Сүхбаатарын талбайд цугласан залуусын эсэргүүцлийн үр дүнд өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар огцрох өргөдлөө өглөө. Өнгөрсөн хугацаанд Улсын онцгой комиссоос хэрэгжүүлсэн арга хэмжээ иргэдийн бухимдлыг төрүүлснээс гадна өчигдөр дөнгөж төрсөн эмэгтэйтэй хүнлэг бус харилцсан явдал нийгмийн шүүмжийг дагуулсан.
Я.Содбаатарын хувьд энэ удаагийнх Засгийн газрын гишүүнээс огцрох хоёр дахь өргөдөл нь болж байна.
Тэрээр 2019 оны нэгдүгээр сард Зам тээврийн сайдын ажлаасаа огцрох өргөдлөө өгч, УИХ түүнийг хоёрдугаар сарын 1-нд чөлөөлж байв. Тэрээр эхнэрийнх нь “Эпато анарваан” компани ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсныг хүлээж, УИХ-ын чуулган дээр уучлал гуйсан.
Харин энэ удаад ажлын хариуцлага алдсанаа хүлээж огцрох өргөдлөө Ерөнхий сайдад өгсөн тухайгаа мэдээлэв. Засгийн газрын тухай хуульд зааснаар Я.Содбаатарын огцрох хүсэлтийг Ерөнхий сайд хүлээж авсан бол УИХ, Ерөнхийлөгчид танилцуулна. Ингээд бүрэн эрхийнхээ хүрээнд огцруулах захирамжаа гаргах хуультай.
Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлд, "Засгийн газрын гишүүн өөрийн эрхэлсэн асуудлын хүрээний бодлогын асуудлаар Ерөнхий сайдтай, эсхүл гишүүдийн олонхитой санал зөрсөн зэргээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад хэдийд ч гаргаж болно" гэж заажээ.