал болгох

ТУЛГА тойрсон: Нийслэлийн "Гуниг"

Нийслэлд эхлүүлээд хаягдаж байгаа, эхэлчхээд дуусч өгдөггүй, эхлүүлэх зөвшөөрөлгүй эхлүүлсэн, эхлүүлэх бодолтой ч ерөөсөө эхлүүлдэггүй гээд олон “Гуниг”-тай ажлууд байдаг.

6 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: Цаг цагаараа байдаггүй...

Хөөгдлөө гээд хэн ч гайхсангүй. Их юм хэлж өгөх аниргүй байдал...

11 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: Намрын "ХИТ" боксын холбоо

Товчхондоо энэ долоо хоног Боксын холбооны долоо хоног байлаа.

12 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: "БИЕЭ" даагсад

Өмнөх хоёр цуврал бичвэртээ намаас нэр дэвшиж байгаа 6 нэр дэвшигчийн талаар бичсэн бол энэ удаад “БИЕЭ” даан нэр дэвшиж байгаа 3 нэр дэвшигчийг онцлолоо.

14 өдрийн өмнө